"Монгол Улсын эдийн засаг 2.8 хувиар өснө" гэв
Монгол Улсын эдийн засгийн өсөлт оны эхний хагас жилийн дүнгээр өмнөх оны мөн үеэс саарсан үзүүлэлттэй гарч магадгүй гэж шинжээчид таамаглалаа. “Bloomberg”-ээс явуулсан асуулгад оролцсон шинжээчид дотоодын нийт бүтээгдэхүүн дунджаар 2.8 хувиар өснө гэж үзжээ. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад өсөлт 0.2 нэгж хувиар, өмнөх буюу I улирлын дүнгээс 0.3 нэгж хувиар саарсан үзүүлэлт болох юм. Эдийн засгийн идэвхжил бүхэлдээ буурч, ажилгүйдлийн түвшин өссөн дүр зурагтай байгаа нь дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт саарах гол шалтгаан болно гэж шинжээчид харж байна. Мөн төгрөгийн ханш суларч, төсвийн алдагдал нэмэгдсэнтэй зэрэгцээд өрийн дарамт өсч байгааг дурджээ. Үүнээс гадна чанаргүй зээлийн хэмжээ өсч байгаа нь эдийн засагт системийн эрсдэл үүсэх нөхцөлийг нэмэгдүүлж байгааг анхааруулсан байна. Түүнчлэн эдийн засагт богино хугацааны дэмжлэг үзүүлэх хэд хэдэн нөлөөллийг шинжээчид онцолсон. Тухайлбал өндөр хүлээлт үүсгээд байгаа “Оюу Толгой” төслийн хоёр дахь шатны бүтээн байгуулалтын ажилтай холбоотойгоор дотогш чиглэх хөрөнгийн урсгал сайжирч магадгүй байна. Мөн Төв банк бодлогын хүүг бууруулсан болон гадаад худалдааны нөхцөл талд зарим эерэг өөрчлөлтүүд гарна гэж таамаглажээ. Энэ онд олон улсын байгууллагууд Монгол Улсын эдийн засгийн өсөлтийн төлөв таамгаа огцом бууруулаад байгаа юм. Дэлхийн банк Монгол Улсын эдийн засгийн өсөлт нэг хувиас доошилж, оны эцэст 0.8 орчим хувь байна гэж харж байгаа бол Олон Улсын Валютын Сан үүнээс хоёр дахин бага хурдаар эдийн засаг өснө гэж үзжээ. Харин Азийн Хөгжлийн банк хамгийн тааруу буюу Монгол Улсын эдийн засагт 0.1 хувийн өсөлт гарна гэж таамаглаад байна.