Монгол Улс 4 сарын импортын хэрэгцээг хангах валютын нөөцтэй
Төлбөрийн тэнцэлтэй холбоотойгоор валютын захад оролцогчдын хүлээлт өөрчлөгдсөнөөс шалтгаалан гадаад валютын эрэлт нэмэгдэж, төгрөгийн ам.доллартай харьцах ханш өнгөрсөн сард 6.1 хувиар суларчээ.
Тодруулбал өнгөрсөн зургаадугаар сарын 30-ны байдлаар ам.доллар 1982.25 төгрөгтэй тэнцэж оны эхнээс 0.7 хувиар чангарав. Монголбанкнаас зарласан төгрөгийн ам.доллартай харьцах ханш долдугаар сарын 28-ны байдлаар 2068.43 төгрөгтэй тэнцсэн нь оны эхнээс 3.6 хувиар, өмнөх оны мөн үеэс 4.3 хувиар тус тус суларсан үзүүлэлттэй гарлаа. Богино хугацаанд төгрөгийн гадаад валюттай харьцах ханш ийнхүү хэлбэлзсэн ч дунд хугацаанд ханшийн хандлагыг тайлбарлах гол суурь болох төлбөрийн тэнцэл 2016 онд алдагдалгүй гарахаар төсөөлөгдөж байна.
Нөгөө талаар эдийн засгийн тэнцвэрийг хангах төсөв, мөнгө, өрийн удирдлагын нэгдсэн бодлого-хөтөлбөрийг УИХ-аар батлуулан хэрэгжүүлэх шаардлагатай бөгөөд эдгээрийн үр дүнд эдийн засгийн хүндрэлтэй байдлаас гарах, валютын зах илүү тогтвортой болох нөхцөл бүрдэнэ гэж мэргэжилтнүүд дүгнэжээ.
Өнөөдрийн байдлаар валютын нийт нөөц 1.27 тэрбум ам доллартай тэнцэж байна. Энэ нь Монгол Улсын 4 сарын импортын хэрэгцээг хангах хэмжээ юм. Олон улсын стандарт хэмжээ валютын нөөц 3 сараас доошгүй импортын хэрэгцээг хангахаар тогтоосон байдаг. Монголбанкнаас богино хугацааны эрэлт, нийлүүлэлтийн зөрүүнээс үүссэн ханшийн огцом хэлбэлзлийг зөөлрүүлэх зорилгоор валютын захад тухай бүр оролцож байгаа. Энэ чиглэлийг үргэлжлүүлэн баримтлахаа Төвбанк мэдэгдлээ.