Тавантолгойн тас хар хувь заяа

2016 оны 6 сарын 08

Өнгөрсөн долоо хоногт Япон улсад ажлын айлчлал хийсэн УИХ-ын дарга З.Энхболд “Чингис хаан” нисэх онгоцны буудалд хөл тавингуутаа мэдээлэл хийж, Тавантолгойг япончуудтай хамтран ашиглахаар болсон тухай дуулгав. УИХ-ын даргын мэдээлэл үнэндээ шинэ биш, Засгийн газраас зарласан Тавантолгойн хөрөнгө оруулагчийн тендерт ялагчдын нэг нь  Японы “Сумитома” байсан юм.  Чухамдаа Тавантолгойг эргэлтэд оруулах  Монголын гол зорилго нь газрын доор байгаа нүүрсээ нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн болгож  дэлхийн зах зээлд гаргах явдал байлаа.  Далайд гарцгүй, Орос, Хятад гэсэн их гүрнээр хүрээлэгдсэн Монголын хувьд гурав дахь зах зээлд гарахын тулд хөл хэрэгтэй. Тэрхүү хөл нь  Монголын нүүрсийг дэлхийн зах зээлд хүргэх эскпортын буюу нүүрсний төмөр зам юм.  Харамсалтай нь, төмөр зам тойрсон улстөрчдийн хэрүүл томорсоор Тавантолгойн ордыг чөдөрлөж,  дэлхийн хамгийн сайн чанарын коксжих нүүрс маань үнс болох нь холгүй байгаа. Одоогоос жил гараны өмнө буюу  2015 оны нэгдүгээр сард Шийдлийн Засгийн газраас ард иргэдийн дунд хоёр асуудлаар санал асуулга явуулснаас дийлэнх олонхи буюу 56,1 хувь нь “Тавантолгой, Оюутолгой болон газрын доорх баялгаа эргэлтэд оруулах замаар эдийн засгийн хямралаас гарах” нэгдүгээр замыг сонгож байлаа. Гэвч тэр өдрөөс хойш улс төрд олон олон үйл явдал өрнөж, тэр хэрээр Тавантолгойг эдийн засгийн эргэлтэд оруулах  Засгийн газрын төлөвлөгөө бүхэлдээ бүтэлгүйтэж, зарим нэг улстөрчид гадаадын хөрөнгө оруулалтыг гацаасандаа баяртай байгаагаа бахархалтайгаар мэдэгдэж байв. Эндээс харахад ард түмэн хичнээн хүсээд ч улстөрчийн хувийн эрх ашигт нийцээгүй л бол улс орны эдийн засагт нэн чухал төсөл байлаа ч урагшаа явдаггүй юм байна  гэсэн дүгнэлт хийж болно.

Тавантолгойг эргэлтэд оруулах нь Засгийн газрын бодлого гэхээсээ эдийн засгийн шахалт, шаардлага байв. Дэлхийн эрчим хүчний гол, ганц том зах зээлийн хажууханд орших газар зүйн боломж, газрын доорх асар их нөөцтэй нүүрсээ ашиглаад эдийн засгийн үсрэнгүй хөгжилд хүрэх нь Монголын нэн эртний мөрөөдөл байсан. Лав л сүүлийн арван жил Монголын үе, үеийн Засгийн газар Тавантолгойг эргэлтэд оруулах ажлыг гол зорилгоо болгож ирсэн ч хувийнхаа эрх ашгийн төлөө улайран эсэргүүцэх улстөрчдийн хэрүүл, тэмцэлд ялагдаж байв. Уг ордыг өнөөдрийг хүртэл ашигласан ч юмгүй, ашиглаагүй ч юмгүй ёстой “өөх ч биш, булчирхай ч биш” болгочихсон нь худлаа биш.

Тавантолгой Монголын ард түмний өмч мөн үү мөн. Хэн ч биш гэж хэлээгүй. Өмчөө эргэлтэд оруулах уу, үгүй юу гэдгийг Засгийн газар иргэдээсээ асууж, олонх нь буюу 56.1 нь Тавантолгойг ашиглах нь зөвөө гэсэн хариултыг өгсөн. Мөн Монгол улсын Ерөнхийлөгч ч  Тавантолгой ордыг эдийн засгийн эргэлтэд оруулахыг дэмжиж байсан. Дэмжээд зогсохгүй томоохон төслүүдээ урагшлуулахад улстөрчид багахан шиг саад, тээг болоорой гэж сануулж байсан. Гэтэл хувийн эрх ашгаа бодсон улайрсан улстөржилтөд автан улс орноороо таг сууж байна бид.

Уг асуудлаар явуулсан санал асуулгын үр дүнг харахад  иргэд одоо ч Тавантолгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулахыг дэмжсэн хэвээр байгаа юм.  Тухайлбал, Тавантолгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах нь зөв үү ? гэдэг асуудлаар “News агентлаг” санал асуулга явуулахад оролцогчдын  83.1 нь  дэмжиж байгаагаа илэрхийлсэн. Trends.mn сайтаас  өнгөрсөн жил явуулсан “Тавантолгойн ордыг ашиглах гэрээг УИХ-аар оруулж хэлэлцүүлэх нь зөв үү?” гэх санал асуулгад  мөн 75 хувь нь  Засгийн газрын түвшинд  Тавантолгойн хувь заяаг шийдэхийг дэмжихээ илэрхийлжээ.  

Олон нийт Тавантолгойг эдийн засгийн эргэлтэд оруулж, улс орны хөгжлийн хөшүүрэг болгохыг өдгөө ч хүсч байна. Гэхдээ УИХ гэхээсээ илүү УИХ дахь хэсэг бүлэг хүмүүсийн явуулгаар Тавантолгойн мега төсөл нуран унаж, хэлсэн ярьсандаа байж чаддаггүй Монголын төртэй хэлэлцээ хийхээс хөрөнгө оруулагчид бэргэсээр байгаа билээ. Удахгүй халаагаа өгөх гэж байгаа УИХ-ын даргын Японы айлчлалын дараа хэлсэн үг энэ удаа хэр бодитой байж, Тавантолгойн хувь заяанд хэрхэн нөлөөлөхийг хэлэхэд үнэхээр хэцүү байна.

 Нүүрсээ зарж мөнгөтэй болно гэж арван жил мөрөөдсөн монголчууд “Бухын доодохыг харсан үнэг яана” гэгч болсоор л.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
34421
0 эможи
keyboard_arrow_up