Эдийн засгийн салбарын хүрээнд ХЭН, ЮУ хэлэв

2016 оны 5 сарын 17

Эдийн засгийн салбарын хүрээнд өнгөрсөн 7 хоногт ХЭН, ЮУ хэлсэн талаар хүргэж байна.

 

УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл: Өрхийн орлогыг нэмэгдүүлэх ажлыг хэрэгжүүлвэл эдийн засаг аяндаа сэргэнэ

Өнгөрсөн оны эцсээр нийт бүртгүүлсэн аж ахуйн нэгжийн 50 орчим хувь нь үйл ажиллагаагаа зогсоосон. Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар төлдөг 75 мянган аж ахуйн нэгжийн 34 мянга нь чагтан бланс өгсөн нь судалгаанаас харагдаж байна. Шуудхан хэлэхэд, чагтан бланс гэдэг нь үйл ажиллагаа явуулаагүй л гэсэн үг шүү дээ. Тэгсэн атлаа тэд албан секторт татвар төлөгчөөр бүртгүүлчихсэн байдаг. Өөрөөр хэлбэл, орлого байхгүйн улмаас бизнес нь олигтой явагдахгүй байна гэсэн үг. Дээр нь ар гэрээ тэжээх, өөрт болон өрөөл бусдад ажлын байр бий болгох зорилготой маш олон хүн байна. Манайд үйл ажиллагаа явуулж байгаа нийт аж ахуйн нэгжийн 80 орчим хувь нь 1-9 ажилтантай байдаг.

Миний санаагаар бол Төвбанк, төр нийлж банк бус санхүүгийн байгууллагуудад бөөний зээл олгох. Ингэхдээ дөрвөн хувийн хүүтэй ч юм уу, ямартай ч бага хүүтэй зээлийг олгох хэрэгтэй юм. Харин зээл авсан тэд өөрсдийнхөө боломж, бололцоогоо бодоод 8-10 хувийн хүүтэй зээл олгож болно. Хэрэв ингэвэл өнөөх 150 банк бус санхүүгийн байгууллага чинь арилжааны банкуудтай өрсөлдөж эхэлнэ. Өрсөлдөөн бий болоод ирэхээр бүх зүйл аяндаа болно. Энэ бол их зөв хандлага юм. Үүнийг чинь л бизнес эрхлэгчид яриад байна шүү дээ. Тэгээд ч өөдлөх айл үүднээсээ гэдэг биз дээ. Төрийн зүгээс өрхүүдийнхээ бодит орлогыг нэмэгдүүлсэн ажлыг хийх ёстой. Ийм л зүйлийг төр санаачилж хийгээд байхад эдийн засаг аяндаа сэргэнэ. Түүнээс биш хэдэн толгойгоо гээд л том, том зүйл ярих биш юм.

//Өглөөний сонин, 2016.05.11, Лхагва гараг, 88/2349// http://morningnews.mn/modules.php?name=News&file=article&sid=25651/

Монголын банкны холбооны гүйцэтгэх захирал Ж.Үнэнбат: Эдийн засгийн бодит байдлын тусгал болж чанаргүй зээл өссөөр байна

-Бодит эдийн засаг, санхүүгийн систем хоёр нэг зоосны хоёр тал гэдгийг  шууд хэлэх ёстой. Өөрөөр хэлбэл, бодит эдийн засаг ямар  байдалтай байгаа нь шууд болон тодорхой хугацааны дараа санхүүгийн салбарт илэрч байгаа юм. Түүнээс биш санхүүгийн салбарт тусдаа тасраад явчихсан зүйл байхгүй. Бодит эдийн засгаас  олсон орлогоо хүмүүс банкинд хадгалуулж, үүнийг нь бизнесийнхэн гол төлөв богино хугацаатай зээл болгон авч байгаа. Урт хугацаатай зээлийг арилжааны банкууд олгох боломж байдаггүй. Тиймээс Төв банк, Хөгжлийн банк гэх мэт байгууллагууд олон улсын байгууллагаар авсан хөнгөлттэй зээлээр урт хугацаатай санхүүжилт олгодог. Банкуудад хадгаламж эзэмшигчийн санхүүгийн найдвартай байдал хамгийн чухал зүйл. Тиймээс банкууд дунджаар 15 орчми хувийн хүүтэй авсан хадгаламж дээр өртгөө нэмээд компаниудад зээл олгож байгаа. Өнөөдрийн манай санхүүгийн системийн бодит байдал ийм л байна. Төвбанк, Засгийн газар, Олон улсын санхүүгийн байгууллагуудын оролцоотойгоор банкны зээл хүүг бууруулах арга хэмжээ авч байна. Гэхдээ энэ нь зах зээлээс гажсан зүйл.

Сүүлийн гурван сарын турш банкуудын актив, зээлийн хэмжээ огт өсөөгүй. Зээл жил бүр 50 хувиар өсдөг байсан үе одоо мартагдсан. Яагаад гэхээр 2008 оны хямралын дараа эдийн засгийн өндөр өсөлт гарсан. Энэ нь манай экспортын голлох ашигт малтмалын ханш өссөнөөс шууд хамараалтай байсныг бид мэдэж байгаа. Тухайн үед Монгол Улсын эдийн засаг сэргэж, хүмүүс нь ч орлоготой болж, банкны салбар өндөр өсөлттэй гарч байсан. Ирээдүйд ашигт малтмалын үнэ өсөх байх гэсэн хүлээлттэйгээр төр төлөвлөлтөө хийсэн нь одоо алдаа болж байна.

/http://www.zuvsongolt.mn/page/newsmore/1671/

Монгол банкны Ерөнхий эдийн засагч бөгөөд Судалгаа, статистикийн газрын захирал С.Болд: Макро эдийн засгийн шинэ тэнцвэрийг хангах хэрэгтэй байна

Зээлийг нэмэгдүүлэх гэхээсээ өмнө макро эдийн засгийн нийт тэнцвэрийг хангах шаардлагатай байна. Хэрэв эдийн засгийн нийт тэнцвэрээ хангасан орчинд хувийн секторын зээлийг нэмэгдүүлье гэвэл хамгийн түрүүнд дотоодын үйлдвэрлэл, хуримтлал, экспортыг нэмэгдүүлэх зээлийг өсгөх, энэ төрлийн зээлийн хүү буурах орчныг бүрдүүлэх учиртай. Түүнээс биш эдийн засгийн гадаад тэнцвэрт сөргөөр нөлөөлдөг хэрэглээний зээлийг урамшуулах бодлогыг Төв банк баримтлахгүй. Банкнаас хувийн хэвшилд олгох зээл нь дотоодод үйлдвэрлэл, ажлын байрууд бий болгож, тэдний үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүн нь экспортод гарч байгаа бол маш сайн. Ийм төрлийн зээлийн хүүг цаашид түлхүү бууруулах, зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх бодлогыг мөнгөний бодлогын хүрээндээ Төв банк дэмжиж ажиллана. Макро эдийн засгийн шинэ тэнцвэрийг бүрэн утгаар нь хангах хэрэгтэй байна. Нам, тогтвортой инфляцийг хадгалсан орчинд эдийн засагт валютын орох урсгалыг нэмэгдүүлж гадаад тэнцвэртэй байдлыг хангах, улсын төсвийн тэнцлийг алдагдалгүй байлгах замаар хувийн хэвшлийн зээл, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх боломж буюу орон зайг тэлэх, мөн Засгийн газрын өрийн удирдлагыг сайжруулах арга хэмжээнүүд үүнд цогцоороо хамаарна. Ингэж эдийн засгийн шинэ тэнцвэрийг хангахын сацуу эдийн засгийн бүтцийг олон тулгууртай зохистой болгох, хуримтлалд суурилсан тогтвортой өсөлтийн загварыг хэрэгжүүлэх боломжийг энэ цаг үе өгч байна. Энэ боломжийг алдахгүй урагшлах гэдэг нь үндсэн сорилт юм. Улс төрийн болон эдийн засгийн институцийн тогтвортой хөгжлийг хангах, төлөвшүүлэх асуудал энд мэдээж чухал л даа. 

/http://www.news.mn/r/302907/

Эдийн засагч, дэд профессор Ж.Дэлгэрсайхан: Эдийн засгийн эерэг үзүүлэлтэд баярлах хэрэггүй

Өнгөрсөн хугацаанд эдийн засаг тодорхой хугацаанд маш  огцом өссөнийг бид мэднэ. Гэвч энэ өсөлт хүчтэй  саарлаа. Энэ оны эцэс гэхэд эдийн засгийн өсөлттэй гарах эсэх нь тун эргэлзээтэй байна. Ядуурал, ажилгүйдэл, иргэдийн орлого зэрэг эдийн засгийн суурь үзүүлэлтүүд данда сөрөг тал руугаа явчихсан. Саяхан зарласан статистикийн байгууллагын мэдээгээр ч бидний бодол батлагдаж байна. Өмнө нь иргэдийн орлого зардалтайгаа харьцуулахад 10-20 мянган төгрөгөөр илүү байв. Одоо орлого нь зардлаа гүйцэхээ болилоо. Инфляци бага түвшинд, гадаад худалдааны тэнцэл эерэг байгаа нь үнэн. Гэвч үүнийг Монгол Улсын хувьд сайн үзүүлэлт гэж харахгүй байна. Учир нь гадаад худалдааны тэнцэл буурсан нь импорт, экспорт багасч байгааг харуулна. Ерөнхийдөө эдийн засаг агшаад байна. Ялангуяа, нефть бүтээгдэхүүний импорт буурсан. Энэ нь эдийн засгийн гол хөдөлгүүр суларч байгааг харуулж буй үзүүлэлт юм. Тиймээс эерэг гэж үзээд байгаа үзүүлэлтэд баярлах зүйл алга. Ер нь Монголын эдийн засаг доод түвшиндээ их ойртсон нөхцөл байдалд хүрлээ. Зарим хүний хэлээд байгаа шиг Монгол Улс бодит хөрсөндөө буучихлаа гэдэг үгтэй огтхон ч санал нийлэхгүй. Өнөөдөр ийм нөхцөл байдалд улс орныг хүргэчихээд энэ бол бодит байдал гэж хэлэх нь маш харамсалтай. Боломжуудаа алдсан, буруу бодлогын улмаас бид ийм нөхцөл байдалд хүрлээ.

Улс төрийн тойм, 2016.05.16, Даваа, 90/1530/

Судлаач Жеймс Робинсонэ: Улс төрийн бүтцийг хүртээмжтэй болгосон цагт эдийн засаг өсдөг

Мөнгө тараана гэдэг улстөрчдийн хувьд сонгуулийн оноо авах нэг хувилбар байдаг. Сонгогчдод мөнгө тараахын оронд төрийн үйлчилгээнд мөнгө зарцуулна гэж хэлбэр бүр ойлгуулахад бэрх тул энэ замыг сонгодог. Гэхдээ эдийн засгийн хувьд хамгийн оновчгүй, үр дүнгүй хувилбар гэдэг нь тодорхой. Улс төрийн бүтцийг хүртээмжтэй болгосон цагт эдийн засаг өсдөг.

/Үндэсний шуудан, 2016.05.16, Даваа гараг, 097/2538//

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
33355
0 эможи
keyboard_arrow_up