ДНБ I улиралд 3.1 хувиар өсөв

2016 оны 5 сарын 16

Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүн I улиралд, 2010 оны зэрэгцүүлсэн үнээр өнгөрсөн оны мөн үеэс 3.1 хувиар өссөн гэж Улсын Бүртгэл, Статистикийн Ерөнхий Газраас мэдээллээ. Энэ нь “Bloomberg”-ийн судалгаанд оролцсон шинжээчдийн дундаж таамгаас 2.1 хувиар өссөн дүн болсон байна. Өсөлт таамгаас ийнхүү өндөр гарахад эдийн засгийн гол салбар болох уул уурхайн салбарын үйл ажиллагаа идэвхжсэнтэй холбоотой ажээ. I улиралд уул уурхайгаас гадна өсөлтөөрөө тэргүүлсэн салбар бол барилгын салбар байв. ASEM-ийг угтсан бүтээн байгуулалттай холбоотойгоор барилгын салбар 27.5 хувиар өссөн гэж Улсын Бүртгэл, Статистикийн Ерөнхий Газар онцоллоо. Статистик мэдээллээс өмнө “Bloomberg”-ээс шинжээчдийн дунд санал асуулга явуулсан бөгөөд зарим шинжээчид өнгөрсөн улиралд барилгын салбар агшсан байж магадгүй гэсэн байр суурийг илэрхийлж байсан юм. Харин дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт 1 хувьтай гарна гэж харж байлаа. Эдийн засагчдын хувьд он гарсаар бодлогын хүүг бууруулсан нь мөнгөний нийлүүлэлтэд эерэгээр нөлөөлж улмаар эдийн засгийн өсөлтөд нөлөөлнө гэж үзсэн байна. Мөн төсвийн алдагдал нэмэгдэж байгаа нь дотоодын нийт бүтээгдэхүүний эхний улирлын гүйцэтгэлд сөргөөр нөлөөлнө гэж харсан байгаа юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
33276
0 эможи
keyboard_arrow_up