“Сүү” компани I улиралд 10 тэрбум 6 сая төгрөгийн бүтээгдэхүүн борлуулжээ
“Сүү” хувьцаат компани оны эхний улиралд 10 тэрбум 6 сая төгрөгийн бүтээгдэхүүний борлуулалт хийсэн байна. Ингэснээр тус компани I улиралд 118.5 сая төгрөгийн ашигтай ажиллажээ. “Сүү” компанийн удирдлага одоогоос гурван жилийн хугацаанд борлуулалтаа хоёр дахин өсгөх боломжтой гэж харж байгаагаа мэдээлсэн юм. 2014 онд тус компани борлуулалтын хэмжээгээ биет дүнгээр 5 хувиар нэмэгдүүлсэн бол 2015 онд биет дүнгээрээ 1 хувиар өсгөсөн байдаг. 2015 онд “Сүү” компани нийт 38.9 тэрбум төгрөгийн борлуулалтын орлоготой ажиллаж, 557.1 сая төгрөгийн цэвэр ашиг олсон байна. Үүнтэй харьцуулахад энэ оны эхний улиралд өнгөрсөн жилийн нийт борлуулалтын дөрөвний нэгийг хийгээд байна. “Сүү” компани оны эхний улиралд үйлдвэрлэлдээ шинээр “Финпак” савлагааг нэвтрүүлээд байгаа бөгөөд ингэснээр “Шинэ сүү” брэндийн бүтээгдэхүүнийг зах зээлд танилцуулснаас гадна бүтээгдэхүүнээ хямд савлагаатай хүргэх болсноороо давуу талтай гэдгийг marketinfo.mn цахим хуудаст онцолсон байна. “Финпак” төрлийн савлагаа түгээмэл ашиглагддаг Тетрапак болон Пюрпак савлагаанаас 4-8 дахин хямд ажээ. “Сүү” компани өмнө нь 2015 оны 10 дугаар сард “Миний Монголын сүү” бүтээгдэхүүний үнийг нэгж тутамд 200 төгрөгөөр бууруулж байсан юм. Үүнээс гадна “Сүү” компани өнөөдрийн байдлаар 46.1 тэрбум төгрөгийн үнэлгээтэй бол нэгж хувьцааны сүүлийн хаалтын ханш нь 139 мянган төгрөг болжээ.