Япон, Монгол хоёр орны эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн үеэр ХЭН, ЮУ хэлэв

2016 оны 5 сарын 10

Дэлхий даяар эдийн засгийн хямралд хөл алдаж буй энэ үед Япон, Монгол хоёр орны эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр хийгдэж, ирэх сарын 7-ноос хөнгөлөлттэй тарифаар харилцан бүтээгдэхүүн импортлохоор болов.

 

Ирэх сарын 7-ноос хэрэгжиж эхлэх эл хэлэлцээрт зааснаар манай талаас 5.700 нэр төрлийн бараа бүтээгдэхүүн Японы зах зээлд экспортлох эрхтэй болж байгаа бөгөөд импорт, гаалийн татвараас чөлөөлөгдөх юм. Тухайлбал, сүлжмэл эдлэлд ногдуулдаг 10-14 хувийн татвар, арьс, ширэн эдлэлийн 20 хувийн татвар тэглэгдэж байна. Ингэснээр манай бизнес эрхлэгчид Японы зах зээлд үндэсний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнээ хөнгөлөлттэй үнээр нийлүүлэх боломж бүрдэж байна.

Харин Япон талаас манайд экспортлох 9.300 нэр төрлийн бараа бүтээгдэхүүн байгаа бөгөөд мөн дээр дурдсанчлан импорт, гаалийн татвараас чөлөөлөгдөж буй юм. Тэгвэл энэ эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн үеэр ХЭН, ЮУ хэлсэн талаар хүргэж байна.

Гадаад хэргийн яамны Эдийн засгийн хамтын ажиллагааны газрын дэд дарга А.Ариунаа: Хэлэлцээрийн эцсийн үр шимийг хүртэгч нь үйлдвэрлэгчид

Япон улстай байгуулж буй Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн эцсийн үр шимийг хүртэгч нь манай үйлдвэрлэгчид. Уг хэлэлцээрийг хүчин төгөлдөр болгохтой холбогдуулж хоёр улсын Гадаад хэргийн яам хооронд Улаанбаатар хотноо бичиг солилцсон. Үүний дагуу ирэх 7-ны өдрөөс Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр хүчин төгөлдөр болно. Хэлэлцээрийг дагаад хэрэгжүүлэх хэлэлцээр гэж гарна. Энэ хэлэлцээрт бид сайн анхаарах ёстой. Хоёр тал хамтын ажиллагааны хэлбэрээ хэрэгжүүлэх хэлэлцээрт заасан байгаа. Тэгэхээр энэ хэлэлцээрийг бүрэн ашиглах тал дээр манай үйлдвэрлэгчид МҮХАҮТ болон холбоодоороо дамжуулж төрийн байгууллагатай ойр, уялдаа холбоотой ажиллах хэрэгтэй байна. /http://www.assa.mn/content/37837.shtml?a=economy/

 

Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын удирдах зөвлөлийн дарга, ерөнхийлөгч Б.Лхагважав: Бизнес, эрх зүйн орчны бэлтгэл хангагдсан

Монголын бизнес эрхлэгчдэд маш чухал үүд хаалга нээгдэх гэж байна. Түншлэлийн хүрээнд дотоодын аж ахуйн нэгжүүд олон улсын зах зээлд гарах гүүр бий болж байгаа. Танхимын зүгээс Засгийн газартайгаа хамтарч хөрөнгө оруулалт, технологи, ноу хау орж ирэх таатай орчныг бүрдүүлэхээр зорин ажиллаж байна. Энэ хүрээнд Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хууль гарч, өнөөдрийн байдлаар Монголын 33 мянган компани 34 их наяд төгрөгтэй тэнцэх ажил, үйлчилгээг ил болгосон. Санхүү татварын тайлан нь шинэ болсон. Бизнес, эрхзүйн орчны бэлтгэл хангагдсан. Тэгэхээр бид Японы компаниудтай ижил дүрмээр тоглох боломжтой гэсэн үг. Манай татварын орчин эрс сайжирч байгааг дуулгая. Хоёр тал харилцан ашигтай хамтын ажиллагааг бий болгохын төлөө ажиллана гэж бодож байна.  

/Засгийн газрын мэдээ 2016.05.10 103/381/ хуу11/

Монголын жимс, жимсгэний холбооны тэргүүн Д.Насанжаргал: Экологийн цэвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд анхаарах хэрэгтэй

Хэлэлцээр батлагдаж, удахгүй хэрэгжих болсонд ихээхэн олзуурхаж байна. Эдийн засгийн түншлэлийн энэхүү хэлэлцээр нь хувийн хэвшлийнхэнд томоохон боломж олгоно. Тэр утгаараа хүлээлт өндөр байна. Монгол орны хөдөө аж ахуйн салбараас нэлээд олон төрлийн бүтээгдэхүүнийг Японд экспортолно. Бидний хувьд тоо хэмжээгээр тэр том зах зээлийг хангах боломж хязгаарлагдмал. Хамгийн гол нь чанартаа бид анхаарах ёстой. Өндөр технологийн аргаар боловсруулсан, өндөр чанартай, органик, экологийн цэвэр бүтээгдэхүүнийг тус зах зээлд нийлүүлж байж бид амжилтанд хүрнэ. Бидний хувьд түүхий эдийнхээ нөөцийг нэмэгдүүлэх чиглэлд ажиллах шаардлага бий. /Засгийн газрын мэдээ 2016.05.10 103/381/ хуу11/

 

 “Цэс хайрхан” компанийн гүйцэтгэх захирал Б.Энхжаргал: Татвараас чөлөөлөгдөх юм байна гэж ойлгож байна

 Манай компани нийт 18 нэр төрлийн жимсний бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Японы зах зээлд чацарганаар хийсэн бүтээгдэхүүн болон хуш модны самрыг боловсруулж идээг нь экспортолж байна. Нэг тонноос бага хэмжээтэйг онгоцоор тээвэрлэж байгаа. Их хэмжээгээр гаргах гэхээр тээвэрлэлтийн хугацаа, зардал гээд хүндрэл гардаг учраас ойр ойрхон бага хэмжээгээр экспорт хийж байна. Туршлага дутуу тал байгааг үгүйсгэхгүй. Хөрөнгө мөнгөний асуудлаас болоод үйлдвэрлэлийн шат дамжлага удааширдаг, бэрхшээл тулгардаг. Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн үр дүнд ирэх сараас бүтээгдэхүүнээ экспортод гаргахаар татвараас чөлөөлөгдөх юм байна гэж ойлгож байгаа. /Засгийн газрын мэдээ 2016.05.10 103/381/ хуу11/

Монгол дахь “Тоёота” корпорацын салбар “Санко” группийн захирал Т.Шимизү: Жижиг дунд үйлдвэр эрхлэгчдийг бодлогоор дэмжих хэрэгтэй

Манай компани машины эд анги үйлдвэрлээд 64 жил болж байна. Энэ хугацаанд үйлчилгээгээ өргөжүүлж, гадаад зах зээлд нэвтрүүлсний нэг нь Монгол Улс. 2005 оноос Монголд үйл ажиллагаа явуулж эхэлсээр өдгөө гурван ч компани “Тоёота” корпорацын үйлдвэрлэдэг автомашины эд ангиудыг Монголд үйлдвэрлэж байна. Эдийн засгийн түншлэлийн тухай Монгол, Япон улс хоорондын хэлэлцээр нь зөвхөн худалдаа гэлтгүй хүн хоорондын харилцааны асуудлыг хөндөж буйгаараа онцлогтой. Энэ хэлэлцээрийг хэрэгжүүлэхэд хоёр улсын хувийн хэвшлийнхний хамтын ажиллагаа чухал. Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид томоохон аж ахуй нэгжүүдээс богино хугацаанд шийдвэр гаргаж, хөрвөх чадвартай байдгаараа давуу талтай. Миний хувьд бодлогоор жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих хэрэгтэй гэж боддог. Банкны зээлийн хүүг уян хатан болгох, бизнес эрхлэгчдээ сургах, чадваржуулж, гадаадын туршлагыг судласнаар жижиг, дунд үйлдвэрлэл өсч өндийнө, өргөжих боломжтой.

/Ардчилал, 2016.05.10, 088/2435/ хуу3/

“Рояал плаза” компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Д.Дагвадорж: Амласандаа хүрч, итгэл дааж эрүүл, чанартай бүтээгдэхүүн нийлүүлэх хэрэгтэй

Эдийн засгийн энэ түншлэл япончуудад гэхээс илүү монголчуудад илүү үр өгөөжтэй гэж харж байна. Тиймдээ ч манай талаас нэг удаагийн бус урт хугацааны өгөөж авах бүтээгдэхүүн үйлдвэрлэж, нийлүүлэх нь чухал. Бид сайн, чанартай бүтээгдэхүүн нийлүүлж чадвал зөвхөн Японоор хязгаарлагдахгүй, Хятад, зүүн өмнөд Ази руу экспортлож эдийн засгаа өндийлгөх боломжтой. Монгол оронд Японы Хоккайда аралтай адил уур амьсгалтай газар бий. Тиймдээ ч манай компани цагаан будаа тариалахаар ажиллаж байна. Энэ жил Халхголд 2400 га-д тариалалт хийлээ. Мөн хүйн эхэсээр гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэхээр лабораторын судалгаа хийж байна. Энэ мэт Япон төдийгүй гуравдагч зах зээлт нэвтрүүлэх боломжтой бүтээгдэхүүн үйлдвэрлэл эрхлэх асар их боломж байна. Гагцхүү тээвэрлэлтийн асуудал л яригдаж байна. Дорнодоос Оросоор дамжуулан Япон руу бүтээгдэхүүн гаргахаар болсон. Цаг хугацаа алдаж байгаа ч эрсдэлгүй бизнес гэж юу байх билээ. Тиймээс тээвэрлэлтийн асуудлыг шийдэх нь чухал. Хамгийн чухал нь бид амласандаа хүрч, итгэл дааж эрүүл, чанартай бүтээгдэхүүн нийлүүлэх хэрэгтэй.

/Ардчилал,  2016.05.10 088/2435/ хуу3/

“Эс си” интернейшнл ХХК-ийн захирал Б.Соронзонболд: Самрын тос дэлхийд танигдсан брэнд болох боломжтой

Манай компани 2008 оноос самрын тос үйлдвэрлэж Европын холбооны орнуудад экспортлохоор ажиллаж эхэлсэн. Хуш модны самарын хувьд зөвхөн Монгол, Орост ургадагаараа онцлогтой жимс. Тиймдээ ч энэ төрлийн түүхий эд, бүтээгдэхүүн эрэлт ихтэй байдаг. Би саяхан сонссон юм, нэг япон эрдэмтэн манай самрыг 30 жил судалсан юм билээ. Одоо энэ судалгааны ажлыг хүү нь өвлөн авч, үргэлжлүүлж байна. Самар, самрын тосны анагаах чадвар, түүнд агуулагддаг амин дэм, уураг гээд бүх л талаас нь нарийн судалж үзээд цэвэр байгалийн гаралтай эмчилгээ, гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэлд хамгийн тохиромжтой жимс гэж тогтоосон байна. Ингээд харвал зөвхөн самараас олж болох үр өгөөжийг тоочоод барахгүй болов уу. Цаашлаад монгол самрын тос дэлхий дахинд танигдсан брэнд болох боломжтой. Япон, Монгол хоёр орны хооронд эдийн засгийн түншлэлийн гэрээ байгуулж, бизнес эрхлэгчдэд таатай орчин бүрдүүлж өгч байгаа нь зах зээлд хөлөө олох гэж буй жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд хамгийн том дэм болж байна гэж харж байна.

/http://www.assa.mn/content/37837.shtml?a=economy/

 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
32970
0 эможи
keyboard_arrow_up