Эдийн засгийн түншлэлийн тухай Монгол, Япон улс хоорондын хэлэлцээр ирэх сараас хүчин төгөлдөр болно

2016 оны 5 сарын 10

Эдийн засгийн түншлэлийн тухай Монгол Улс, Япон улс хоорондын хэлэлцээр /ЕРА/ хүчин төгөлдөр болгохтой холбогдуулан хоёр улсын Гадаад хэргийн яам хооронд Улаанбаатар хотноо ноот бичиг солилцов. Үүний дагуу ноот бичиг солилцсоноос хойш 30 хоногийн дараа буюу ирэх зургадугаар сарын 7-ны өдрөөс хэлэлцээр хүчин төгөлдөр болох юм. Хэлэлцээрийн хүрээнд компаниуд шууд Японы зах зээлд гарах боломжтойгоос гадна бүтээгдэхүүний нийлүүлэлт хийснээр Азийн сүлжээнд дамжин шууд нэвтрэх боломжтой болж байна. Хэлэлцээрт заасны дагуу 127 сая хүн амтай Японы зах зээлд Монголын талаас 5700 бараа, бүтээгдэхүүн, Японы талаас 9300 орчим төрлийн бараа, бүтээгдэхүүнийг импортын гаалийн татвараас чөлөөлөх юм. Хамгийн гол нь бизнес эрхлэгчид Японы зах зээлд Монголын гаралтай бүтээгдэхүүнийг нийлүүлэх ёстой буюу аливаа өөр орны бүтээгдэхүүн Монголоор дамжин хэлэлцээрийн хүрээнд Японыг зорих боломжгүй. Тиймээс Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимаас (МҮХАҮТ) холбогдох Гарал үүслийн гэрчилгээг авч, заавал баталгаажуулсан байх ерөнхий шаардлага тавьж байна. Үүнээс гадна Гадаад Хэргийн яамнаас мэдээлснээр Монголын аж ахуйн нэгж нь Японы талтай нэгээс дээш жилийн хугацаатай гэрээ байгуулсан тохиолдолд 1, 3, 5 жилийн урт хугацаат виз олгож байх зохицуулалтаар дэмжинэ. Мөн худалдааг хөнгөвчлөх үүднээс тухайн барааны Лабораторийн гэрчилгээг шууд хүлээн зөвшөөрөх замаар экспорт/импорт хийхээр тохирчээ. Одоогоор Монголын талаас Японы зах зээлд чацаргана, жимс жимсгэнэ, самар самрын тос, давс, ноос ноолуур, дулааны аргаар боловсруулсан мах, арьс ширэн эдлэл, будаа, гүүний эхэсийн бэлдмэл зэргийг нэн тэргүүнд гаргах боломжтой гэж үзэж байна. Хэлэлцээр хэрэгжиж эхэлснээр автомашины импортын тарифыг тэглэхээр болж байгаа юм. Гэхдээ зөвхөн 0-3 жил ашигласан автомашины импортын тариф "тэглэгдэж", 4-6 жилийн насжилттай автомашины татвар шат дараатайгаар буурна. Харин 10-аас дээш жил ашиглагдсан өндөр насжилттай машины импортын татвар чөлөөлөгдөхгүй байхаар тохирчээ. Тиймд Монголоос олгож байгаа хөнгөлөлттэй тэнцэх хувь хэмжээгээр Япон машины үнэ дотоодод хямдрах боломжтой юм байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
32958
0 эможи
keyboard_arrow_up