Нягтлан бодох бүртгэл олон улсын жишигт нийцэв

2016 оны 5 сарын 05

Хуулийн нэр: Нягтлан бодох бүртгэлийн тухай

Санаачлагч: Засгийн газар

Өргөн барьсан он.сар.өдөр:

Батлагдсан он.сар.өдөр: 2015.06.19

Хүчин төгөлдөр мөрдөж эхэлсэн он.сар.өдөр: 2016.01.01

Хуулийн бүтэц: 6 бүлэг 28 зүйлтэй

Аж ахуйн нэгж, байгууллага хэмжээ болон өмчийн хэлбэрээсээ хамаарч санхүүгийн тайлагналын олон улсын, жижиг, дунд, аж ахуйн нэгж байгууллагын санхүүгийн тайлагналын олон улсын стандарт, улсын секторын гэсэн санхүүгийн тайлагналын гурван түвшний стандартыг мөрдөнө.

Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй тохиолдолд нягтлан бодох бүртгэлийг монгол хэлээр хөтлөх бөгөөд гүйлгээгээ үндэсний мөнгөн тэмдэгтээр бүртгэж, тайлагнана. Холбогдох төрийн байгууллагатай зөвшилцсөн тохиолдолд ажил үйлчилгээгээ гадаад валютаар бүртгэж болно, гэхдээ тайлангийн үзүүлэлтээ төгрөгөөр илэрхийлэх ёстой. Тухайн компани охин компаниудтай бол санхүүгийн нэгтгэсэн тайлан гаргана. Охин компани нь охин компанитай, тэдгээр нь охин компанитай гэх мэтээр шаталсан бүтэцтэй бол дээд шатны толгой компани нь нэгтгэсэн тайлан гаргана. Хэрэв дээд шатны толгой компани гадаадад бүртгэлтэй бол Монгол Улсад бүртгэлтэй охин компаниудын хамгийн том нь завсрын нэгтгэсэн санхүүгийн тайлан гаргах байдлаар зохион байгуулна.

ААН, байгууллага санхүүгийн тайлангаа хуульд заасан хугацаанд цахим хэлбэрээр хүргүүлэх бөгөөд гүйцэтгэх удирдлага, эсхүл ерөнхий нягтлан бодогч цахим гарын үсэг зурж баталгаажуулна. Ингэж баталгаажсан санхүүгийн тайланд үндэслэж холбогдох байгууллагаас татвар, шимтгэл, хураамжийн тооцоо хийнэ. Санхүүгийн тайланг цахим хэлбэрээр хүлээн авсан байгууллага тэрхүү тайлан мэдээллийг статистик судалгааны зорилгоор боловсруулан ашиглаж болно. ААН, байгууллага нь зөвхөн аудитаар баталгаажсан санхүүгийн тайланг аудитын дүгнэлтийн хамт өөрийн цахим хуудсанд байршуулж олонд дэлгэнэ.  

Нягтлан бодох бүртгэлийн талаар Засгийн Газрын зарим чиг үүргийг Мэргэшсэн нягтлан бодогчдын  Институт гэсэн төрийн бус байгууллага хариуцаж хэрэгжүүлнэ. Институт нь мэргэшсэн нягтлан бодогчийн эрх олгох, мэргэшил дээшлүүлэх сургалт зохион байгуулах, мэргэжлийн ёс зүйн дүрэм батлах, нягтлан бодох бүртгэл, аудитын олон улсын стандарт орчуулах, үндэсний стандарт боловсруулах, тайлбар, зөвлөмж, арга зүйн удирдлага, зөвлөгөө мэдээллээр хангах зэрэг ажлыг хариуцна. Түүнээс гадна мэргэжлийн стандарт, ёс зүйн дүрмийг зөрчсөн аудиторын мэргэшсэн нягтлан бодогчийн эрхийг хүчингүй болгох эрхийг Институтэд өгчээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
32691
0 эможи
keyboard_arrow_up