Импортын татварыг нэмэгдүүлснээр 280 тэрбум төгрөгийн гадагшлах урсгалыг дотооддоо үлдээнэ
Ирэх сараас эхлэн 4 бүлгийн 28 зүйлийн 100 гаруй нэр төрлийн барааны гаалийн албан татварын хувь хэмжээ 5-20 хүртэлх хувиар нэмэгдэнэ. Тухайлбал сүү, сүүн бүтээгдэхүүний импортын татвар бараг гурав дахин, ноосон эдлэлийнх хоёр дахин, төмс хүнсний ногоо, тавилгын импортын татвар дөрөв дахин нэмэгдэхээр байна. Импортын татварыг нэмэгдүүлснээр дотоодын 2000 гаруй үйлдвэрлэгчийн бизнесийг хамгаалж, 280 орчим тэрбум төгрөгийн гадагшлах урсгалыг дотооддоо үлдээх боломжтой болно гэж салбарын яам үзэж байна. Зөвхөн сүү, сүүн бүтээгдэхүүнээр жишээ авахад өнгөрсөн онд 28 сая ам.долларын хуурай сүү, цөцгий, бяслаг зэргийг импортолсон байна. Харин дотоодын үйлдвэрүүдийн хүчин чадал хүн амын хэрэгцээнээс хоёр дахин ихийг үйлдвэрлэх түвшинд хүрээд байгаа ажээ. Өнгөрсөн оны долдугаар сард энэ төрлийн тарифын зохицуулалтыг цемент, зөгийн бал зэрэг таван төрлийн импортын бүтээгдэхүүнд хийсэн юм. Үүний үр дүнд хамгийн багаар бодоход 82.5 тэрбум төгрөгийн гадагшлах урсгалыг зогсоож, эдийн засагт 3.2 тэрбум төгрөг оруулсан гэх тооцооллыг салбарын гаргаад байна. Тавилгын импортын татварыг дөрөв дахин нэмэгдүүлснээр 5500 метр куб хавтангийн импортыг хязгаарлаж, энэ хэрээр дотоодын хавтангийн үйлдвэр өргөжих боломжтой болох юм. Одоогийн байдлаар жилд 12 мянган шоо метр хавтан үйлдвэрлэх хүчин чадалтай нэг үйлдвэр, 500 шоо метр хавтан үйлдвэрлэдэг 10 гаруй үйлдвэр үйл ажиллагаагаа явуулж байгаа ажээ. Эдгээр үйлдвэрүүд дотоодынхоо хэрэгцээг бүрэн хангаад зогсохгүй цаашид 10 гаруй тэрбум төгрөгийн хавтан экспортлох боломжтой болно гэж үзэж байна. Хэдий тийм боловч тавилгын импортыг нэмэгдүүлсэн ч буйдангийн импортын татварыг хэвээр үлдээсэнд сэтгэл дундуур байгаагаа үйлдвэрлэгчид илэрхийлжээ.