Эдийн засгийн салбарын хүрээнд ХЭН, ЮУ хэлэв
Өнгөрсөн долоо хоногт Эдийн засгийн салбарт ХЭН, ЮУ хэлсэн талаар Энх-Арслан ХХК-ийн өдөр тутмын мониторингоос бэлтгэн хүргэж байна.
УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа: Эдийн засгийг богино хугацаанд унагаж чаддагаа эрх баригчид харууллаа
Ирэх онд 580 сая ам.доллар, 2018 онд дахиад 500 сая ам.доллар төлнө гээд явахаар хүүгийн төлбөр, үндсэн зээлийн төлбөрт бид жилд бараг хоёр тэрбум ам.доллар буюу дөрвөн их наяд, өөрөөр хэлбэл төсвийнхөө 60 гаруй хувийг өгнө гэсэн зураглал харагдаж байгаа. Тэгэхээр энэ бол улс төржих сэдэв огт биш.
Үүнийг бид улс төрөөс ангид авч үзэх ёстой. Ард иргэддээ ямар ч байсан хүргэж, ойлгууллаа. Монгол Улс дааж, давахгүй өрөнд оржээ гэдгийг хүлээн зөвшөөрүүлж чадлаа. Тиймээс цаашид яах вэ гэдгийг улс төрийн намууд дотооддоо сайтар ярилцах ёстой. Ямар арга замаар энэ их өрөөс гарах вэ гэдгийг өөрсдийн тооцооллоор мөрийн хөтөлбөртөө тусгах байдлаар арга ухаанаа уралдуулах шаардлагатай. Мэдээж хоёрхон сарын дараа болох сонгуулийн дараа ялж гарч ирээд л тэр их өрийг дараад л бужигнуулаад, эдийн засгаа өсгөчихнө гэж худлаа ярих улс төрийн хүчин одоо байхгүй. Ийм үлгэрт итгэх ард иргэд ч байхгүй. Зөвхөн ямар нам зөв бодлого явуулах нь вэ, тэр нь ард түмний амьдралд хэрхэн үр өгөөжөө өгөх вэ, цаашид эдийн засгаа алгуурхан ч атугай өөд нь татах бодлого чухал байх болов уу. Манай намын хөтөлбөрт суулгахаар төлөвлөсөн зүйлүүд бол бий. Мэдээж тооцоо, судалгаа, нарийн холбоосууд нэлээд байгаа.
http://morningnews.mn/modules.php?name=News&file=article&sid=25445
Монгол Улсын Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мөнхбат: 425 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт 15 жил эргэлдэнэ
425 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт бол эдийн засагт 15 жил эргэлдэх хөрөнгө оруулалт. Ингээд тооцвол бид эдгээр замд зарцуулсан санхүүжилтээ дунджаар 10 жил, зургаан сарын хугацаанд эдийн засагтаа буцаагаад авна. Зам бүр өөр өөр хугацаатай. Тухайлбал, Хөвсгөлийн зам өөрийн өртгөө зургаан жилийн дотор нөхөөд дуусгана. Гэтэл эдгээр замыг санхүүжүүлсэн хөрөнгө нь 10 жи- лийн хугацаатай “Чингис” бондын эх үүсвэр. Өрөөр хэлбэл, “Чингис” бондыг бид 10 жил ашиглачихаад, дараа нь нэг л өдөр төлнө шүү дээ. Харин энэ үр өгөөжийг бид зам тавиад, машин түүгээр явж эхэлсэн өдрөөс эхлэн секунд бүрт хүртэнэ. Өөрөөр хэлбэл, “Чингис” бондын хөрөнгийг авто замын салбарт оруулах нь эдийн засагт шууд болон шууд бус үр нөлөө ихээс гадна бондыг эргүүлэн төлөхөд хангалттай үр өгөөжийг эдийн засагт өгөх нь харагдаж байна.
http://www.news.mn/r/241030.htm
Эдийн засагч Н.Энхбаяр: Одоо улс төрчид дуугаа татаж, мэргэжлийнхэн ажлаа хийх хэрэгтэй
Өр зээл эдийн засгийн хүрээнээс халиад улс төрийн асуудал болох гэж байна. Өрийн тоог гаргадаг албан ёсны байгууллага бий. Статистикийн газар, Сангийн яам, Монгол банк шүү дээ. Гаргаж байгаа тоон дээрээ ярих ёстой. Түүнээс биш тоо нь буруу байна гэж үзвэл Монгол банк, Статистикийн газартай л ярьж таарах байх. Шийдэл рүүгээ явах ёстой. Харамсалтай нь түүхий эдийн үнэ унаж байгаа, манай валютын нөөц багасч байгаа үед өрийн эргэн төлөлт яригдах гэж байна. Засгийн газар "Чингис" бондоо авахдаа манайд цаана нь “Оюутолгой”, “Тавантолгой” гэсэн том төслүүд байгаа гэж сурталчилж байгаад авсан. Эдийн засгийн өсөлт 11 хувьтай байна гэж ярьж байгаад авсан. Яг төлөх хугацаа тулаад ирэхээр бидний ярьж байсан бүх зүйл эсрэгээрээ явсан. Үндсэндээ хүнээс зээл авчихаад, төлөх хугацаа нь тулсан үед очоод ярих гэхээр бидний ярьж байсан зүйл бүгдээрээ үлгэр болчихсон байна. Одоо байдал нэгэнт хүндэрсэн болохоор олон улсын жишгээр төлбөрийн хугацаа болохоос өмнө очоод хэлцэл хийх хэрэгтэй болоод байна. Бидэнд өрөө төлөх боломж муудлаа, гадаад зах зээл хямарлаа, түүхий эдийн үнэ уналаа. Ийм байгаа учраас өр төлөх хугацаагаа тодорхой хэмжээгээр хойшлуулая гэдэг хэлцлийг л хамгийн түрүүнд хийх ёстой. Тэгэхгүй бол энэ их хэмжээний өр зээлийг төлөх боломж бидэнд байхгүй. Төллөө ч гэсэн бүх валютынхаа нөөцийг гөвөх хэрэг гарна. Хэрвээ ингэж валютын нөөцөө шавхах юм бол валютын ханш юу болох вэ, гадаад төлбөр тооцоогоо хийж чадах уу, үгүй юу гээд тэрнээс хүнд асуудал руу орох гэж байна. Улс төрчид нь одоо дуугаа жинхэнээсээ татдаг юмуу яадаг юм, мэргэжлийн хүмүүс нь өрөө яах талаар дуугарах ёстой. Харамсалтай нь Сангийн яам, Монгол банк огт дуугарахгүй байна.
МУИС-ийн Бизнесийн сургуулийн докторант, эрсдэлийн шинжээч Ч.Анхбаяр: Эдийн засгийн салбаруудаа идэвхжүүлж, валютын нөөцөө зузаатгах хэрэгтэй
Манай улсын эдийн засгийг энэ онд 0.1, 0.6 хувиар өснө гэж Азийн хөгжлийн банк, Дэлхийн банк таамаглаад байгаа. Монголбанк интервенц хийх замаар ханшийн хэт өсөлтийг тогтоогоод л байна. Үүнд дэмжлэг болгож төсвийн алдагдлаа ДНБ-ий таван хувиас хэтрүүлж болохгүй. Гадаад орнуудаас авсан зээл валютын нөөцийг шууд нэмэгдүүлэх тул ам.долларын урсгалыг дотооддоо хадгалж үлдэх нь туйлын чухал. Урсгал тэнцлийн тэнцвэр хангагдсан үед Монголбанкны мөнгөний бодлогын дэмжлэг чухал байгаа. Эдгээрт анхаарчихвал валютын ханшийг тогтворжуулах боломжтой гэж харж байна.
/Өнөөдөр, 2016.04.18 /089 /5782///
Үндэсний шуудан сонины Сэтгүүлч: Эдийн засаг саармагжиж байна, гэхдээ өснө
Төсвийн алдагдлыг бууруулах, гадаад өрийг оновчтой төвшинд барих, мөнгөний бодлого үнийн тогтвортой байдлыг хангах, гадаад валютын нөөцийг шаардлагатай төвшинд байлгаж сөрөг нөлөөлөг бууруулахад чиглэх хэрэгтэйг Дэлхийн банкныхан зөвлөсөн. Монгол Улсын эдийн засгийг 2018 онд 6.2 хувиар өснө гэдэг үндэслэлийг тодорхой тусгаагүй ч 2018 онд Оюутолгойн уурхай бүрэн хүчин чадлаараа ажиллах эхлэхтэй холбон тайлбарлаж болох юм.
/Үндэсний шуудан 2016.04./18 /2518///