Улсын нэгдсэн төсвийн тэнцэл 615.7 тэрбум төгрөгийн алдагдалтай гарлаа
Энэ оны эхний улиралд улсын нэгдсэн төсвийн нийт тэнцэл 615.7 тэрбум төгрөгийн алдагдалтай гарсан талаар Сангийн яамнаас мэдээллээ. Оны эхний гурван сард төсвийн орлого бүрдэлт зарлагын төлөвлөгөөнөөс давж биелснээр алдагдал батлагдсан төсвөөс бага байжээ. Гэхдээ таваарын ханшийн уналт, татварын суурь багассан зэргээс үүдэн орлого бүрдэлт хангалтгүй байсан байна. Тухайлбал тэнцвэржүүлсэн орлогын бүрдүүлэлт 88.3 хувьтай биелж, нэг их наяд төгрөгт хүрчээ. Үүнээс 88 хувийг зөвхөн татварын орлого бүрдүүлсэн байна. Импортын барааны НӨАТ, импортын гаалийн татварын орлого болон төсөвт байгууллагуудын орлого тасарснаас шалтгаалан татварын орлого бүрдүүлэлт муудаж байгаагаас гадна, тайлант хугацаанд НӨАТ-ын буцаан олголтоор 10.9 тэрбум төгрөг олгожээ. Мөн хугацаанд улсын төсвөөс 1.7 их наяд төгрөгийн зарцуулалт хийсэн нь төлөвлөгөөний 73.8 хувьтай дүйцэж байна. I улиралд Засгийн газрын урт хугацаат бондын үндсэн төлбөрт 330 орчим тэрбум төгрөг төлсөн бол гадаадын төсөл хөтөлбөрийн 630 орчим тэрбум төгрөгийн зээл авч, Засгийн газрын урт болон богино хугацааны 530 гаруй тэрбум төгрөгийн бонд гаргажээ.