Ц.Баярсайхан: Зээлийн хүүг бууруулна
Барилга хот байгуулалтын сайд Ц.Баярсайхантай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Өнгөрсөн онд барилгын салбарт хийсэн хамгийн том ажил бол орон сууцны зээлийн хүүг найман хувь болгон бууруулсан явдал. Энэ хөтөлбөр хүрээгээ тэлж малчид болон амины орон сууц барьж байгаа иргэдэд боломж олгоно гэсэн үг үү?
- Засгийн газраас хөнгөлөлттэй орон сууцны зээл буюу найман хувийн хүүтэй орон сууцны зээлийг хэрэгжүүлсэн. Энэ хүрээнд 17 мянга 105 иргэн орон сууцны зээлээ найман хувийн зээлд шилжүүлсэн бол 14 мянга 685 иргэн шинээр найман хувийн зээлээр орон сууцны зээлд хамрагдаж, нийт 31 мянга 700 иргэн орон сууцтай болсон. 2013 онд гэхэд 20 мянга 232 шинэ орон сууц ашиглалтад орсон гэж бүртгэгдсэн байна. Энэ хөтөлбөр урт хугацааны хөтөлбөр гэж ойлгох хэрэгтэй. 2014 онд ч найман хувийн хүүтэй зээл хэрэгжиж, цаашид үргэлжилнэ гэсэн үг. Мөн Засгийн газраас найман хувийн зээлд малчдыг хамруулах, амины орон сууц барьсан иргэдийг зээлд хамруулах зэрэг зарим өөрчлөлтүүдийг хийхээр төлөвлөөд байна.
-Малчдыг орон сууцны зээлд хамруулна гэсэн. Энэ нь хэзээнээс хэрэгжих үү. Байр авах хүсэлтэй малчид ямар шалгуур хангасан байх ёстой вэ?
-Ер нь бол найман хувийн хүүтэй зээлд бүх иргэд хамрагдах боломжтой. Ялангуяа хөдөө орон нутагт баригдаж байгаа орон сууцнаас зээл авах хүсэлт ихээр ирсэн. Энэ асуудлаар Монголбанкнаас тодруулахад арилжааны банкуудтай ярилцаад , журамдаа тодорхой өөрчлөлтийг оруулаад шийдэх боломжтой гэсэн тайлбарыг өгсөн. Мал аж ахуй үйлдвэрлэл нь улирлын хамааралтай орлого олдог. Гэхдээ бид моргейжийн зээлээ ямар нэгэн зээл хүсэгчийн санхүүгийн бололцоонд тааруулж өөрчлөх нь төвөгтэй байдаг. Яагаад гэвэл олон улсын хэмжээнд хэрэгждэг тогтолцоо юм. Малчид орлого олсон үедээ мөнгөө хадгаламждаа байршуулаад, хадгаламжаасаа зээлээ төлөөд байх боломжтой гэж үзэж байгаа. Ер нь бол хамрагдах бололцоо, нөхцөлийг судлах шаардлагатай байгаа. Мөн найман хувийн зээлд амины орон сууцыг хамруулахаар яригдаж байгаа. Малчид үүнд хамрагдах боломжтой. Тодруулбал, өвөлжөө, хаваржаандаа байшин барьж байгаа малчин олон байдаг. Тиймээс малчид амины орон сууцны зээлд хамрагдах боломжтой. Орон нутгаас нийслэлийг зорих нүүдлийг багасгах зорилгоор хөдөөнийхнийг найман хувийн зээлд хамрагдуулахын тулд ялгавартай зээлийн журам гаргах санал ирсэн. Үүнийг бас судалж байгаа. Ер нь бол моргейжийн зээлд урьдчилгаа төлбөрийг бууруулах нь эрсдэл дагуулдаг учраас хүүний хувьд хөдөлгөх бололцоо байгаа эсэхийг судалж байна. Ялангуяа залуу гэр бүл, зорилтот бүлэгт чиглэж зээлийн хүүг бууруулах талаар Засгийн газраас ойрын хугацаанд шийдвэр гаргана.
-Залуу гэр бүл болон зорилтот бүлэгт чиглэсэн хүүг өөрчлөх талаар судалж байгаа юм байна. Урьдчилгааны хувьд буурах, өөрчлөлт оруулах уу?
-Тодорхой зорилтот бүлэгт зориулж жилийн хүүг бууруулах, зарим нэг хөнгөлөлт үзүүлж болно. Гэхдээ энэ хөнгөлөлтийг Засгийн газар даах уу гэдэг бэрхшээлтэй асуудал болоод байна. Анх удаа байр авч байгаа залуу гэр бүл, зорилтот бүлгийнхэнд тодорхой хөнгөлөлт үзүүлэх талаар санал ирж байгаа. Урьдчилгаа хувийг нь төр даах гэх мэтчилэн. АНх удаа байр авч байгаа залуус болон зорилтот бүлгийнхэнд зориулж иймэрхүү дэмжлэгийг төрөөс үзүүлбэл ямар вэ гэдгийг ярилцаж байна. Гэхдээ эхлээд зээлийн хөнгөлөлтийн эрсдлийг хэрхэн зохицуулах вэ гэдгийг судлах ёстой. Харин урьдчилгаа төлбөрийг бууруулах нь эрсдэл дагуулдаг.
-Амины орон сууцыг найман хувийн зээлд хамруулна гэсэн. Дэд бүтцэд холбогдсон газар шинээр орон сууц барихад зээл олгох юм уу, дэд бүтцэд холбогдсон амины орон сууцтай иргэд хамрагдах уу?
-Одоогийн ярьж байгаа хувилбараар амины орон сууц барих гэж байгаа иргэдэд зээл өгөөд барилгаа барьж дууссаны дараа найман хувийн зээлд шилжүүлэх хувилбарыг илүү гэж үзэж байгаа. 1985 оны үед Амины орон сууцын зээл гэж 15 мянган төгрөгийн зээл өгч байсан. Энэ мөнгөөр зарим аймагт боссон хороолол байгаа. Тухайн үед барилгын материалыг хуучны Материал хангамжийн төвөөс өгчихдөг, өөрсдөө барьж болдог, эсвэл хүмүүсээр бариулдаг байсан. Тэгээд барилга бэлэн болсны дараа зээл нь өөр дээр нь бичигдээд явдаг байсан. Сүүлд 1990 онд энэ нь зээл биш болж хувирсан. Үүнийг л сэргээе гэж байгаа юм. Жишээлбэл, гэр хорооллыг барилгажуулахын тулд дахин төлөвлөлт дээр барилгын компаниуд оролцож, газрын орон сууцаар сольж байгаа. Үүний зэрэгцээ Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороонд баригдаж байгаа шинэ хот төсөл шиг өөрийнхөө өмчилж авсан газар дээр барилга барих боломж нь иргэдэд нээлттэй байгаа юм. Бид бол инженерийн шугам, сүлжээнд холбож өгөх ёстой. Нийслэлийн хэмжээнд нийт таван байршил шинэ хот төслийг хэрэгжүүлэх буюу гэр хорооллын иргэдийг амины орон сууцжуулах хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Тухайлбал, Баянзүрх дүүрэг дээр НҮБ-ын Хапитат гэж байгууллагатай хамтран ажиллаж байна. Яамны зүгээс хотын захиргаатай хамтран хөрөнгийг нь хот, улсын төсвөөс гаргахаас гадна иргэд ч өөрсдөө оролцож байна.
-Амины орон сууц бариад зээлд хамрагдъя гэвэл хязгаартай байх уу?
-Тухайн орон сууцны хэмжээ нь 80 метр квадратаас ихгүй байна гэж заасныг талбайн хэмжээгээр хязгаарлалт хийх бодлого барихгүй байна гэж бодож байна. Найман хувийн хүүтэй зээл авах иргэдэд 80 метр квадратаас доош гэж заасныг өөрчлөх талаар яригдаж байгаа. Өөрөөр хэлбэл, зээл авч байгаа иргэн зээлээрээ хязгаарлагдаж байгаа учраас заавал барилгын хэмжээг заах шаардлагагүй гэж үзэж байгаа. Мөн амины орон сууц худалдах авах иргэдэд зээлд хамрагдах боломж нээж өгөх бөгөөд дэд бүтэц холбогдсон газар амины орон сууц барихаар төлөвлөж байгаа айл өрхүүдэд зээлийн тусламж үзүүлэхээр судалгааг хийж байна.
-2014 онд нийслэл, орон нутагт хэдэн орон сууц ашиглалтад орох вэ?
-Барилгын хөгжлийн төвийн харьяанд “Барилгын үндэсний ассоциаци” төрийн бус байгууллага, мэргэжлийн байгууллагуудтай хамтран Улаанбаатарт нийт хэдэн орон сууц ашиглалтад орох, орон сууцын эрэлт ямар байгаа, иргэд ямар орон сууцанд орохыг хүсч байгаа талаархи судалгааг хийж байна. Энэ судалгааны дүн гарсны дараа тодорхой дүн гарна. 2013 онд 20232 орон сууц шинээр эд хөрөнгийн бүртгэлд бүртгүүлсэн. Ирэх жил 35 мянган орон сууж шинээр ашиглалтад орно гэж тооцоолж байна.
-Байрны үнэ хэзээ тогтворжиж, хямдрах вэ. Олон иргэдийн хувьд энэ хамгийн чухал асуудал болчихоод байгаа?
-Энэ жил 20 мянган байр ашиглалтад орсон. Орон сууцны үнэ янз бүр байсан. Мэдээж хөрөнгө оруулагчдын сонирхох хэмжээнд байж энэ салбар хөгжинө. Тиймээс ашгийн тодорхой төвшин байна байх. Энэ жил 35 мянган орон сууц ашиглалтад орно гэхээр орон сууцны үнэ тогтворжих чиг хандлага руугаа явж байна гэж үзэж байна. Ер нь манай байшин үйлдвэрлэх комбинат ашиглалтад орвол өвөл, зунгүй барилга барих боломжтой болж байгаа юм. Байшин үйлдвэрлэх комбинат нь бүтээгдэхүүнээ хийнэ, зургийн компани зураг төслөө гаргачихвал өвөл зунгүй орон сууцаа барих боломжтой болж байгаа юм. Өвөл зунгүй барилгын бүтээгдэхүүн барих үйлдвэр байгуулах саналууд бас их ирж байгаа. Эдгээр компаниудад тодорхой хэмжээний санхүүжилт өгсөн. 2013 онд 150 гаруй барилгын материалын үйлдвэр ашиглалтад орсон. Ер нь бол эргэлтийн хөрөнгийн зээл авсан, шинээр ашиглалтад орж байгаа үйлдвэрүүд ашиглалтад орохоор барилгыг өвөл зунгүй барих, орон сууцны тоо нэмэгдэх боломж бүрдэж байгаа. Тухайлбал, өнгөрсөн онд клинкэр тээрэмдэж, цемент үйлдвэрлэх үйлдвэр нийслэлд дөрөв орсон. Тэгэхээр бид гаднаас цемент авахгүйгээр чулуунцарыг нь гаднаас авахаар болж байна. Тодруулбал, Энэ жил Хөтөлийн цемент шохойн үйлдвэр, Дарханы үйлдвэр, Налайхын цементийн үйлдвэрүүд нийлээд 700 орчим мянган тонныг үйлдвэрлэнэ гэсэн, клинкэрийн үйлдвэр 300 орчим мянган тонныг үйлдвэрлэнэ. Харин үлдсэнийг нь хувийн хэвшилүүд хангаад явах боломжтой болж байгаа юм.
-Засгийн газраас хямд өртөгтэй Буянт-Ухаа хорооллын эхний ээлжийг ашиглалтад оруулсан. Ийм хямд өртөгтэй орон сууцнуудыг олноор барих боломж бий юу?
-Ер нь бол амины орон сууц болон бусад хорооллыг энэ үнээс ч хямд үнээр барих саналыг барилгын компаниуд ирүүлж байгаа. Мэдээж чанар, үр ашиг, байршлаас шалтгаалан орон сууцны үнэ олон янз байгаа. Цаашид тогтворжих байх. Орон сууцны үнэ өндөр байх нь нэг талаас үл хөдлөх хөрөнгийн үнэ өндөр байх нь иргэдэд ач холбогдолтой байна. Амины орон сууцны үнийг нэг метр квадратыг 300-500 мянгад багтаах, 600-700 мянган төгрөг байх саналуудыг ч бидэнд тавьж байна. Орон сууцны үнийг тогтвортой байлгах чухал зүйл нь нийтийн орон сууцны газрыг үнэ төлбөргүй олгох явдал. Дэд бүтцийг нь улсаас хийх нь үнэ тогтвортой байлгах гол нөхцөл болно. Дээр нь найман хувийн зээл нь барилгын компаниуд, хөрөнгө оруулагч нарт өгч байгаа төрийн том дэмжлэг юм. Юм аль аль талаасаа бие биенийгээ хангаж үнэ тодорхойлогдоно. Үнэ тогтворжуулахын тулд 2015 он гэхэд арматур, цементийн үйлдвэрүүдийг дотооддоо барьж байгуулж, гаднаас авахгүй байхаар тооцоолж байгаа учраас барилгын үнэ тогтворжих байх.
-Шинээр орон сууц барихад газрын үнэ өндөр байдаг гэсэн шүүмжлэлийг барилгын компаниудын зүгээс өгдөг. Барилгын зөвшөөрлийг хэрхэн олгож байгаа вэ?
-Тусгай зөвшөөрлийг Барилгын хөгжлийн төвийн комисс хуралдаж олгодог. Бид барилгын хуулийг энэ жил УИХ-д өргөн барина. Энэ хуулиар зөвшөөрөл олгох журмыг өөрчилнө. Өөрөөр хэлбэл, барилгыг тодорхой хэмжээгээр ангилна. Эхний гурван ангилал барилгын зөвшөөрөл шаардахгүй. Зөвхөн тухайн компани бүртгэлийн системд шилжинэ. Өндөр барилга, олон хүн амьдардаг орон сууц барих бол тусгай зөвшөөрөл авна. Материалын үйлдвэрлэл, геодиз, зураг, кадастрын зөвшөөрлийг төрийн бус байгууллагад шилжүүлсэн, барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг аймаг, нийслэлд шилжүүлсэн байгаа. Одоо бол 30-35 хоногийн дотор нэг цонхны үйлчилгээгээр барилгын зөвшөөрлөө авч байгаа. Барилга барихын тулд улаан шугам гэж бий. Энэ нь төв замаас тодорхой метрийн зайнд барилгын эхний нүүрний пасад тавигдах ёстой. Гэтэл өнөөдөр улаан шугамыг зөрчсөн маш олон барилга байна. Энэ барилга дээр аюул өсөл гарч, гуравдагч этгээд гэмтэх, амь насанд эрсдэл учруулж байна. Энэ улаан шугам ерөнхий төлөвлөгөөний дагуу байгаа ч мөрдөж ажиллахгүй байна. Тиймээс Хот байгуулалтын хууль, Барилгын хуулинд тодорхой, хатуу хяналттай суулгахаар хуулийн төслүүд дээр ажиллаж байна.