Ил тодын тайлангаас болж, нягтлангууд өрөнд оржээ
Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хууль хэрэгжээд дууслаа. Хууль хэрэгжих жил гаруйн хугацаанд нийт 34.7 их наяд төгрөгийн хөрөнгө орлого ил болжээ. Тиймээс 8.3 их наяд төгрөгийн татвар болон 2.5 их наяд төгрөгийн торгууль, алдангиас тус тус чөлөөлсөн хэмээн Сангийн сайд Б.Болор өчигдөр мэдээллээ. Уг хууль өмнө нь хэрэгжихдээ 4.5 их наяд төгрөгийн орлогыг ил болгож байжээ.
Сангийн яамны сайт гацсанаас болж албан байгууллагуудын нягтлангууд өрөнд оржээ
Харин энэ удаад санасныг бодвол харьцангуй их тоо гарсныг мөн хэлсэн. Улсын төсвөөс дөрөв дахин их орлогыг ил болгосон нь сайшаалтай ч уг хуулийг хэрэгжих явцад асуудал нэлээд үүсжээ. Тодруулбал байгууллагын ил тодын тайланг хүлээн авах сангийн яамны сайт гацсанаас болж албан байгууллагууд тайлангаа өгч чадахгүй нөхцөл байдал үүссэн байна. Үүнээс үүдэн байгууллагуудын нягтлан бодогчид томоохон асуудалд орж, торгууль төлөх дээрээ тулаад байгаа талаараа манай сайтад мэдээлэл өгсөн юм. Ийм асуудалд орсон маш олон байгууллага байгаа гэдгийг тэд хэлж байна.
Ил тод байдлын тайлан өгөөгүйгээс тухайн байгууллагын нягтланг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөөр торгоно
Ил тод байдлын тайлан өгөөгүйгээс тухайн байгууллагын нягтлан бодогчийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөөр, харин тухайн байгууллага хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн торгуулийг төлдөг юм байна.
Гэвч уг асуудал тухайн байгууллага, хувь хүнээс шалтгаалаагүй тул энэ их хэмжээний торгуулийг төлж чадахгүй хэмээн Сангийн яаманд хандсан боловч, хариуг одоо болтол өгөөгүй аж. Тэд салбар яамаа хариу өгөхийг хүлээж байгаа юм байна.