Жижиг бизнес эрхлэгч эмэгтэйчүүд чуулав

2014 оны 5 сарын 13

Arslan.mn

Улсын Их Хурал дахь эмэгтэй гишүүдийн бүлэг санаачлан Хөдөлмөрийн яамтай хамтран зохион байгуулж буй  “Танд ямар бэрхшээл байна вэ?” сэдэвт жижиг бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн чуулга уулзалт өнөөдөр  боллоо.  Уулзалтанд Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг, УИХ-ын гишүүн, Улсын Их Хурал дахь эмэгтэй гишүүдийн бүлгийн дарга Л.Эрдэнэчимэг болон УИХ-ын гишүүн Г.Уянга, С.Одонтуяа, Д.Сарангэрэл,  УИХ-ын гишүүн Соёл,спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэл, УИХ-ын гишүүн  Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.Оюун, УИХ-ын гишүүн, Хөдөлмөрийн сайд  Я.Санжмятав нар оролцов.

Чуулга уулзалтыг УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг нээж үг хэлэв. Тэрээр хэлсэн үгэндээ,  “Хувиараа хөдөлмөр эрхэлж амьдралын их ачааг нуруундаа үүрч яваа олон мянган эмэгтэйчүүд өөртөө төдийгүй гэр бүлийнхэндээ, өрөөл бусдад ажлын байр бий болгож, зах зээлд эзлэх байр сууриа бататгаж буйг онцлоод   Монголын эмэгтэйчүүдийн холбооноос жижиг дунд бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн дунд хийсэн судалгааны дүнг танилцуулав. Судалгаанд оролцсон эмэгтэйчүүдийн  23 хувь нь зээлийн хүү хэт өндөр гэж хариулсан байна. Үүнээс үзэхэд жижиг бизнес эрхлэгчдийн өмнө тулгамдаж буй гол асуудал нь эргэлтийн хөрөнгө болоод байгааг тэмдэглэн хэлсэн юм.

Мөн УИХ-ын гишүүн Г.Уянга, “Жижиг бизнес эрхлэгч эмэгтэйчүүд бол хэтдээ эдийн засгийн тулгуур болох үйлдвэрлэлийг эх орондоо бий болгох гол түүчээ нь гэдэгт итгэж байна. Үндэсний үйлдвэрлэлд том чөдөр болсон импортын бараанд нэн яаралтай татвар тогтоох хэрэгтэй” хэмээн байр сууриа илэрхийллээ.

Арьс шир, сүлжмэл бүтээгдэхүүн үйлдвэрлэгч Ж.Саран, Ж.Болорчулуун нар хөнгөлөлттэй зээлд хамрагдаж чаддаггүйн дээр БНХАУ-аас маш хямд үнэтэй ирсэн ижил төрлийн бараа бүтээгдэхүүн олноор худалдаалж,  үндэсний үйлдвэрлэлийн борлуулалтанд ихээхэн хүндрэл учруулдаг хэмээн тайлбарлав.

Улаанбаатар хотын хэмжээнд 12 мянган жижиг бизнес эрхлэгч бүртгэлтэй байгаагаас 60 орчим хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. Эдгээр эмэгтэйчүүдийн 60 гаруй хувь нь 40-55 насныхан байна. Ажил эрхлэлтийн байдлаас харахад оёдол, сүлжмэл эдлэл, ахуйн үйлчилгээ, нийтийн хоол, аялал жуулчлал, гар урлал, бэлэг дурсгал, эсгий эдлэл зэрэг салбаруудаас гадна барилга, арьс шир, модон эдлэлийн бизнест хүртэл эмэгтэйчүүдийн оролцоо их байгаа юм. “Танд ямар бэрхшээл байна вэ?” сэдэвт чуулга уулзалтанд Улаанбаатар хотод жижиг бизнес эрхэлж буй эмэгтэйчүүдийн төлөөлөл болсон 800 хүн оролцлоо.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
2908
0 эможи
keyboard_arrow_up