Бизнес эрхлэгчид тогтвортой байдал хүсэж байна

2016 оны 1 сарын 29

Монгол Улсын Засгийн газрын таван жилийн хугацаатай “Чингис” бондын өгөөж лхагва гарагийн байдлаар хоёрдогч зах зээлд 11.03 хувьд хүрлээ. Олон улсын зах зээлд бондыг арилжсанаас хойш ам.долларын зээлийн өртөг нь анх удаа 11 хувийн босгыг давсан нь энэ.

Харин одоо арван жилийн хугацаатай арилжааны зээлд анхаарлаа хандуулъя. 2022 онд эргэн төлөгдөх нөхцөлтэй үнэт цаасны ханш ч хоёрдогч зах зээлд ёроолын цэгтээ хүрэв. “Оюутолгой” төслийн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөөг байгуулсантай холбогдуулан Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг огцруулахаар УИХ-ын нэр бүхий 19 гишүүн санал тавьсан. Энэ нь олон улсын зах зээл дэх Монголын үнэт цаасны рейтингийг ийнхүү харлуулсаар байна.

Засгийн газрын үнэт цаасны өгөөжийн муруй өндөлзөх тусам олон улсын зах зээлээс санхүүжилт татах өртөг өссөөр байна. Зөвхөн Засгийн газар төдийгүй хувийн хэвшлийнхэн ч хөрөнгө татан төвлөрүүлэх зардал тэр хэрээр нэмэгдэж буй.

Хувийн хэвшлийнхэн Засгийн газраас санхүүжилт, тэтгэмж хүсээгүй

Аргаа барсан тэд улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж уриалга, мэдэгдэл хүртэл гаргасныг та өнөөдрийн өдөр тутмын голлох сонинуудын эхний нүүрээс харсан биз ээ.

Монголын бизнесийн зөвлөлийн гүйцэтгэх захирал Жим Двайер “Засгийн газар үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх ёстой. Шийдлийн Засгийн газрыг бид дэмжиж байгаа. Ер нь Бизнесийн зөвлөл Засгийн газраас дэмжлэг гэхээсээ илүүтэй бодлогын тогтвортой байдлыг хүсэж байдаг. Тиймээс Засгийн газар бүрэн эрхийн хугацаагаа дуусгах ёстой” гэж “Засгийн газрын мэдээ” сонинд ярилаа. Тэрчлэн тэрбээр “Энэ онд Монголын эдийн засаг сайнгүй байх төлөвтэй. Яг энэ үед бодлогын тогтвортой байдал маш чухал байна. Тогтвортой бодлогын үр ашгийг дотоодын бизнес эрхлэгчид, цаашлаад энгийн иргэд хүртэнэ. Монголын хувийн хэвшлийн салбар маш олон ажлын байрыг бий болгодог шүү дээ” гэж сануулав.

Монголын эдийн засгийн 98 хувийг нуруун дээрээ үүрдэг хувийн хэвшлийнхэн Засгийн газраас санхүүжилт, тэтгэмж хүсээгүй. Зардлаа танахын зэрэгцээ ажлын байрны тоогоо бууруулахгүйгээр хямралыг давж гарахыг эрмэлзэж буй тэд гагцхүү урьдчилан таамаглаж, төлөвлөж болохуйц, тогтвортой орчинд үйл ажиллагаа явуулахын тулд улс төрийн тогтвортой байдлыг л хүсэж буй. Харин улстөрчид зөвхөн өөр өөрсдийн эрх ашгийг бодож, Монголын нэр хүндийг харлуулсаар байх уу?

“Ер нь манай улсын дунд, урт хугацааны хөгжил, өсөлтөд хөрөнгө оруулагчид итгэж байгаа. Тэр ч утгаараа цаашид олон улсын зах зээл дээр манай улс ажиллах бололцоотой. Гагцхүү тэр боломжоо өөрсдөө хаагаад байх юм. Тэр нь манай улсад, өнөөдрийн бидний амьдралд хортой л нөлөөтэй” хэмээн Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мөнхбат тэмдэглэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
28411
0 эможи
keyboard_arrow_up