Давосын чуулга уулзалт өнөөдөр эхэлнэ

2016 оны 1 сарын 20

Швейцари улсын Давос хотод жил бүр зохион байгуулдаг уламжлалтай Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалт өнөөдөр эхэлнэ. Дөрвөн өдөр үргэлжлэх тус дээд хэмжээний уулзалтад 40 гаруй улс орны төр засгийн тэргүүн нар, мөн бизнесийн болон олон нийтийн байгууллагуудын 2500 орчим төлөөлөгч оролцох юм байна. Давосын 46 дахь удаагийн энэхүү чуулга уулзалтад хуран цугларсан төлөөлөгчид “Аж үйлдвэрийн 4-р хувьсгалыг удирдах нь” сэдвийн хүрээнд олон улсын аюулгүй байдал, уур амьсгалын өөрчлөлт, дэлхийн эдийн засгийн өсөлтийн талаар хэлэлцэх юм. Тус чуулга уулзалтыг зохион байгуулагчид “Аж үйлдвэрийн 4-р хувьсгал” гэх нэр томьёогоор шинжлэх ухаан, технологийн салбарт гарч байгаа хурдацтай хөгжил дэвшил орчин үеийн нийгэм, эдийн засагт хэрхэн өөрчлөлт авчирч байгааг илэрхийлжээ. Аж үйлдвэрийн 4-р хувьсгалаас хүн төрөлхтөн хэрхэн ашиг тус хүртэх, мөн дэлхий дахинд тулгамдсан асуудлуудыг хэрхэн шийдвэрлэх талаар хэлэлцэх нь энэ удаагийн Давосын чуулга уулзалтын гол зорилго юм. Сүүлийн жилүүдэд дэлхий дахинд баян ядуугийн зааг ялгаа улам ихэсч байна. "Оксфам" гэх байгууллагын мэдээлснээр 2016 он гарсны дараах байдлаар дэлхийн хүн амын хамгийн баян 1 хувийн эзэмшиж байгаа өмч хөрөнгө үлдсэн хүн амын эзэмшдэг хөрөнгийг нийлүүлсэн хэмжээнээс давж гарчээ. АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама конгрессийн нэгдсэн хуралдаанд илгээлтээ сонордуулах үеэрээ техник технологийн хөгжил дэвшил нь баян, ядуугийн зааг ялгаа өсч, корпорациудын үүрэг хариуцлага, ажилтандаа олгох цалин хангамж улам багасах үзэгдэлд голлон нөлөөлж байгааг мөн онцолж байсан юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
27975
0 эможи
keyboard_arrow_up