2016 онд бизнесүүдийн мөрдөх ёстой стратеги: ИНТЕРНЭТ МАРКЕТИНГ
Энэ сарын 16-нд зохион байгуулагдах гэж байгаа Интернет Маркетинг Конференсийн зохион байгуулагч болох контент маркетер Д.Гэрэлт-Од, сошиал медиа маркетер Б.Саруулбаяр нартай уулзаж, энэ жилийн арга хэмжээ өмнөхөөсөө юугаар өөр байх, конференсийн оролцогчид ямар үр ашиг хүртэх талаар ярилцлаа.
Энэ жилийн арга хэмжээ агуулгын хувьд өөр үү?
Б.Саруулбаяр: 2015 оны Интернет Маркетинг Конференсээр интернэт маркетингийн шинэлэг арга хэлбэрийг бизнесүүдэд танилцуулах, Монголын маркетингийн хөгжилд томоохон ахиц гаргах арга хэмжээ болгохыг зорин ажилласан бол энэ жил илүү ахисан түвшний мэдлэгийг олгох, дадлага ажилд тулгуурлан ямар ч албан тушаалын ажилтан байгууллагынхаа маркетингийг интернэтийн орчинд хийж чаддаг, үнэлж дүгнэж чаддаг болгохыг зорин ажиллаж байна.
Хүмүүс яагаад энэ арга хэмжээнд очих ёстойг хэлж өгөөч?
Д.Гэрэлт-Од: Нэрнээс нь интернэтээр маркетинг хийх тухай арга хэмжээ болох нь ойлгогдож байгаа байх. Маркетингаас эхлэе. Энэ үг, үйлдлийг “бүтээгдэхүүн, үйлчилгээг зах зээлд гаргах, зарах” гэж энгийнээр тайлбарлаж болно. Ингэхэд нь маркетеруудад сурталчилгаа хэрэг болдог.
Сурталчилгааг хүмүүст, нарийвчилбал худалдан авагчиддаа хүргэхийн тулд маркетерууд олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдийг ашигласаар ирсэн. Учир нь олон нийт тэндээс мэдээлэл авдаг гэж итгэдэг учраас.
Ингэж хэлж байгаагаа би удахгүй тайлбарлана. Олон нийтийн мэдээллийн хэрэгсэл гэхээр ихэнх хүмүүс телевиз, радио, сонин, гудамжны самбарыг ойлгодог. Гэтэл интернэт болон түүний дагасан техник, технологийн хөгжилтэй холбоотойгоор хүмүүсийн мэдээлэл авдаг эх үүсвэр, суваг өөрчлөгдөж байна. Түүнтэй холбоотойгоор дээр дурьдсан уламжлалт хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн үр дүн буурч байна.
Яаж буурч байна?
Гэрэлт-Од: Нэгд, Улаанбаатар хотод 80 гаруй телевизийн суваг гардаг. Улс даяар 200 гаруй телевиз бий. Үүнээс болж нэг сувагт ноогдох үзэгчийн тоо багасч байна. Нөгөөтэйгүүр, телевизээр дамжуулж олон нийтэд мэдээлэл хүргэхийн тулд олон телевизээр “бөмбөгдөх” шаардлагатай болдог. Энэ нь өндөр зардалтай. Хоёрт, хүмүүс социалист нийгмийн үе шиг завтай байхаа больсон.
Тэд телевизийн нэвтрүүлэг үзэхийн тулд ажлаа зохицуулахаа байсан. Ер нь зурагт үздэг цаг нь илт багассан. Хуучин бол “Халтар Царайт”-ыг үзэх гэж дэлгүүрээ хаадаг байсан бол өнөөдөр ухрааж, нөхөж үзэх боломжийг олгодог IPTV-н ачаар хүмүүс хүссэн нэвтрүүлгээ завтай цагтаа үздэг болсон. Ингэхдээ, дундуур нь явж байгаа рекламыг алгасдаг. Тэгэхээр, телевизээр реклам цацах үр дүнтэй юу гэдэг асуулт гарч ирнэ. Телевизийн хувьд ийм байна.
Сонингийн хувьд, фэйсбүүк, твиттерт мэдээллийг түргэн шуурхай хүргэх үүргээ алдсан. Бид өдөржингөө фэйсбүүк, интернэтээс авсан мэдээнийхээ арай дэлгэрэнгүй хувилбарыг маргааш өглөө нь сонингоос уншиж байна. MMCG компанийн Монгол хэрэглэгчийн медиа судлагааны үр дүнгээс харахад сонин дээрх реклам хэрэглэгчид худалдан авалт хийх ямар нэг сэдэл өгөөгүй гэдэг үзүүлэлтээр хамгийн дээгүүр бичигдсэн буюу үр дүн багатай суваг гэж тодорхойлогдсон байдаг. Захиалдаг сонингийн чинь нүүрний тоо буураад, рекламтай нүүр нь цөөрөөд байгааг анзаарч байгаагүй юу?
Радиогийн хувьд, телевизтэй төстэй. Олон сувагтай болсон. Шугамын радио шиг айл болгонд радио хангинаж байхаа больсон. Дээр нь радиог өглөө, орой ажил тарахал эсвэл түгжрэлд буюу хязгаарлагдмал цаг хугацаанд сонсогддог. Цөөн хэдэн радиог эс тооцвол ихэнх радионууд агуулга муутай. Тиймээс, нэг сувгийг удаан сонсох магадлал муу.
Гудамжны самбар өртөг өндөртэй. Дээр нь рекламны агуулга, текстийн хэмжээ гэх мэтэд онцгой анхаарахгүй бол үргүй зардал болох магадлалтай.
Эдгээр уламжлалт сувгуудаас хүмүүс мэдээлэл авахаа байсан юм бол хаанаас авдаг болж байгаа юм бэ?
Б.Саруулбаяр: Интернэт. Монгол улс дах интернэт хэрэглэгчдийн тоо 2015 оны 6 дугаар сарын 30-ны байдлаар 2.121.000 гаруй болсон байна. Фэйсбүүк хэрэглэгчдийн тоо 800.000 орчим. Твиттер хэрэглэгчдийн тоо 300.000 гэсэн албан бус тоо яваад байгаа.
Түүнчлэн, интернэтэд уламжлалт сувгууд шиг хэлбэрийн хязгаарлалт байдаггүй. Тэнд текст, видео, аудио, зураг, gif (хөдөлгөөнт зураг), комик, инфографик гээд л төрөл бүрийн контент байж болно.
Бас хэмжээний хувьд, хязгаарлалт байхгүй. Бүтэн роман оруулсан ч болно. Сүлжээтэй л бол хаанаас ч, хэзээ ч орж, мэдээлэл хайж, олж, үзэж болно. Дахин дахин үзсэн ч болно.
Гэхдээ, хамгийн чухал нь интернэт бий болсноор хүмүүсийн худалдан авалт хийх, шийдвэр гаргах дараалалд өөрчлөлт гарсан. Тэд худалдан авалт хийхээсээ өмнө авах гэж байгаа бараа, бүтээгдэхүүний талаарх мэдээллийг хайдаг болсон. Хүмүүс маркетеруудын гоё, ганган үг хэллэгт бус өөрийн олж мэдсэн мэдээлэлд илүүд үзэх болж. Үүнд нь Гүүгл их тус хүргэж байгаа.
Судлагаагаар, нийт худалдан авагчдын 80 гаруй хувь нь худалдан авалт хийхээсээ өмнө интернэтээр судлагаа хийдэг. Мэдээлэл хайж буй хэрэглэгчдийн 42% нь хайлтын хамгийн эхэнд гарч ирсэн компанийг, 21% нь хоёрт гарч ирсэн компанийг сонгосон байдаг. Та ч гэсэн ямар нэг зардал гаргалгүйгээр хэрэгцээтэй мэдээллээ Гүүгл-ддэг биз дээ?
Д.Гэрэлт-Од: Дээр дурьдсан MMCG-н судлагаагаар хүмүүс дийлэнх цагийг интернэтэд өнгөрүүлж байна. Интернэт гэдгийг зөвхөн компанийхаа цахим хуудсаар ойлгодог хүмүүс цөөнгүй юм билээ. Гэтэл фэйсбүүк, твиттер, юүтүүб гэх мэт сошиал платформууд, и-мэйл, аппликэйшн гээд өнөөдөр бидний өдөр тутмын хэрэглээ, мэдээлэл, энтертэйнмэнтийн эх үүсвэр болсон маш олон зүйлс интернэтийн ачаар л оршин тогтнож байна.
Хүмүүсийн мэдээлэл авдаг эх үүсвэрүүд, олон нийтийн мэдээллийн хэрэгсэл гэдэг ойлголтонд нэгэнд өөрчлөлт орчихоод байхад маркетерууд, бизнесийн эзэд “сурсан юм”, “ингээд болоод ирсэн юм” гээд уламжлалт маркетингийг тахин шүтээд байж болохгүй. Энд нэг зүйлийг онцгойлон хэлэхэд бид уламжлалт маркетингийг бүр мөсөн үгүйсгээ байгаа юм биш шүү. Зорилтот худалдан авагч хэн бэ гэдгээс шалтгаалж тэр хүнд мэдээлэл хүргэх суваг, хэлбэр ялгаатай байна.
Бүх тохиолдолд интернэт эсвэл уламжлалт маркетинг тохирно гэсэн юм байхгүй. Гэхдээ, Интернэт Маркетинг Конференсийг зохион байгуулж байгаа гол шалтгаан нь интернэтээр маркетинг хийх нь уламжлалтыг бодох юм бол хамаагүй зардал багатай. Энэ давуу тал хямрал нүүрлэсэн өнөө үед зайлшгүй анхаарах ёстой асуудал гэдэгтэй маргах хүн үгүй биз. Бизнесүүд бараг бүгдээрээ маркетингийн зардлаа танаж байна. Гэхдээ, бас зах зээлд, хэрэглэгч, худалдан авагчдад мартагдахыг хүсэхгүй байна.
Мөнгө муутай болохоор маркетинг хийх хэцүү байдаг. Хийхгүй байя гэхээр, орлого орж ирдэггүй. Ацан шалаанд орчихоод байж байна. Нөгөөтэйгүүр, өнөөдөр интернэт уламжлалт маркетингаас цар хүрээний хувьд илүү байна. Бас хэдэн хүн хүрсэнийг хэмжих боломжтой гэдэг утгаараа давуу талтай.
Интернэтээр маркетинг хийх нь юугаараа хямд гэж?
Б.Саруулбаяр: Нэгд, цацалтын зардал уламжлалтыг бодвол хямд. Нэг секунд рекламыг үзэгч олонтой телевизээр цацахад хамгийн багадаа 3300 төгрөг. Энэ бол нилээн танил талтай байж авах, их хямд үнэ шүү. Дундаж реклам 30 секунд. Нэг рекламыг нэг удаа цацахад 99.000 төгрөг. 10 удаа цацахад 990.000 төгрөг. 10 өдөр цацахад, 9.900.000. 10 телевизээр цацахад 99.000.000 төгрөг.
Ингэж цацахад хүнд хүрч болно. Гэхдээ, харамсалтай нь хэмжих боломжгүй. Максимагийн гаргасан судлагаагаар оргил цагаар рэйтинг өндөртэй 5 телевизүүдийн үзэгчдийн тоо нийлээд 460.000 орчим байдаг. 5 телевиздээ тэнцүү хуваавал нэг телевизэд 92.000. Гэтэл gogo-н нэг өдрийн хандалт хэд вэ? 150 – аас 200.000
Саруул: Нэг байтугай 2 телевизийн үзэгчийн тооноос илүү байгаа биз дээ? Эндээс, телевизээр реклам цацахын оронд танай дээр нэг өдөр баннер байрлуулсан нь илүү байгаа биз дээ? Гэхдээ, дээр Гэрэлт-Од ахын хэлснээр аливаа суваг сегментээсээ хамаарна л даа. Танай сайтаас мэдээлэл авдаггүй сегментэд мэдээлэл хүргэх гээд танай дээр баннер тавих юм бол үр дүнгүй.
Тийм сегментэд бараа бүтээгдэхүүн маркетлах гэж байгаа бизнесүүд танай арга хэмжээн оролцох хэрэггүй гэсэн үг үү?
Д.Гэрэлт-Од: Үгүй л дээ. Интернэт бол суваг. Маркетинг бол түүнээс том зүйл. Интернэт Маркетинг Конференсд контентын санааны талаар илтгэл тавигдах болно. Хүмүүс сурталчилгааны хэлбэрт бус агуулгад нь ач холбогдол өгдөг болсон. Дээр би хүмүүс худалдан авалт хийхээсээ өмнө мэдлэг, мэдээлэлтэй болохыг хүсч, хайдаг болсон гэж хэлсэн дээ. Ямар ч сувгаас мэдээлэл хайсан бай эсвэл уншиж, үзэж, сонссон бай агуулга сайтай рекламд хүмүүс анхаарлаа хандуулдаг.
Эндээс “агуулга сайтай” гэж юу гэсэн үг вэ гэсэн асуулт гарч ирнэ. “Хэрэглэгчийн сонголт, шийдвэрт үнэ цэнэ нэмсэн контентыг сайн контент гэнэ”, “Зорилгоо биелүүлсэн бол тэр сайн контент”, хэрэглэгч уншиж, үзэж, сонсчихоод “Энэ яг надад зориулсан контент байна” гэж хэлэгдэхээр бол сайн агуулгатай реклам гэж ойлгож болно. Контент гэхээр хүмүүс бага зэрэг төөрдөг. Контент гэдэгт ярилцлага, нийтлэл, зөвлөгөө, зураг, видео реклам, ТВ нэвтрүүлэг, гэрэл зураг, комик, дуу гээд хүнд мэдээлэл, мэдрэмж төрүүлж буй бүгдийг ойлгож болно.
Манай арга хэмжээнд ирснээр яаж хүний сонирхол татсан, сайн реклам, сайн контент бүтээх тухай мэдэж авна, суралцана. Аливаа маркетер интернэт эсвэл телевизийн алинаар нь ч реклам цацах байсан ба тэдэнд сайн контент хэрэгтэй. Хаагуур цацах нь бус юу цацах нь илүү чухал.
Б.Саруулбаяр: Гэтэл манай ихэнх маркетерууд зорилтот сегментийнхээ үздэггүй ТВ сувгаар, зорилтот худалдан авагчийнх нь персона (хувь хүний шинж чанар)-гаас тэс ондоо жүжигчин тоглосон, худалдан авагчийн сонголт, шийдвэрт үнэ цэнэ нэмж, тус болохгүй агуулгатай рекламыг залхтал цацдаг. Тэгээд үр дүн хүлээгээд, уурлаад байдаг.
Та хоёрын бодлоор Интернэт Маркетинг Конференци хэн ирэх хэрэгтэй гэж бодож байна?
Мэдээж хэрэг бизнесийн байгууллагуудын маркетингийн албаныхан заавал ирэх ёстой. Ялангуяа, жижиг дунд бизнесүүд.
Мэргэжлийн ур чадвараа дээшлүүлж, дарга, захиралдаа “ашиггүй гонзгой”, “хоолны сав” гэж хэлүүлэхийг, хямралтай байхад ажлаасаа халагдахыг хүсэхгүй байгаа маркетингийн менежерүүд.
Маркетингийн чиглэлээр болон сэтгүүл зүйн чиглэлээр сурч байгаа оюутнууд. Яагаад гэхээр, сэтгүүлчид контент бичих, ур чадвартай байдаг гэдэг утгаараа контент маркетер болж хөрвөхдөө амархан байдаг. Тиймээс, энэ арга хэмжээнд ирснээр сэтгүүлчид, энэ чиглэлээр сурч байгаа оюутнууд зах зээлд өрсөлдөх чадвараа нэмэгдүүлж, орлогын эх үүсвэрээ нэмэх боломжтой.
Сүлжээний бизнесийнхэн. Тэдний маркетингийн стратеги бол “амнаас ам дамжсан яриа” шүү дээ. Найз эсвэл танил нь нэгэндээ сурталчилгаа хийдэг. Энэ “ам панаалдалтаа” богино хугацаанд илүү олон хүнд хүргэх боломжийг интернэт маркетинг л олгоно.
Үл хөдлөх хөрөнгө борлуулагчид. Хямралын үед тэдний маркетингийн төсөв тун бага байгаа. Гэхдээ огт маркетинг хийхгүй байж болохгүй. Интернэт маркетинг тэдэнд юу юунаас илүү тус болно.
Төрийн албан хаагчид. Төрийн үйлчилгээг иргэдэд илүү ойлгомжтой болгож, ойртуулахад интернэт маркетинг л туслана. Үүний ачаар, тэдний ажлын ачаалал ч буурна.
Багш нар бас дамжаа, дугуйлан хичээллүүлэгчид. Ер нь ямар нэг бүтээгдэхүүн, үйлчилгээгээ зарж буй хэнбугайд ч энэ арга хэмжээ үр дүнтэй, өгөөжтэй, ашигтай байх болно. Энэ жилийн конференсийн онцлог маань “ийм байдаг юм, тийм юм гарсан байна” гэсэн мэдээллийн чанартай бус “ингэж хийдэг юм, тэрэн дээрээ анхаараарай” гэсэн шууд хэрэгжүүлж болох мэдлэг мэдээллийг олгоход оршиж байгаа юм.
Д.Гэрэлт-Од: Нэг зүйлийг нэмээд хэлэхэд, энэ жил сонгуулийн жил учраас интернэт маркетингийн ашиглан сонгуулийн сурталчилгааг хэрхэн хийх ёстой тухай илтгэл-сургалтыг Монгол Медиа Корпорацийн зөвлөх Р.Батсайхан тавина.
Ингэхэд ямар илтгэлүүдийг, хэн тавих вэ?
Д.Гэрэлт-Од: Илтгэлүүд интернэт маркетинг хийх дарааллын дагуу тавигдана. Тиймээс, оролцогчид хоцрохгүй, алгасахгүй байвал амжилтанд хүрэх нигуртай. Эхлээд, MMCG маркетинг, судлагааны компанийн захирал Д.Бум-Эрдэнэ судлагаагүй маркетинг нь үргүй зардал болдог тухай, зорилтот худалдан авагчийн персонаг тодорхойлохоо юу анхаарах талаар илтгэл тавьж, Монгол хүмүүсийн хэвлэл мэдээллийн ямар сувгаас мэдээлэл авдаг, ямар хэлбэрийг контентыг илүүд үздэг тухай судлагааны үр дүнгээс танилцуулна.
Б.Саруулбаяр: Судлагаа хийж, үр дүн тодорхой болсоны дараа контентын санаанууд тодорхой болж, боловсруулагдаж, контентууд бүтээгддэг. Энэ талаар Гэрэлт-Од ах илтгэл тавина.
Д.Гэрэлт-Од: Контентын санаа олох нэг хэрэг. Харин ярилцлага, видео реклам, комикын зохиол болгоход ур чадвар хэрэгтэй. Маркетер болгон бичих ур чадвартай байх албагүй. Контентын санааг хэрхэн бүрэн контент болгож, бичих ур чадвараа дээшлүүлэх талаар Монгол улсын шилдэг сэтгүүлч Өдрийн сонингийн Э.Энэрэл илтгэл тавина.
Б.Саруулбаяр: Контент бэлэн болсоны дараа интернэтэд суурилсан сувгуудаар хэрхэн маркетинг хийх талаар суваг тус бүрээр мэргэшсэн экспэртүүд илтгэл тавина. Твиттерээр Аанхаа, Юүтүүбээр Мобиком, цахим хуудсаар GoGo.mn, и-мэйлээр Дэйл Карнеги төвийн төлөөлөл, аппликэйшнээр Слайд компанийн захирал Энхтөр илтгэл тавина.
Д.Гэрэлт-Од: Фэйсбүүкээр манай Саруул илтгэл тавина. Интернэттэй салшгүй холбоотой нэг зүйл бол хайлтын систем. Хэрэглэгчид мэдээлэл хайдаг. Тэдний хайлтанд яаж хамгийн түрүүнд олдох вэ гэдэг сэдвээр Моогол компанийн захирал Баяржавхлан илтгэл тавина.
Б.Саруулбаяр: Интернэт ба түүнд суурилсан платформуудаар маркетинг хийхийн нэг давуу тал нь хэмжих боломжтойд байдаг. Тэр хэмжилтийг хэрхэн хийж, үр дүнгээ хэмжих, олж авсан датандаа хэрхэн дүн шинжилгээ хийх талаар ITZONE компани илтгэл тавина.
Д.Гэрэлт-Од: Ямар ч сувгаар маркетинг хийсэн бай дизайн муу бол үр дүн багатай. Ямар дизайн мөнгө дагуулдаг талаар WILD агентлагийн захирал Болдбаатар илтгэл тавина.
Тун сонирхолтой арга хэмжээ болох нь ээ?
Тийм шүү. Интернэтээр маркетинг хийхэд шаардлагатай бүх ур чадварыг тухайн чиглэлээр мэргэшсэн хүмүүсээс нэг дор олж авна гэдэг ховор боломж. Бас тэднээс мэдэхгүй зүйлээ асууж, холбоо харилцаа тогтоох бүрэн боломжтой. Уншигч та ирэх жилийн өдийд “Би түрүү жил эхэлж байхгүй яав даа” гэж харамсахыг хүсэхгүй байгаа бол энд дарж бүртгүүлээрэй.