Хувьчлал хүн бүрт нээлттэй болж байна
Хөрөнгийн биржээр дамжуулан төрийн өмчит зарим компанийг хувьчлах ажлыг “Монгол Шуудан” компаниар эхлүүлж байна. Сүүлийн таван жилийн хугацаанд тасралтгүй цэвэр ашигтай ажилласан тус компанийн 34 хувийг олон нийтэд санал болгож байгаа нь энэ. Хувьцааны доод үнийг 185 төгрөгөөр тогтоосон бөгөөд 33.8 сая ширхэг хувьцааг энэ удаа арилжих юм. Ингэснээр нийт 6.2 тэрбум төгрөгийг хувьцааны захаас татан төвлөрүүлэх гэж байна.
Хөрөнгийн зах зээлээс босгох дээрх хөрөнгөөр “Авто замын логистикийн төсөл”-ийг үе шаттай хэрэгжүүлэх юм. “Төсөл бүрэн хэрэгжсэнээр 2020 он гэхэд компанийн орлого 24.45 тэрбум төгрөгт хүрнэ” хэмээн үнэт цаасны андеррайтераар ажиллаж буй “Гаүли” тодотгов. Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний логистикийн үйлчилгээг орон даяар нэвтрүүлж, үндсэн сүлжээ бий болгох төслийн үр дүнд “Монгол Шуудан” компанийн ашиг дөрвөн жилийн хугацаанд 2.49 тэрбум төгрөгт хүрэхээр байгаа юм.
Их наядын зах зээл идэвхжиж эхэллээ
Төслийг дагаж авто замын логистикийн үндсэн сүлжээ бий болж, шуудангийн одоогийн үйлчилгээний чанар дээшлэх юм байна. Мөн бараа бүтээгдэхүүний тээвэрлэлт олон улсын стандартад хүрэх бөгөөд харилцагчид зардал багатай, чанартай үйлчилгээ авна гэж “Авто замын логистикийн төсөл”-ийн танилцуулгад тэмдэглэжээ.
“Монгол Шуудан” компанийн хувьцааны захиалга үргэлжилж байна. Захиалга авах хугацаа лхагва гарагт дуусгавар болох юм. Үүнээс өмнө амжиж хувьчлалд оролцохыг уншигч та хүсвэл үнэт цаасны компанид данс нээлгэн мөнгөө байршуулж, захиалга өгөх шаардлагатай. Нийт зах зээлийн орлогын 67 хувийг дангаар эзэлж буй “Монгол Шуудан” компанийн цэвэр борлуулалт жилд дунджаар 19 хувиар өссөн байна. Хувьцаа худалдан авах доод хэмжээ гэж байхгүй. Тэгэхээр иргэн та нэг ширхэг хувьцаа ч авч болно гэсэн үг.
Хөрөнгийн бирж өнгөрсөн онд нэг их наяд төгрөгийн арилжаа хийх зорилт дэвшүүлсэн. Тэгвэл энэ онд бондын зах зээлийг түлхүү онилж байна. “Хөрөнгө болон хувьцаа, зээл, ирээдүйн орлогоор баталгаажсан бондын арилжааг идэвхжүүлнэ” хэмээн Хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч М.Болор мэдэгдсэн юм. “Түргэн хөрвөх чадвар бүхий үнэт цаасыг хүссэн цагтаа арилжих боломжтой. Энэ нь нээлттэй захын давуу тал” гэж М.Болор захирал онцолсон.
Хувьцаагаар баталгаажсан бондын арилжаа эрчээ аваад байна. Тодруулбал, шинэ оны өмнөхөн “МИК Холдинг” компани хувьцааны анхдагч зах зээлийн арилжааг амжилттай зохион байгуулж, 37.2 тэрбум төгрөг босгосон. Ингэснээр хоёрдогч зах зээлийн арилжаагаа эхлүүлэхээр болж байна. Хөрөнгийн биржийн бүртгэлийн нэгдүгээр ангиллын шалгуурт тэнцсэн тус компани нь хамгийн өндөр дүнтэй арилжааг өнгөрсөн онд хийсэн. Энэ нь хөрөнгийн зах зээлээс эх үүсвэр татах боломж, бололцоо байгааг харуулсан юм. Санхүүжилт шаардлагатай компаниуд бонд болон нэмэлт хувьцаа гаргах замаар үйл ажиллагаагаа улам тэлж байна.
Хөрөнгийн биржид 100 хувь төрийн өмчит 21 компани одоогоор бүртгэлтэй байна
Хувьцааны арилжаанд жин дарах шинэ оны анхны томоохон арилжаа нь “Монгол Шуудан” компанийн хувьчлал болж байгаа юм. Улсын хэмжээнд нийт 895 ажилтантай тус компанийн хувьчлалтай залгаж “Багануур”, “Шивээ Овоо” хувьцаат компанийн нэмэлт хувьцаа гаргах ажил эхэлнэ. Нүүрсний тодотголтой хувьцаат компаниудын нийт 49 хувийг хөрөнгө оруулагчдад санал болгохоор төлөвлөжээ. Их наядыг босгох тэмүүлэлтэй хөрөнгийн зах зээлд төрийн өмчит хувьцаат компаниуд хүлээлт үүсгээд байгаа нь энэ. Хөрөнгийн захын үндсэн бүтээгдэхүүн нь хувьцаа байдаг. Засгийн газрын бондыг арилжиж, ашигтай ажиллах болсон бирж хувьцааны зах зээлд ийнхүү эргэн ирж байна.
Түүхэн 25 жилийн ойтойгоо энэ сард золгож буй Хөрөнгийн биржид 100 хувь төрийн өмчит 21 компани одоогоор бүртгэлтэй байна. Эдгээр компанийн хувьцаа 1.9 тэрбум ширхэг. Мөн төрийн өмчийн оролцоотой 16 компанийн 72 сая ширхэг хувьцаа “хөдөлгөөн”-гүй байна. Үүний тодорхой хэсгийг үе шаттайгаар үнэт цаасны арилжаанд оруулах шаардлагатай хэмээн Санхүүгийн зохицуулах хорооны удирдлага өгүүлж буй. Дээрх хувьцаа нь Хөрөнгийн биржид бүртгэлтэй нийт хувьцааны 31 хувийг бүрдүүлж байна. Хувьцааны арилжааг идэвхжүүлэх, хөрөнгийн зах зээл илүү эрчтэй ажиллах 31 хувь эхнээсээ эдийн засгийн эргэлтэд орох эерэг нөхцөл "бага" хувьчлал дор бүрдэж эхэллээ.