Н.Золжаргал: Найман хувийн хүүтэй зээлийг үргэлжлүүлэх ёстой

2015 оны 12 сарын 24

      УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар орон сууцны ипотекийн зээлийн талаарх мэдээллийг сонслоо. Энэ талаар Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргал мэдээлэл хийсэн юм. Тэрээр, Орон сууцны ипотекийн зээлийн үлдэгдэл 3.4 их наяд төгрөг, үүний 75 хувь болох 2.5 их наяд төгрөгийн зээл нь Орон сууцны ипотекийн санхүүжилтийн тогтвортой тогтолцоог бүрдүүлэх хөтөлбөрт хамаарч байна. Орон сууцны ипотекийн зээлтэй өрхийн тоо 76583 байгаа ба тэд сар бүр 28 тэрбум төгрөгийг зээлийн эргэн төлөлтөөр хуримтлуулдаг. Орон сууцны ипотекийн зээлийн чанаргүй зээлийн харьцаа 2011 оны долдугаар сараас хойших 53 сарын хугацаанд 0.2-0.7 хувийн түвшинд тогтвортой байна. Нийт зээлийн 96.8 хувь нь хэвийн, 2.5 хувь нь хугацаа хэтэрсэн, 0.7 хувь нь чанаргүй ангилалд байна. Дундаж давхаргын хуримтлал зээлийн эргэн төлөлтөөр жил бүр дунджаар 336-360 тэрбум төгрөгөөр өсч байна. Зээлийн барьцаа хөрөнгийн эрсдэл болон зээлдэгчийн санхүүгийн чадавхи нь Орон сууцны ипотекийн зээлийн чанарт нөлөөлнө хэмээсэн. Түүнчлэн Монголбанкны Ерөнхийлөгч Н.Золжаргал, Үндсэн хуулийн цэцийн 11 дүгээр тогтоолоор үл хөдлөх хөрөнгө барьцаалуулагч нь үүрэг гүйцэтгүүлэгчийн зөвшөөрөлгүйгээр барьцаа хөрөнгийг бусдад худалдах, бэлэглэх, давхар барьцаалах, ашиглуулах зэргээр шилжүүлж болох нөхцөл үүссэн гээд үүгээр зээлдэгч иргэн, аж ахуйн нэгжийн эрх нэмэгдэх хэдий ч зээлийн бүтээгдэхүүн, үйлчилгээ авах боломж хумигдаж байна. Учир нь зээлийн эрсдэл өссөнөөр зээлийн хэлцэл хийгдэхгүй байхаар байна гэж мэдээлсэн. Түүний хэлснээр Монгол Улсын банкнуудаас 856.4 мянган иргэн, аж ахуйн нэгжид олгосон 11.9 их наяд төгрөгийн зээлийн барьцаа хөрөнгийг эрсдэлд оруулах, үл хөдлөх эд хөрөнгө барьцаалсан зээлийн бүтээгдэхүүн, үйлчилгээг зогсоох, санхүүгийн зуучлалыг хумих, нийт санхүүгийн салбарт зээлийн тасалдал үүсэх сөрөг үр дагавар гарч болзогүй аж. Түүнчлэн банкны салбарын 21.3 их наяд төгрөгийн актив, 2.4 их наяд төгрөгийн өөрийн хөрөнгийг системийн шинжтэй эрсдэлд оруулах, нийт 7.3 их наяд төгрөгийн хадгаламж бүхий 2.8 сая иргэн, аж ахуйн нэгжийн мөнгөн хөрөнгийг эрсдэлд оруулах, Орон сууцны ипотекийн санхүүжилтийн тогтвортой тогтолцоог бүрдүүлэх хөтөлбөрийн хэрэгжилтийг бүрэн зогсоох, шинээр зээл олгогдохгүй болгох эрсдэл үүсэх магадлалтай юм байна.

     Монголбанкны Ерөнхийлөгч, Үндсэн хуулийн цэцийн шийдвэр нь банкуудын зээлийн барьцаа хөрөнгийн эрсдэл, системийн хэмжээнд зээлийн эрсдлийг нэмэгдүүлэх сөрөг нөлөөтэй байгаагаас банкууд энэ дугаар сарын 10-ны өдрөөс орон сууцны ипотекийн зээл шинээр олгохыг зогсоосон хэмээгээд цаашид үл хөдлөх эд хөрөнгө барьцаалсан бусад зээлүүд зогсох эрсдэл үүсч байна гэлээ. Үндсэн хуулийн цэцийн шийдвэр гараагүй байсан бол сар бүр 1376-1845 өрх, жилд дунджаар 16-22 мянган өрх шинээр орон сууцтай болох, дундаж давхаргын хуримтлал жилд 84-100 тэрбум төгрөгөөр өсөн нэмэгдэх боломжтой байлаа хэмээн мэдээлэлдээ дурдсан.

Байнгын хорооны гишүүд энэ асуудлаар нэ­лээд маргалдсаны эцэст ажлын хэсэг гар­га­хаар болов. Олон хү­ний орох оронтой холбоотой энэ асуудлыг улстөржүүлмээргүй байна гэдгийг Монголбанкны ерөнхийлөгч онцлоод  найман хувийн хүүтэй зээл үргэлжлэх ёстой гэсэн байр суурьтай байлаа.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
27199
0 эможи
keyboard_arrow_up