Шатахуун түгээх компаниуд 3.1 тэрбумын торгуулиа төлөхөөр болжээ

Шатахууны үнийг нэг өдөр хууль бусаар нэмж, хэрэглэгчдийг хохироосон гэх “Жаст-Ойл”, “Магнай Трейд” ХХК-иудыг ШӨХТГ-аас шүүхэд дуудсан байдаг. Тэгвэл уг хэрэгт холбогдох гурван шатны шүүх хурал дуусч, тэд торгуулийн 3.1 тэрбум төгрөгийг төлөхөөр болжээ.
Тухайлбал, 2013 онд “Жаст-Ойл” компанид 941 сая, “Магнай Трейд” компанид 2.3 тэрбум төгрөгийн торгууль ногдуулсан байна.
Гурван шатны шүүх хурал өнгөрсөн сард дуусч, ШӨХТГ-ын талд шийдвэр гарсан ч торгуулийг нийт борлуулалтаас тооцохгүйгээр тухайн зөрчлийн борлуулалтаас бодож шаардлагатай гэжээ. Ингээд шүүхийн шийдвэрийг биелүүлэхийн тулд ШӨХТГ-аас хоёр компанийн 2012 оны нийт боруулалтын мэдээллийг хүлээсэн байна. Тус компаниуд энэ сарын 07-ны өдөр мэдээллийг гаргаж өгөх ёстой байсан ч одоо хүртэл хариу ирээгүй байгаа аж.
Тиймээс Өрсөлдөөний хуулийн 27.2 дахь заалтыг баримтлан нийт орлогын тав хүртэлх хувиар тооцож, дээрх торгуулийг төлүүлэхээр болсон байна.









