Барьцааны газрыг худалдах нь зөв үү?
Улсын Их Хурал өнгөрсөн долоодугаар сард Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж “Газраа банканд барьцаалсан иргэн зээлээ цаг хугацаандаа төлж чадахгүй бол банк үл маргах журмаар газрыг нь дуудлага худалдаанд оруулах” агуулгатай заалт оруулсан юм. Өөрөөр хэлбэл, зээлдэгчийн барьцааны хөрөнгийг Шүүхийн журмаар худалддаг байсныг өөрчилж газрыг гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцааны зүйлээс Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 184.1-т зааснаар хураан авахаар болгосон. Уг хуулийн заалтууд нь иргэн хүний Үндсэн хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчсөн тул иргэн Б.Энхбаяр, н.Янжинхорлоо нар Үндсэн хуулийн цэцэд өргөдөл гаргасан байдаг. Цэц уг гомдлыг хүлээн авч, УИХ-ыг Үндсэн хууль зөрчсөнийг тогтоосон юм. Тодруулбал барьцаанд байгаа үл хөдлөх эд хөрөнгөө бусдад түрээслэх, хөлслөх, бусдын эзэмшилд шилжүүлэх, давхар барьцаалах тохиолдолд өмчлөгч иргэн, барьцаалагчаас заавал зөвшөөрөл авахаар зохицуулсан нь банк тухайн хөрөнгийн хувьд өмчлөгчөөс илүү эрх эдэлж, өмчлөгчийн эрхийг үндэслэлгүйгээр хязгаарлах нөхцөлийг бүрдүүлж байна. Энэ нь эргээд иргэний эрх зүйн харилцаанд оролцогчдын эрх тэгш байдлын зарчимд халдсан. Үндсэн хуулиар тогтоосон өмчлөгчийн язгуур эрхийг дордуулсан байсан гэж Үндсэн хуулийн Цэц үзэж, холбогдох заалтуудыг хүчингүй болгосон. Цэцийн шийдвэрийн дараа Монголын банкны холбооноос найман хувийн зээлийг олгох эрхзүйн орчингүй болсон тул зээлээ зогсоож байна гэж өнгөрсөн баасан гаригт мэдэгдсэн билээ. Мөн өчигдрөөс арилжааны банкнууд цалин, тэтгэврийн зээлээс бусад барьцаалан зээлдүүлэхтэй холбоотой бүхий л зээлээ зогсоосон байна. Дээрх үйлдлээ Монголын банкны холбоо зээл олгох эрх зүйн орчингүй болсон гэж тайлбарлалаа. Мөн цэцийн хүчингүй болгосон Үл хөдлөх хөрөнгийн барьцааны тухай хуулийн заалт буюу банкнууд голлон барьж, зээл олгодог байсан эрх зүйн орчныг сэргээтэл зарим зээлийн үйлчилгээгээ зогсооно гэж Монголын Банкны холбооны гүйцэтгэх захирал Ж.Үнэнбат мэдэгдлээ.
Үндсэн хуулийн Цэцийн гишүүн Д.Наранчимэг “Хөрөнгөө шилжүүлснээр банкнуудад эрсдэл гарна гэж байхгүй. Хөдлөх хөрөнгийн хувьд бол өөр. Үл хөдлөх хөрөнгийн тухайд бол өөр этгээдэд байшингаа худалдлаа гэхэд байшин нь байгаа цагт банканд эрсдэл учрахгүй. Банкны үүрэг хүнд нь үүсдэг биш үл хөдлөх хөрөнгөө дагадаг юм. Газрын тухайд ч адилхан. Газар нь байгаа цагт банканд эрсдэл үүсэхгүй” гэж тайлбарласан. Товчхондоо арилжааны банкнууд монополь эрхээ ашиглаж, үл маргах журмаар иргэдийн барьцааны хөрөнгийг шүүхээр хянан хэлэлцүүлэхгүйгээр өөрсдийн хүмүүстээ хямд үнээр борлуулах ашиг сонирхолтой байхыг ч үгүйсгэх аргагүй юм. Жишээлбэл, өнгөрсөн долоодугаар сараас өмнө хэрэгжиж байсан хуулиар “Би өөрөө газраа борлуулна. 50 саяын газраа 20 саяар зараад таван саяын өрөө төлье” гэж иргэн хэлэх боломжтой. Гэтэл Цэцийн хүчингүй болгосон хуулийн заалтаар банкнууд барьцаанд тавьсан таван сая төгрөгөөр нь шуудхан газрыг нь авна гэж хэлэх болжээ.
Монголын банкны холбоо арилжааны банкнууд “ломбард” биш аль аль талдаа эрсдэлгүй байх эрх зүйн орчин шаардлагатай гэж үзлээ.
УИХ-аар Үл хөдлөх хөрөнгийн барьцааны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өнгөрсөн тавдугаар сарын 11-нд орж ирсэн байдаг. Улмаар наадмын өмнөх нь УИХ баталсан. Тэгвэл УИХ-ын гишүүн С.Ганбаатар саяхан тус хуульд нэмэлтээр орсон заалтыг “Банк, санхүүгийн байгууллага, Монгол Улсад мөнгө хүүлэхийг гааруулж, тэндээс ашиг шим хүртдэг улстөрчдийн захиалгаар баталсан хууль. Монгол Улсад түрээсийн эдийн засаг, мөнгө хүүлэх эдийн засаг хоёр л ноёлж байна. Үүнээс хойш мөнгө хүүлэлтийн эдийн засаг зогсоно. Яагаад гэвэл 16 банкны ихэнх нь гадаадын хөрөнгө оруулалттай. Зарим нь бүр гадаад эзэнтэй. Ийм тохиолдолд бидний газрыг хурааж авснаар тэдний өмчлөх болно. Ингэснээр Үндсэн хуульд заасан газар бол зөвхөн тусгаар тогтнолын баталгаа гэдэг зүйл, заалт зөрчигдөнө” гэж тайлбарлаж байсан юм.