НӨАТ-ын тухай шинэ хууль, түүнийг дагасан өөрчлөлт

2015 оны 12 сарын 04

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг УИХ өнгөрөгч долоодугаар сарын 9-ний өдөр баталсан.

 

Нэмэгдсэн өртгийн албан татварын шинэ хууль ирэх оны нэгдүгээр сараас хэрэгжиж эхэлнэ. Энэ хуулийн гол онцлогийг тодотговол татвар төлөгч гэдэг нь эцсийн хэрэглэгч буюу иргэд гэсэн агуулгыг илтгэж байна. Энэ агуулгаараа иргэд худалдан авагч нь татвар төлөгч, харин  үйлчилгээ үзүүлсэн аж ахуйн нэгж байгууллага татвар суутган төлөгч гэсэн нэр томьёонд хамаарах юм.

Татварын Ерөнхий Газрын Татварын удирдлага, хамтын ажиллагааны газрын дарга Б.Бадрал “Энэ хуулиар аж ахуйн нэгжүүдийн жилийн борлуулалт 50 сая төгрөгт хүрсэн бол Нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчид албан ёсоор тооцогдож, жилийн эцэст татварын байгууллагад тайлан гаргана. Нэмэгдсэн өртгийн албан татварын хувь хэмжээ бүхий төлбөрийн баримтыг үйлчлүүлэгчдээ хэвлэж өгнө. Харин түүнээс бага орлоготой бол улсад жил бүр заавал тайлан гаргахгүй.  Гэхдээ эцсийн хэрэглэгч буюу иргэд НӨАТ төлдөг, НӨАТ шингэсэн үнэтэй бараа авдаг гэдэг утгаараа тухайн байгууллага Нэмэгдсэн өртгийн албан татварын нэгдсэн бүртгэлд бүртгүүлнэ, үйлчилгээ үзүүлсэн тухайгаа баримтжуулж тасалбар хэвлэж өгнө. Ингэснээр аж ахуйн нэгжүүдийн орлогыг хянах боломж бүрдэнэ” гэж ярьж байна.

Нэмэгдсэн өртгийн албан татварын шинэ хуульд орсон зарчмын үндсэн өөрчлөлт нь энэ. Эдгээр өөрчлөлтийг хэрэгжүүлэх арга нь хэрэглэгчийн үйлчлүүлснийг гэрчлэх тасалбар, татварын цахим хуудас буюу бүртгэл юм. Аж ахуйн нэгжүүд татварын цахим бүртгэлийн программыг кассын машиндаа суулгаж бараа үйлчилгээ үзүүлэх бүртээ худалдан авагчид баримт хэвлэж өгнө. Харин иргэд энэ тасалбар дээрх дугаарыг банкны картын дугаарын хамт татварын цахим хуудсанд бүртгүүлээд ирэх оны нэгдүгээр сард нийт төлсөн татварынхаа 20 хүртэл хувийг буцаан авна. Өөрөөр хэлбэл, иргэн та худалдан авсан бараа үйлчилгээнийхээ тасалбарыг цуглуулалгүйгээр цахим хуудсанд бүртгүүлж жилийн хугацаанд төлсөн Нэмэгдсэн өртгийн албан татварын 20 хүртэл хувийг буцаан авна. Нэмэгдсэн өртгийн албан татварын урамшууллын системийн төслийн нэгжийн захирал Р.Отгонтулга “Үүнд шинэ төрлийн кассын машин огт шаардлагагүй, хэрэв кассын машинтай бол түүндээ програм суулгуулна. Баримт хэвлэх принтерт холбоно” гэж байна.

Тасалбараа интернет, ухаалаг гар утсаар бүртгүүлэхээс гадна төрийн үйлчилгээний цахим машин буюу бидний хэлдгээр ТҮЦ машиныг ашиглаж болох юм байна. Та интернет ашиглах боломжгүй бол ТҮЦ машинд тасалбараа уншуулан нэгдсэн бүртгэлд бүртгүүлэх хувилбарыг ч шийдэж өгчээ.

Харин сугалааны хувьд иргэн та тасалбараараа сард нэг удаа сугалаанд оролцоно гэсэн үг. Ингэхдээ 50 сая төгрөгөөс дээш борлуулалтын орлоготой аж ахуйн нэгжээс бараа, ажил үйлчилгээ авсан бол тасалбараараа сугалаанд ч  оролцоно, буцаан олголтын эрх ч эдэлнэ. Хэрэв 50 саяас бага орлоготой дэлгүүр, үйлчилгээний газраар үйлчлүүлсэн бол сард зөвхөн нэг удаа сугалаанд оролцоно.

Иргэдэд ойлгомжтой байлгах үүднээс 50 сая төгрөгөөс дээш орлоготой аж ахуйн нэгж мөн эсэхийг таних тэмдэг байрлуулна гэж байна. Ингэж урамшууллын  тогтолцоог нэвтрүүлснээр иргэд дэлгүүр үйлчилгээний газруудаас баримт тасалбар нэхдэг болно. Байгууллагууд ч үүнийг дагаад үйлчилгээний мэдээллээ нэгдсэн бүртгэлд оруулна. Үүний үр дүнд далд зах зээлд эргэлдэж байгаа мөнгө ил болно гэж  тооцоолж байна. Манай зах зээлд эргэлдэж байгаа нийт мөнгөний 30 хувь нь далд эдийн засагт ордог бол энэ хууль хэрэгжсэнээр 25 хувь нь ил болгоно гэж Нэмэгдсэн өртгийн албан татварын урамшууллын системийн төслийнхөн төлөвлөжээ.

Гэхдээ эм, эмнэлгийн хэрэгсэл, дотоодын сүү, сүүн бүтээгдэхүүн, хүнсний ногоо, мах, байр орон сууцны худалдаа түрээс, банк, эмнэлгийн үйлчилгээ, авто тээвэр, төрийн болон боловсролын байгууллагын үйл ажиллагаа зэрэг хуульд заасан бараа ажил үйлчилгээнээс Нэмэгдсэн өртгийн албан татвар авахгүй юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
26791
0 эможи
keyboard_arrow_up