Гадаад худалдааны тэнцэл 763,4 ам.долларын ашигтай гарав
Үндэсний статистикийн хорооноос аравдугаар сарын нийгэм, эдийн засгийн төлөвийг өнгөрсөн баасан гаригт мэдээллээ.
Монгол Улс энэ оны эхний арван сарын байдлаар дэлхийн 146 оронтой худалдаа хийжээ. Гадаад худалдааны нийт бараа эргэлт 7090.0 сая ам.доллар хүрсэн байна. Үүнээс 3926.7 сая ам.доллар нь экспорт, 3163.3 сая ам.доллар нь импорт.
Гадаад худалдааны тэнцэл өнгөрсөн оны өдийд эхний 130.4 сая ам.долларын ашигтай гарсан бол энэ онд 763.4 сая ам.долларын ашигтай гараад байна.
Экспортын хэмжээ өмнөх оны мөн үеийнхээс 677.8 сая ам.доллар буюу 14.7 хувиар буурахад эрдэс бүтээгдэхүүний экспорт 700.6 сая ам.доллараар буурсан нь голлон нөлөөлжээ. Импортын хэмжээ өнгөрсөн жилийн өдийгөөс 29.3 хувиар буурсан аж. Нийт экспортын 87.6 хувийг эрдэс бүтээгдэхүүн, үнэт, хагас үнэт чулуу, металл гоёлын зүйлсийн экспорт, импортын 54.3 хувийг эрдэс бүтээгдэхүүн, машин тоног төхөөрөмж, цахилгаан хэрэгсэл, тээврийн хэрэгсэл, тэдгээрийн эд ангийн импорт эзэлсэн байна.
Чанаргүй зээл жилийн өмнөхөөс дөчөөд хувиар өсөв
Аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд олгосон нийт зээлийн өрийн үлдэгдэл 11.9 их наяд төгрөг болж, өмнөх сарынхаас 25.3 тэрбум төгрөгөөр, өмнөх оны мөн үеийнхээс 920.3 тэрбум төгрөгөөр буурчээ. Хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл 860.8 тэрбум төгрөг болж, өмнөх сарынхаас 32.1 тэрбум төгрөгөөр, өнгөрсөн жилийн өдийгөөс 410.2 тэрбум төгрөгөөр өсчээ. Банкны системийн хэмжээгээр чанаргүй зээл 855.5 тэрбум төгрөг болж, өмнөх сарынхаас 18.6 тэрбум төгрөг буюу 2.2 хувь, өмнөх оны мөн үеийнхээс 249.2 тэрбум төгрөг буюу 41.1 хувиар өссөн байна.
Хоёр саяас дээш орлоготой айл нийт өрхийн 5.7 хувийг эзэлж байна
Гуравдугаар улирлын судалгаагаар нэг өрхийн сарын дундаж мөнгөн орлого 937.7 мянган төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 24.6 мянган төгрөгөөр буурчээ.
Айлуудын орлого буурсны гол шалтгаан хөдөө аж ахуйн бус үйлдвэрлэл, үйлчилгээний орлого буурснаас үүджээ. Нэг өрхийн сарын дундаж бодит мөнгөн орлогын хэмжээ 893.9 мянган төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 68.4 мянган төгрөгөөр буурсан байна. Өрхийн зарлага ч орлогоо дагаад урууджээ. Нэг өрхийн сарын дундаж мөнгөн зарлага энэ оны гуравдугаар улиралд 936.6 мянган төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 25.5 мянган төгрөгөөр багасчээ. Хүнсний бус бараа үйлчилгээний зардал буурсан гэж статистикийнхан хэлж байна. 300 мянган төгрөгөөс доош орлоготой өрх нийт өрхийн 12.3 хувийг, мөн энэ хэмжээний зарлагатай өрх 9.8 хувийг, 300-900 мянган төгрөгийн орлоготой өрх нийт өрхийн 47.5 хувийг, мөн энэ хэмжээний зарлагатай өрх 49.9 хувийг эзэлжээ. Харин хоёр сая нэг зуун мянган төгрөгөөс дээш орлоготой өрх нийт өрхийн 5.7 хувийг, мөн хэмжээний зарлагатай өрх 5.7 хувийг эзэлсэн тоо гарчээ.
Нялхсын эндэгдэл буурчээ
Энэ оны эхний арван сард улсын хэмжээнд 67003 эх амаржиж, амьд төрсөн хүүхдийн тоо 67362 болжээ. Өмнөх оны мөн үеийнхээс амаржсан эхийн тоо 1355 буюу 2.0 хувь, амьд төрсөн хүүхдийн тоо 1402 буюу 2.0 хувиар буурсан байна. Энэ оны аравдугаар сард 6489 эх амаржиж, амьд төрсөн хүүхдийн тоо 6513 болсон байна. Амаржсан эхийн тоо өмнөх сарынхаас 300 буюу 4.4 хувиар, хүүхдийн тоо 326 буюу 4.8 хувиар буурчээ.Улсын хэмжээнд нялхсын эндэгдэл 1009 болж, өмнөх оны өдийгөөс гурван хүүхдээр буурсан байна. Тав хүртэлх насандаа 1207 хүүхэд эндэж, өмнөх оны мөн үеийнхээс 27 хүүхдээр цөөрсөн аж. Халдварт өвчнөөр өвчлөгсөд 51866 болж, түрүү жилийн өдийгөөс 23978 тохиолдол буюу 86 хувиар нэмэгджээ. Улаан бурхны өвчлөл огцом нэмэгдсэн нь халдварт өвчний хувь өсөхөд нөлөөлж. Вируст хепатитаар өвчлөгсөд 220 буюу 23.0 хувиар, гахайн хавдраар өвчлөгсөд 263 буюу 64.5 хувиар буурсан ч улаан бурхнаар 22254 хүн өвчилжээ.
Хүүхдүүдэд 204.8 тэрбум төгрөг тараав
Нийгмийн халамжийн сангаас 192.7 мянган хүнд 123.4 тэрбум төгрөгийн тэтгэвэр, тэтгэмж олгожээ. Өмнөх оны мөн үеэс тэтгэвэр, тэтгэмж авагчид 6.1 мянга буюу 3.1 хувиар буурсан бол олгосон тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээ 6.5 тэрбум төгрөг буюу 5.5 хувиар өссөн байна. “Хүний хөгжил” сангаас 18 хүртэлх насны 1023.4 мянган хүүхдэд 204.8 тэрбум төгрөгийг хүүхдийн мөнгөнд олгожээ.
Улаанбаатарт олон жилийн дунджаас дулаан байжээ
Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн мэдээгээр хамгийн их хур тунадас Дархан-Уул аймгийн Шарын гол суманд оржээ. 17.2 мм-т хүрсэн байна. Баянхонгор аймгийн Шинэжинст суманд хамгийн их температур 28 хэм, Баянхонгор аймгийн Баянбулаг суманд хамгийн бага температур -25.0 хэмд хүрчээ. Салхины хамгийн их хурд Увс аймгийн Улаангом суманд ажиглагдсан байна. Салхи минутанд 32 м/с хурдтай байж. Аймгийн төв болон Улаанбаатар хотын агаарын дундаж хэм олон жилийн дунджаас 1.7 хэмээр, өмнөх сарынхаас 1.4 хэмээр дулаан байсан гэнэ.
Таван хүн уулын ослоор амь эрсэджээ
Аюулт үзэгдэл, осол 4815 удаа гарч, 175 хүн амь насаа алдаж, 163.9 мянган толгой мал, амьтан хорогджээ. Харин объектын түймэр 4007 удаа, мал, амьтны халдварт галзуу өвчин 153 удаа бүртгэгдсэн байна. Ой хээрийн түймрийн улмаас 35.5 тэрбум төгрөг, объектын түймрийн улмаас 10.4 тэрбум төгрөг, хүчтэй салхи, шуурганы улмаас 5.3 тэрбум төрөг, мал, амьтны халдварт галзуу өвчний улмаас 56.7 сая төгрөгийн хохирол учирчээ. Аюулт үзэгдэл, осолд нийт 682.4 сая төгрөг зарцуулсан гэж статистикийнхан мэдээллээ. 92 хүн усанд, 47 хүн объектын түймэрт, 18 хүн бичил уурхайн нурангины осолд, таван хүн уулын ослоос болж амь эрсэдсэн байна. Хүчтэй салхи, шуурганы улмаас гурван хүн, хүйтэн бороо, тарваган тахал, сум, галт зэвсгийн ослоор тус бүр хоёр хүн амиа алджээ.