2014 оны Мөнгөний бодлого
Улс орны Эдийн засгийн нөхцөл байдал хүндрээд байгаа энэ үед Монгол улс 2014 онд ямар мөнгөний бодлогыг барьж ажиллахаар болсныг эргэн сануулахаар УИХ-ын 2013 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн хуралдаанаар хэлэлцэн баталсан “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2014 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн танилцуулгыг хүргэж байна.
ТӨРӨӨС МӨНГӨНИЙ БОДЛОГЫН ТАЛААР 2014 ОНД БАРИМТЛАХ ҮНДСЭН ЧИГЛЭЛ БАТЛАХ ТУХАЙ” УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛЫН ТАНИЛЦУУЛГА
Төв банк /Монголбанк/-ны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Монголбанк ирэх онд баримтлах төрийн мөнгөний бодлогыг боловсруулж, жил бүрийн 10 дугаар сарын 1-ний дотор Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр хуульчилсан бөгөөд энэ дагуу Монголбанкнаас өргөн мэдүүлсэн “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2014 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг Улсын Их Хурал 2013 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн баталсан. Энэ тогтоол нь 8 заалт, 1 хавсралтын хэсэгтэй байна.
2014 оны мөнгөний бодлогын гол зорилт нь инфляцийг нам, тогтвортой түвшинд байлгаж, макро эдийн засгийн болон санхүүгийн салбарын тогтвортой байдлыг бэхжүүлэх, бодит салбарын идэвхжлийг мөнгөний бодлогоор дэмжих замаар эдийн засгийн дархлааг сайжруулахад чиглэх юм. Энэ хүрээнд хэрэглээний үнийн индексээр хэмжигдэх инфляцийг 2014 оны эцэст 8 хувь, 2015-2016 онд 7 хувиас хэтрэхгүй түвшинд байлгана. Мөн Монголбанк Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн дагуу инфляцийг хязгаарлах, мөнгө, төсвийн бодлогын харилцан уялдааг хангах чиглэлээр Засгийн газартай хамтран ажиллана. Эдгээрийн үр дүнд дунд болон урт хугацаанд макро эдийн засаг тогтвортой байх нөхцөлийг бүрдүүлэх юм. Түүнчлэн Монголбанк 2014 онд төгрөгийн гадаад валюттай харьцах ханшийг макро эдийн засгийн суурь нөхцөлтэй нийцүүлж, уян хатан тогтоох, төгрөгийн тогтвортой байдал болон үндэсний эдийн засгийн тэнцвэртэй хөгжлийг дэмжих зарчим баримталж ажиллах юм.
Монголбанк 2014 онд банкны салбарын тогтвортой байдлыг бэхжүүлэх хүрээнд банкуудын төлбөрийн чадварыг хадгалж, системийн шинжтэй эрсдэлээс хамгаалах чадавхыг нэмэгдүүлэх чиглэлд илүүтэй анхаарч ажиллахаар болсон юм. Мөн олон улсад мөрддөг хяналт шалгалтын зарчим, зохицуулалтын арга хэрэгслийг банкны салбарын үйл ажиллагаатай уялдуулж, эрсдэлийн үнэлгээнд суурилсан хяналт шалгалтыг сайжруулж ажиллана. Банкны эрсдэл, зээлийн хүү буурах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор банкны зээлийн барьцаа хөрөнгийн болон зээл, хүүгийн зардлыг нэмэгдүүлж байгаа бусад хүчин зүйлийн нөлөөллийг бууруулах эрх зүйн орчныг шинэчлэхээр болжээ.
Санхүүгийн зах зээлийн дэд бүтэц, түүний институцийг бэхжүүлэх хүрээнд Монгол Улсын төлбөр тооцооны системийн найдвартай, тасралтгүй ажиллагааг хангаж улмаар төлбөр тооцооны системийн шинэчлэлийг 2014-2016 онд эрчимжүүлэх зорилтыг дэвшүүллээ. Мөнгөний бодлогын шийдвэр гаргах үйл ажиллагаа, арга хэрэгслийн ил тод, нээлттэй байдлыг хангах, гаргасан шийдвэрийг олон нийт, бизнес эрхлэгчдэд хүртээмжтэй хүргэх замаар бодлогын үр нөлөөг сайжруулна.
“Төрөөс мөнгөний бодлогын талаар 2014 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолд Засгийн газар, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо хамтран хэрэгжүүлэх арга хэмжээг бүлэглэн нэг заалтаар, Засгийн газар дангаар хэрэгжүүлэх арга хэмжээг тусад нь нэг заалтаар, Монголбанк дангаар хэрэгжүүлэх арга хэмжээг мөн нэг заалтаар тус бүрт зааглан тогтоож өгснөөр өмнөх жилүүдийн мөнгөний бодлогоос онцлогтой болсон байна.
Улсын Их Хурал ирэх онд төсвийн тогтвортой байдлыг хангаж, гадаад валютын урсгалыг сайжруулан, импортыг орлох, экспортыг нэмэгдүүлэх дотоодын үйлдвэрлэлийг дэмжих арга хэмжээ авахыг Засгийн газарт, эдийн засгийн бодит салбарыг мөнгөний бодлоготой уялдуулан дэмжиж ажиллахыг Монголбанкинд тус тус даалгасан.
Мөн валютын захад банк бус санхүүгийн байгууллага, санхүүгийн зах зээлийн бусад оролцогчийг идэвхтэй оролцуулах, ханшийн эрсдэлээс хамгаалах санхүүгийн үүсмэл хэрэгслийг зах зээлд нэвтрүүлэх зорилгоор валютын арилжааны тогтолцоог бий болгох, санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлийн үйл ажиллагааг төлөвшүүлэх, эдийн засгийн урт хугацааны тогтвортой өсөлтийн суурь нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор макро зохистой бодлогыг харилцан уялдаатай хэрэгжүүлэн, санхүүгийн салбарын байдлыг улирал бүр олон нийтэд мэдээлэх арга хэмжээ авч ажиллахыг Засгийн газар, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороонд тус тус даалгасан.
Түүнчлэн Улсын Их Хурал ирэх оны мөнгөний бодлогоор Монгол Улсын Засгийн газар, Монголбанкны хооронд 2012 оны 10 дугаар сарын 22-ны өдөр байгуулсан “Гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах дунд хугацааны хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх харилцан ойлголцлын санамж бичиг”-ийн хүрээнд хэрэгжүүлж байгаа хөтөлбөрт иж бүрэн дүн шинжилгээ хийх, түүний үр өгөөжийг нэмэгдүүлэх, арга хэрэгслийг зах зээлийн механизмд суурилсан хэлбэрт шат дараатай шилжүүлэх, хяналтын тогтолцоог сайжруулах, хөтөлбөр хэрэгжиж байгаа салбарт өрсөлдөөний шударга бус орчин бий болохоос урьдчилан сэргийлэх, ил тод, нээлттэй байдлыг хангаж ажиллах, улсын гадаад өр, түүний эргэн төлөлтийн гадаад валютын ханшийн эрсдэлийг бууруулж, эрсдэлээс хамгаалах механизм бий болгох, төсвийн төсөл, төсвийн хүрээний мэдэгдэл, төсвийн төсөөлөл боловсруулахад ашиглах төгрөгийн гадаад валюттай харьцах ханшийн төсөөллийг тогтсон аргачлал, эх сурвалжид үндэслэн боловсруулж ажиллахыг Засгийн газарт даалгасан байна.
Монголбанк 2014 онд Монгол Улсын зээлжих зэрэглэл, түүний өөрчлөлтөд нөлөөлсөн хүчин зүйлийн шинжилгээг тогтмол хийж, зээлжих зэрэглэлийг сайжруулах чиглэлээр зөвлөмж боловсруулан, Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороо болон Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлд танилцуулж байх, Монголбанкны хараат бус байдлыг бэхжүүлэх, засаглалын бүтэц, зохион байгуулалтыг олон улсын жишигт нийцүүлэх зорилгоор хараат бус гишүүд бүхий мөнгөний бодлогын зөвлөлийг бий болгох чиглэлээр Төв банк /Монголбанк/-ны тухай хуульд холбогдох өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулах, санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлийн үйл ажиллагааны үр дүн, шийдвэр гаргах механизм, хариуцлагын тогтолцоог сайжруулах, зөвлөлийн бүрэлдэхүүнийг өргөтгөх, санхүүгийн салбарт үүсч болзошгүй эрсдэлийг үнэлэх, түүнээс хамгаалах бодлогын уялдааг хангах үр дүнтэй институци болгох чиглэлээр Төв банк /Монголбанк/-ны тухай хууль болон холбогдох бусад хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулж ажиллахаар болжээ.