Жижиглэн худалдааны борлуулалт 4 их наяд 489.1 тэрбум төгрөгт хүрчээ
Энэ оны эхний 10 сард дотоодын худалдаа, үйлчилгээний салбарын үзүүлэлтүүд ялангуяа жижиглэн худалдаа үнийн дүнгээрээ өмнөх жилүүдээс өссөн дүнтэй гарлаа. 2015 оны I-III улиралд бөөний болон жижиглэн худалдааны нийт борлуулалт өссөн дүнгээр 9 их наяд 157.6 тэрбум төгрөг болсон байна.
Үүнээс жижиглэн худалдааны эзлэх хэмжээ нийт борлуулалтын 49.1 хувийг эзэлж, 4 их наяд 489.1 тэрбум төгрөг болжээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 8.8 хувиар, 2013 оны үзүүлэлтээс 30 хувиар нэмэгдсэн дүн болж байна. Харин бөөний худалдаа энэ оны эхний 9 сард 4 их наяд 668.5 тэрбум төгрөг болж, өнгөрсөн оны мөн үеэс 3.5 орчим хувиар буурчээ.
Хэдий тийм боловч дотоодын худалдааны дийлэнхийг буюу 50.9 хувийг бөөний худалдаа, үлдсэн хувийг жижиглэн худалдаа эзэлсэн хэвээр байна. Худалдаа, үйлчилгээний салбар нь өдөр тутмын үйл ажиллагаагаар бусад салбаруудаас ялгардаг бол нийслэлийн бүсийн эдийн засгийн 85 гаруй хувийг үйлчилгээний салбарт үйлдвэрлэдэг гэсэн судалгаа байдаг.
Сүүлийн жилүүдэд бөөний болон жижиглэн худалдаа, гэр ахуйн барааны засварын үйлчилгээ, тээвэр, агуулахын аж ахуй, үүрэн холбоо, үл хөдлөх хөрөнгө, түрээсийн салбарт үйл ажиллагаа идэвхжиж байгааг Улаанбаатарын бүсийн зөвлөл онцолсон байдаг ажээ.