Зээлийн хүүг бууруулах боломжтой юу?
УИХ-аар Төрөөс мөнгөний бодлогын талаар 2016 онд баримтлах үндсэн чиглэлийг хэлэлцэж эхэлсэнтэй холбоотойгоор арилжааны банкны зээлийн хүүг захиргааны аргаар бууруулах асуудал хүчтэй тавигдаж байна.
Банкны зээлийн хүү өндөр байгаагаас үйлдвэрлэл эрхлэх боломж бизнесийнхний хувьд хязгаарлагдмал байгаа. Үүнээс гадна арилжааны банкуудаас олгодог цалингийн зээлийн сарын хүү 1.7 хувьтай байгаа бол түүнийг дагаад банк бус санхүүгийн байгууллагын барьцаат зээлийн хүү сарынх нь хамгийн багадаа 4-5 хувь дотор эргэлдэж буй юм.
Гэвч нөгөө талд хадгаламжийн хүү өндөр байгаа үед зээлийн хүүг хүчээр бууруулах боломжгүйг сануулах хэсэг ч бий.
УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар өчигдөр ирэх оны Мөнгөний бодлого хэлэлцэгдэх үед “Зээлийн хүүг 1-2 хувиар бууруулах” горимын санал олонхийн дэмжлэг хүлээсэн. УИХ-ын чуулганаар дээрх санал дэмжигдвэл ирэх онд арилжааны банкны зээлийн хүүг бууруулах бодлого хэрэгжинэ.
Энэ долоо хоногийн “VS” буландаа УИХ-ын гишүүн Ц.Баярсайхан, УИХ-ын гишүүн Ц.Нямдорж нарын байр суурийг онцоллоо.
Ц.Баярсайхан:
Механикаар зээлийн хүүг бууруул гэж шууд үүрэг өгөх нь эрх зүйн хувьд болохгүй. Энэний цаана зайлшгүй хөндөгдөх асуудал нь хадгаламжийн хүү.
Инфляци нэг оронтой тоонд ороод 6 орчим хувьтай боллоо, төсөв алдагдалгүй батлагдаад хувийн хэвшлийг дэмжсэн бодлогын төвтэй болох юм бол хүү багатай урт хугацаатай зээл шаардлагатай болно.
Бизнесүүд зээлийн хүүг буулгах талаар олон жил ярьсан. Тийм учраас л Монголбанктай хамтран хэрэгжүүлсэн “Үнэ тогтворжуулах” хөтөлбөрийн цаана барилгын материалын үйлдвэрүүдийг дэмжсэн зээл гэдэг нь аргаа барж л хийсэн УИХ-аас тавьсан шаардлагыг хэрэгжүүлэх хүрээнд Засгийн газраас авсан арга хэмжээ.
Тийм учраас Мөнгөний бодлогыг боловсруулах хүрээнд ажлын хэсэг 2016 оны улсын төсөв Мөнгөний бодлогыг эдийн засгийн бодит секторыг дэмжих, хувийн хэвшлийн идэвхижлийг сайжруулах гэсэн томъёолол оруулж байна. Энэ хүрээнд ажиллаач ээ гэсэн үг. Шууд зээлийн хүүг бууруулна гээд тавихад их хүнд.
Цаашдаа эдийн засгийн төлөв байдлаа сайжруулахын тулд макро эдийн засгийнхаа тэнцвэрийг хангах, төсвийн нэгдмэл байдлыг хангах, улсын төсвийг аль болох алдагдалгүй батлах, гадаад валютын урсгалыг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллах шаардлагатай. Гадаад валютын урсгал гэдэг нь хөрөнгө оруулалтыг татах экспортыг дэмжих, өрийн хязгаартаа багтаагаад зээлийн оновчтой бодлого хэрэгжүүлэх. Авсан зээлээ дараагийн хөнгөлөлттэй зээлээр солих гэдгээр томъёолж байна.
Зээлийн хүүг бууруулах асуудлыг их л олон талаас нь ярихгүй бол захиргааны аргаар шууд үүрэг өгөх нь бэрх.
Ц.Нямдорж:
Арилжааны банкууд мафийн зохион байгуулалтад орлоо. Гадны хөрөнгө оруулалттай жилийн 2-3 хувийн хүүтэй зээл олгодог банк оруулж ирье гэхээр эсэргүүцдэг.
Зээлийн хүүг бууруулах асуудлыг захиргааны аргаар дарж явахгүй бол бүтэхгүй. УИХ энд бөөрөнхий тоо хэлээд явдаг, 25 жил ингэж явлаа. Нарийн ярих юм бол арилжааны банкууд сүүлийн 25 жил олон улсын байгууллагын 0.75 хувийн хүүтэй зээлийн бүх ашгийг хүртсэн. 18-20 хувийн хүүтэй дамжуулан зээлддэг. Ингэж л хөлжсөн ш дээ. Муу зүйл гэж бодохгүй байна, гэхдээ ингэж хөл дээрээ боссон банкууд эргээд улсаа боддог байгаасай л гэж хэлээд байна. Одоо үнэтэй шинэ барилга ашиглалтад ороход арилжааны банкуудын аль нэг салбар нь орчихсон байна.
Монголбанкны ерөнхийлөгчийн хэлж байгаа зөв, Засгийн газар зардлаа бууруулах тал дээр төв банктай, санхүүгийн байгууллагатай хамтарч ажилладаггүй. Аудитын байгууллага жил болгон үр өгөөжгүй зардлыг Засгийн газар гаргаж байна гээд дүгнэлт гаргадаг түүнийг нь хүлээж авдаггүй. Хэзээ энэ Аудитын газар, Засгийн газар, Монголбанк гурав нэг ширээний ард суугаад Монголын эдийн засгийн нөхцөл байдлыг сайжруулахын тулд танайх ийм арга хэмжээ ав, бид ийм арга хэмжээ авъя гэдэг дээр ойлголцож ажиллах юм бэ. Тийм болохоор зээлийн хүүг бууруулах чиглэл өгсөн заалтыг Засгийн газарт хаяглах ёстой. Ингэж ажиллах цаг нь болсон. Аудит гэдэг чинь жил болгоны бүх зардлыг үзээд энэ нь зөв байна, энэ нь буруу байна гэдэг дүгнэлт гаргадаг, УИХ ийм шийдвэр гаргамаар байна гэдэг санал өгдөг байгууллага . Бид хэзээ ч энэ байгууллагын дүгнэлтэд анхаардаггүй, алийн болгон ингэж явах юм. Гурав, дөрвөн улсад амьдарч байгаа юм шиг тус тусдаа үйл ажиллагаа явуулж байгаагаас бидний ажил биш болоод байгаа. Ийм зорилт дэвшүүлээд нэг жил зүтгээд үзвэл яасан юм бэ, ерөнхий юм дэвшүүлээд явахгүй. Энэ бол дэндүү ойлгомжтой болсон асуудал.