Хятадын банкнаас 1 тэрбум ам.долларын зээл авахыг дэмжжээ
Долоо хоног бүрийн даваа гарагт ээлжит хуралдаанаа хийдэг хуваарийн дагуу өнөөдөр УИХ дахь АН-ын бүлэг ээлжит хуралдаанаа хийлээ. АН-ын бүлгийн хуралдаанаар УИХ-ын дарга болон Ерөнхий сайдын мэдээллийг сонсжээ. Мөн 2016 оны төсвийн тухай хуулийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийхэд бэлтгэж гишүүд санал бодлоо нэгтгэсэн байна. Тодруулбал, Ерөнхий сайдаас БНХАУ-ын Экспорт, Импорт банкнаас авах нэг тэрбум ам.долларын зээлийн ерөнхий хэлэлцээрийн талаар мэдээлэл сонссон бөгөөд хэлэлцээрийн төслийг гишүүд дэмжсэн байна.
Ерөнхий сайдын хийсэн мэдээллээр энэхүү нэг тэрбум ам.долларын 703 сая ам.долларыг нь Эгийн голын төсөл рүү зориулна. Энэ зээлд Монголын талын хүлээж буй үүрэг бол 15 хувийг нь гаргах юм байна. Харин Эгийн голын усан цахилгаан станцын ажлын эхний хэсгийг концессийн гэрээгээр хийж байгаа учраас энэ хийсэн ажлаа Засгийн газар 15 хувьдаа оруулж явахаар байгаа гэдгээ Ерөнхий сайд танилцуулсан байна. Энд одоогоор 90 орчим сая ам.долларын ажил хийгдэж байгаа ажээ. Мэдээж энэ зээлийг төлж дуусах хүртэл эрчим хүчний үнийн өөрчлөлт явагдахгүй гэдгийг мөн Ерөнхий сайд хэлжээ.
Мөн Оросын Гадаад худалдааны сайд албан ёсны мэдээлэл өгч энэхүү Монгол, Хятад, Оросын Засгийн газар хооронд хэрэгжүүлж буй төсөл арга хэмжээнд Оросын тал ямар нэг байдлаар нөлөөлөхгүй гэдгээ хэлжээ. Тийм учраас Эгийн голын усан цахилгаан станц бол хэрэгжих бүрэн боломжтой төсөл гэж үзсэн учраас АН-ын бүлэг энэхүү зээлийн хэлэлцээрийг 100 хувийн саналаар дэмжсэн байна. Түүнчлэн бүлгийн гишүүд өнөөдрийн хуралдаанд Үндсэн хуулийн өөрчлөлтийн талаар санал хэлсэн гэдгийг бүлгийн дарга Б.Гарамгайбаатар хэлсэн юм. АН-ын бүлэг Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудлыг дэмжиж байгаа. Ажлын хэсгийн мэдээлснээр Үндсэн хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай 50 гаруй гишүүний гарын үсэг цуглараагүй, тэр дундаа МАН-ын гишүүд гарын үсэг зураагүй байгаа аж.
Энэ талаар Б.Гарамгайбаатар “МАН өнгөрсөн долоо хоногийн турш улс төрийн томоохон үйл ажиллагаа зохион байгуулсан. Үүнийхээ төгсгөлд МАН Үндсэн хуулийн өөрчлөлтийг дэмжиж байгаа гэж мэдэгдсэн. Гэсэн хэдий ч яг хэрэг дээрээ МАН-ын нэг ч гишүүн гарын үсэг зураагүй гэдгийг мэдэгдмээр байна” гэсэн юм.
Харин бүлгийн хуралдааны үеэр орон нутгийн өмчийг төрийн өмчид төвлөрүүлэн татах нь зөв үү, буруу юу гэдэг талаар мөн нилээд ярилцжээ. Энэ асуудалд гишүүд санал нэгдэж чадаагүй учраас нэгдсэн байр суурьт хүрээгүй аж.