Хөх хотоос ирсэн “цүнхэнд” 90 тэрбум юань бий

2015 оны 10 сарын 27

Шинэ түншлэлийн эхлэл

ӨМӨЗО газарзүйн байршлын хувьд зүүнийг баруунтай, умардыг өмнөдтэй холбох чухал нөлөөтэй зангилаа болжээ.

 

Хятадын умард хэсэгт Монгол, Орос улстай нийт 4200 км шугамаар хил залгаж, Манжуур, Эрээн зэрэг хилийн 19 боомтоор бараа бүтээгдэхүүн, хөрөнгө мөнгийг төвлөрүүлж байна. Их хөлийн тус газарт энэ сарын 20-ны өдөр Эрээний хилийн боомтоор 300 гаруй хүний бүрэлдэхүүнтэй төлөөлөгчдийн баг 40 тонн бараа бүтээгдэхүүнтэй нэвтэрчээ. Тэд бол Монгол, Хятадын анхдугаар экспод оролцох монгол бизнесменүүдийн түүчээ. Монгол Улс, БНХАУ-ын хооронд өнгөрсөн жил байгуулсан Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа хөгжүүлэх тухай хамтарсан тунхаглалын хүрээнд хоёр улсын үзэсгэлэн худалдаа, форумыг ӨМӨЗО-ны Хөх хотод энэ өдрүүдэд анх удаа зохион байгуулж байна.

ШИЛДЭГ БҮТЭЭЛҮҮДЭЭ ТАНИЛЦУУЛЖ БАЙНА

“Өвөр монголчууд гуулин бүтээгдэхүүн илүүтэй сонирхдог. Тиймээс түлхүү авчирлаа. Мөн Дарьганга болон Ноён Сэврэй хийцийн мөнгөн аягануудаа танилцуулж байна. Түлхүүрийн арьсан оосор л гэхэд 40-50 янзын хийцтэй. “Чингис хааны хөрөг”, “Чингис хааны найман шарга”, “Хийморийн морь” гээд ер нь л шилдэг гэсэн бүтээлүүдээ дэлгэж байна” хэмээн “Бүрэн сүйх” компанийн дархан С.Цогтдэлгэр ярив. Тэр бол ӨМӨЗО, цаашилбал Хятадын зах зээлд бүтээгдэхүүнээ нийлүүлэх сонирхолтой монгол бизнесменүүдийн нэг.

Махны салбарын компаниуд найман тэрбум юанийн гэрээ байгуулав

Манай улсаас 230 компанийн 350 гаруй төлөөлөгч эх орондоо үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ танилцуулахаар Хөх хотод иржээ. Мөнгөн тоногтой эмээл, ноос ноолууран хувцас эдлэл, гоо сайхны болон хүнсний бүтээгдэхүүн тэргүүтэй нийт 600 гаруй нэр төрлийн 1.37 тэрбум төгрөгийн (4.3 сая юань) бараа, бүтээгдэхүүнийг Өвөрмонголын олон улсын үзэсгэлэнгийн танхимд дэлгэсэн байна. Арьс, ширээр бүтээгдэхүүн урладаг “Хатан гоёл” компани л гэхэд эл үзэсгэлэнд 20 гаруй мянган юанийн бүтээгдэхүүнтэй иржээ. Харин Хятадын талаас 1000 гаруй компанийн 10 мянга орчим үйлдвэрлэгч экспод оролцож байгааг албаны хүмүүс мэдээлэв.

Монгол, Хятадын худалдааны нийт эргэлт 2020 онд 10 тэрбум ам.долларт хүрэх боломжтой хэмээн хоёр улсын салбарын удирдлагууд үзэж байна. 2014 оны байдлаар энэ үзүүлэлт 6.8 тэрбум ам.доллараар хэмжигджээ. Харин манай улсад оруулсан хөрөнгийнхөө хэмжээгээр тэргүүлдэг Хятадтай хийх худалдаа, хөрөнгө оруулалтын харилцааг зохицуулсан 100 гаруй гэрээ, хэлэлцээр одоогоор хүчин төгөлдөр мөрдөгдөж буй аж. Эл гэрээ хэлэлцээрийг илүү өргөн хүрээтэй болгохоор энэхүү экспогийн үеэр хоёр тал хамтын ажиллагааны олон баримт бичгийг үзэглэхээр өнгөрсөн дөрөвдүгээр сараас хойш зэхжээ.

“WIN-WIN WITH MONGOLIA”

Эхний гэрээг “Эрдэнэс Таван толгой” компани байгуулав. Энэ онд нийт зургаан сая тонн нүүрс экспортлох төлөвлөгөөтэй тус компани энэхүү арга хэмжээний үеэр нүүрсийг Хятадын компаниудтай хамтарч баяжуулж, угаах, экспортлох гэрээг үзэглэв. “Нүүрсний экпортыг нэмэгдүүлэх чиглэлээр маш үр дүнтэй гэрээ байгууллаа. Нүүрсээ угааж, баяжуулаад гаргаснаар Хятадын зах зээлд байр сууриа бататгах бололцоо бүрдэнэ” хэмээн “Эрдэнэс Таван толгой” компанийн Төсөл, дэд бүтэц хариуцсан дэд захирал С.Цэвэгжав тодотгов.

“Хятадын хэрэглэгчдийн шаардлагыг хангасан бүтээгдэхүүн гаргахын тулд хилийн ойролцоох баяжуулах үйлдвэрүүдтэй хамтарна. Ганц мод болон Халиутын хооронд байдаг Өвөрмонголын харьяа нүүрс баяжуулах үйлдвэрүүдийн холбоотой хамтарч ажиллахаар боллоо. Ингэснээр манай бүтээгдэхүүний өрсөлдөх чадвар дээшилнэ. Мөн баяжуулах үйлдвэртэй хамтарч ажилласнаар бид өртөг зардлаа хянахаас гадна эцсийн хэрэглэгчдийн шаардлагад нийцсэн бүтээгдэхүүн нийлүүлэх боломжтой. Үнийн хувьд ч дээшилнэ. Улмаар “Эрдэнэс Таван толгой” олборлолтыг 28 сая тонн хүртэл нэмэгдүүлэх боломжтой” хэмээн тэрбээр ярьсан юм.

Түүнчлэн мах, махан бүтээгдэхүүний салбарт үйл ажиллагаа явуулдаг хувийн хэвшлийн компаниуд энэ үеэр Хятадын түнштэйгээ хамтарч ажиллах гэрээ байгууллаа. Хятадын Хорио цээр, мэргэжлийн хяналтын албаны хийсэн шалгалтын дүнд дулааны аргаар боловсруулсан мах, махан бүтээгдэхүүн экспортлох эрх авсан компаниуд эхний ээлжинд туршилтаар 1000 хүртэл тонн мах, махан бүтээгдэхүүн экспортлох боломжтой боллоо. “Монголын МХЕГ болон Хятадын Хорио цээр, мэргэжлийн хяналтын газар гэрчилгээний нэгдсэн загвар батлангуут эхний туршилтын экспорт хийнэ. Зах зээлийг судалж байгаад нийлүүлэх хэмжээгээ өсгөнө” хэмээн тэд ярив. Мах, махан бүтээгдэхүүний салбарт Монголын нийт 12 компани Хятадын түншүүдтэйгээ гэрээ байгуулагдсан бөгөөд худалдааны мөнгөн дүн нь нийт найман тэрбум юаниар хэмжигдэж байна.

Энэхүү экспогийн ач холбогдлыг “Хоёр улсын бизнес эрхлэгчид худалдаа, бизнесийн түншлэлийн харилцаа тогтоох, өргөтгөх, шинэ түншлэл, шинэ хэрэглээг бий болгох зорилготой” хэмээн Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат томьёолж байна. Харин Шадар сайд Ц.Оюунбаатар “Монгол, Хятад улс уул уурхай, аж үйлдвэрээс гадна хөдөө аж ахуйн салбарт хамтрах өргөн боломжтой” хэмээн тодотгоод, “Win-win with Mongolia” буюу харилцан ашигтай хамтрахыг үйлдвэрлэгч, бизнес эрхлэгчдэд уриаллаа.

Экспогийн эхний хоёр өдрийн байдлаар Монгол, Хятадын компаниуд нийт 90 тэрбум юанийн гэрээ байгууллаа. Энэ сарын 27 хүртэл үргэлжлэх экспогийн үеэр нийт 100 тэрбум юанийн гэрээ байгуулах төлөвтэй хэмээн ӨМӨЗО-ны Худалдааны танхимын дэд дарга Гүо Ган тэмдэглэсэн юм.

Экспогийн үеэр хөрөнгө оруулалтын томоохон уулзалт, арга хэмжээ зохион байгуулсан бөгөөд Монгол Улсын Их Хурал, Засгийн газрын төлөөлөгчид оролцож, гадаадын хөрөнгө оруулагчдад хүнд сурталгүй, ил тод, тогтвортой бизнесийн орчин амлаж байлаа. Монгол, Хятадаас гадна эл арга хэмжээнд БНСУ, ОХУ тэргүүтэй 20 орчим улсын бизнесменүүд оролцож байна.

ЭДИЙН ЗАСГИЙН ХАРИЛЦААГ НЭГ ШАТ АХИУЛЛАА

Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат:
Хоёр улсын эдийн засгийн харилцаанд онцгой өөрчлөлт гаргасан, ялангуяа мөнхийн хоёр хөршийн эдийн засгийн харилцааг нэг шатаар ахиулсан үйл явдал болж байна. Монгол, Хятад хоёр орны ард түмний соёл, уламжлал, худалдаа, эдийн засаг үргэлж хүйн холбоотой байсан. Одоо зохион байгуулагдаж буй арга хэмжээнд талууд маш сэтгэл хангалуун байгаа.

Эрээний хилийн боомтоор 300 гаруй хүний бүрэлдэхүүнтэй төлөөлөгчдийн баг 40 тонн бараа бүтээгдэхүүнтэй нэвтэрчээ

Ийм экспог цаашид байнга зохион байгуулах талаар хоёр орны Засгийн газрын хэмжээнд ярилцах нь зүйтэй юм байна. Монголын бүтээгдэхүүн энэ том зах зээл, цаашилбал дэлхийн зах зээлийн шаардлагад дөхөж очиж байгааг энэ үйл явдал харууллаа. Түүнээс гадна хоёр хөрш хамтарч боловсруулах үйлдвэр байгуулах, бараа бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх шинэ технологийг Монголын түүхий эд дээр хамтран хийгээд зөвхөн энэ хоёр зах зээл биш Европын, дэлхийн зах зээлд гаргах бүрэн бололцоо нээлттэй байгаа нь харагдлаа.

ХЯТАДУУД АДУУНЫ МАХАН БҮТЭЭГДЭХҮҮН ИХ СОНИРХОЖ БАЙНА

Аж үйлдвэрийн яамны Жижиг, дунд үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Г.Билгүүн:
Үйлдвэрлэл эрхлэгч нар БНХАУ-аас голдуу тоног төхөөрөмж авах сонирхолтой байдаг. Монгол Улсын хэмжээнд нийт тоног төхөөрөмж авах хүсэлтийн 40 хувь нь БНХАУ-аас худалдан авах сонирхолтой байдаг. Тийм учраас бид тоног төхөөрөмж худалдан авахад Монгол Улсын Хөгжлийн банкны зүгээс Хятадын талтай хамтран санхүүжилтийн механизм бий болгох санал тавилаа. Хоёрдугаарт, тухайн төхөөрөмж орж ирээд техникийн эвдрэл үүсэх үед Хятад руу явж сэлбэг авахгүйгээр Монголд төлөөлөгчийн газар бий болгохыг хүссэн.

Хятадууд адууны мах, махан бүтээгдэхүүн, дулааны аргаар боловсруулсан хүнсний бүтээгдэхүүн сонирхож байна. Мөн оёдлын салбарт хамтарч ажиллах хүсэлтэй байна. Форумд үзэсгэлэн худалдаанаас гадна хөрөнгө оруулагч хайж 60 орчим аж ахуйн нэгж Монголоос ирсэн.

ӨРСӨЛДӨХ ЧАДВАРАА ДЭЭШЛҮҮЛЭХ ШААРДЛАГАТАЙ

МҮХАҮТ-ын дарга М.Оюунчимэг:
МҮХАҮТ-ийн гишүүн 230 компанийн 350 гаруй бизнес эрхлэгч өөрийн бараа бүтээгдэхүүнийг дэлгэж үзүүлэхээр 230 павильон энд ажиллуулж байна. Манай бүтээгдэхүүнүүд эрэлт хэрэгцээ ихтэй, олон хүн сонирхож байна. Монголын экспортын барааг гадаад, ялангуяа том зах зээл дээр гаргахад МҮХАҮТ-аас дэмжлэг үзүүлж, он гарснаас хойш Эрээн, Шинжаан, Жилин муж, Сиянь зэрэг хотод удаа дараа үзэсгэлэн форумуудыг зохион байгууллаа. Монголын бараа бүтээгдэхүүн маш их эрэлттэй болох нь харагдаж байна. Гэхдээ энэ том зах зээлд байр сууриа бат эзлэхийн тулд өрсөлдөх чадвараа дээшлүүлэх, олон нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх шаардлагатай нь харагдаж байна.

Мөн МҮХАҮТ Шилийн гол аймгийн Олон улсын худалдаа, аялал жуулчлалын төвтэй хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Шилийн гол аймгийн уг төвд 10 павильон, 60 лангууг эхний жилд үнэгүй ашиглах боллоо. Ингэснээр арьс шир, ноос ноолуур, хивс болон бусад бүтээгдэхүүнийг Шилийн гол аймагт танилцуулах өргөн боломж олдож байна. Цаашид ӨМӨЗО-ны томоохон хотуудад энэ төвүүдийг ажиллуулах, бизнес эрхлэгчдийг шинэ техник технологитой танилцуулах олон төрлийн арга хэмжээг зохион байгуулахаар МҮХАҮТ БНХАУ-ын Худалдаа, аж үйлдвэрийн танхим, Худалдааг дэмжих хороотой мөн яриа хэлэлцээ хийж байна.

МОНГОЛЧУУДЫН ХУВЬД ХЯТАДЫН ЗАХ ЗЭЭЛ НЭЭЛТТЭЙ

ӨМӨЗО-ны Худалдааны танхимын дэд дарга, Экспо зохион байгуулах Ажлын хэсгийн Хятадын талын дарга Гүо Ган:
Монголын бизнес эрхлэгчид цаашид анхаарах шаардлагатай хэд хэдэн зүйл анзаарагдлаа. Нэгдүгээрт, манай улсын хуулийн дагуу импортын барааны шошго дээр хятад хэлээр тайлбар заавал байх ёстой, мөн Хятадын Мэргэжлийн хяналтын байгууллагаас баталгаа гаргуулах шаардлагатай. Хоёрдугаарт, бараа үйлдвэрлэгч нь ямар чадвар, туршлагатай компани болох, аж үйлдвэрийн нөхцөл, ариун цэврийн байдал, бүтээгдэхүүний онцлог, орц, тэдгээрийг хаанаас худалдан авдаг зэргээ хэрэглэгчдэдээ дэлгэрэнгүй танилцуулах ёстой. Ингэж чадвал монголчуудын хувьд манай зах зээл нээлттэй, маш өргөн боломж бий. Жишээлбэл, БНСУ-ын бүтээгдэхүүн Хятадын зах зээлд амжилттай байгаа. “Алтанбулаг” хивс гэх мэт олон жилийн туршлагатай, брэнд бүтээгдэхүүнүүдээ монголчууд түлхүү танилцуулах хэрэгтэй.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
26017
0 эможи
keyboard_arrow_up