Сайн төсвийн саарал асуудлууд
2016 оны улсын төсөв онцгой сайн болж байгаа шинэлэг байдлаар боловсруулж байгаа талаар ихэд сонслоо. Мэдээж өөрсдийнхөө боловсруулсан төсвийг хэн муулах вэ. Магтаж л таараа. Харин шинэ төсвийн төсөөлөл үнэхээр тийм магтууштай сайн болсон уу? Англи хэлэнд “Read between the lines” гэж хэлц үг байдаг. Бичвэрийн мөрүүдийн дундахыг олж унш гэсэн үг. Өөрөөр хэлбэл, бичвэрийн цаад утгыг ойлго, нягтлан хар гэж байгаа юм. Тэгвэл төсвийг жаахан нягтлан харвал яасан юм бэ гэж бодлоо.
ДОТООДЫН НИЙТ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ДОТОР ЛУУ ӨНГИЙВӨЛ
Өнгөцхөн харсан хүнд шинэ төсвийн төсөөлөл бас ч гэж муугүй шүү гэж бодогдохоор, төсөвт тавигдсан өрийн тааз (54.4 хувь), төсвийн алдагдал (3.27 хувь) гээд тоон хязгаарлалтуудыг угт нь тулгаагүй, орлогыг нэмэгдүүлсэн, зардлыг танасан, хянасан гээд давгүй шүү л гэмээр, нэг л үзүүлэлтийг эс тооцвол шүү дээ. Төсвийн зардалд тавьдаг хязгаарлалтуудыг бид суурь үзүүлэлт болох ДНБ-д харьцуулсан харьцаагаар тодорхойлдог. Гэтэл шинэ төсөвт ДНБ-ийг 27.58 их наяд төгрөг байхаар тусгасан нь нэрлэсэн үнийн дүнгээр 2015 оныхоос (23.6 их наяд хүлээгдэж буй бодит гүйцэтгэл) даруй 17 хувиар томорсон, биелэх үндэслэл муутай хэт хөөрөгдсөн харагдаж байна.
Инфляцын төвшин доор, 3-4 хувь бөгөөд тогтворжиж байгаа өнөөгийн нөхцөлд нэрлэсэн үнийн дүнгээр тооцсон ДНБ-ий харьцуулалтууд харьцангуй бодит төсөөллийг өгөх нь дамжиггүй. ДНБ-ийг хэдий чинээ өндөр тогтооно, төдий чинээгээр зардлыг зохиомлоор өсгөх орон зай үүсэх бөгөөд хуульд заасан 55 хувийн өрийн тааз, дөрвөн хувийн төсвийн алдагдал гэсэн хязгаарлалтууд үр дүн муутай байна гэсэн үг.Бид ирэх жилүүдэд бий болох эдийн засгийн хүндрэлүүдийн талаар олонтаа ярьсаар, зах зухаас нь амссаар атал ДНБ-ийг ийн хэт өндрөөр тооцсоныг юу гэж ойлгох билээ.
Хэрэв бид 2016 оны ДНБ-ийг 27.58 их наяд бус харин 25.96 их наяд (17 хувь бус харин 10 хувь тэлнэ гэж үзвэл) байна гэвэл манай улс төсөвлөсөн төсвийн алдагдлаасаа 52.7 тэрбум төгрөгийг хэмнэх төдийгүй засгийн газрын өрийг 900 тэрбум төгрөгөөр багасгах боломжтой байх болно (хүснэгтийг хар).Тиймээс суурь үзүүлэлт болсон ДНБ-ийг бодитойгоор, хөрсөн дээр буусан дүнгээр төсөөлөн тооцох нь нэн чухал юм.
ИЛ ТОД БАЙДЛЫН ХУУЛИЙН “ИД ШИД”
Орлогыг нэмэгдүүлж зарлагыг танасан төсөв бөгөөд энэ нь өнөө хэрэгжиж буй Эдийн засгийн ил тод байдлын хууль болоод хэмнэлтийн горимын үр дүн хэмээжээ. Урсгал орлогыг 43.9 тэрбум буюу 0.6 хувиар нэмэгдэхээр төлөвлөснийг харахад үнэхээр тийм ч юм уу гэж бодогдмоор. Гэвч 2008 онд хэрэгжсэн Татварын өршөөлийн хуулиар “ил болсон” гэх “4.5 их наяд”-аас их биш юм гэхэд түүнтэй дүйцэхүйц хэмжээний хөрөнгө ил болно гэж сурталчилж буйгаар бол орлогын татвар, үүн дундаа аж ахуйн нэгжийн орлогын албан татвар (ААНОАТ) өсөх учиртай. Гэтэл үгүй хэмээжээ. Нийт орлогын албан татвар дөрвөн хувиар багасч үүн дундаа ААНОАТ-ыг 2015 оныхоос даруй 91.8 тэрбум буюу 14 хувиар буурахаар тооцоолсныг юу гэж ойлгох вэ? Яг л 2008 оны Татварын өршөөлийн хуулиар тухайн жилийн эдийн засагтайгаа бараг дүйцэхүйц хэмжээний хөрөнгө “ил болоод” үр дүнд нь ААНОАТ 2007 оныхоос 50 тэрбум буюу даруй 18-20 орчим хувиар буурсан гаж үзэгдэл давтагдах болно гэж ойлгох уу.
ЗАРДЛЫГ ТАНААГҮЙ, ХАРИН ЗАРЛАГА ӨССӨН
Зардлыг танасан уу гэвэл үгүй. Харин ч урсгал зардал 5.82 их наядаас 6.06 их наяд болж 4.1 хувиар өссөн. Урсгал зардлын 25 хувийг эзэлдэг цалин хөлсийг 14 хувиар буулгасан хэдий ч бараа үйлчилгээний бусад зардал, татаас шилжүүлгүүд бүгд өсөлттэй байгаа нь зардлын хуваарилалтад өөрчлөлт оруулснаас бус зардлыг танасан зүйл үгүй гэж харагдаж байна. Өрийн үйлчилгээний төлбөр нэмэгдсэн, цаашид ч нэмэгдсээр байх болно. Хүн ам өсөөд буй тул зардал хэмнэгдэхээс яах вэ гэсэн үнэмшил муутай тайлбарт хүмүүс хууртагдахаа байсан. Харин бид тансаглал, үргүй зарлагыг танаж чадахгүй байна гээд үнэнээ хэлбэл ойлгоно.
Татварын зарлага хэмээх татварын хөнгөлөлт, чөлөөлөлтийн хэмжээ өссөн нь анхаарал татахгүй байхын аргагүй. 2016 оны төсөвт татварын зарлагыг 622.3 аас 675.3 тэрбум болон өсөхөөр тусгасан нь татварын хөнгөлөлтийн 3/4 хувийг эзэлдэг Онцгой, Гааль, НӨАТ-ийн татварын хөнгөлөлт эдэлдэг тусгай эрх бүхий компаниудыг ихээхэн “харж үзсэн” хэрэг. Мэдээж энэ бол ихээхэн маргаан дагуулсан, тусгай сэдэв болгон хэлэлцэх асуудал.Хэдийгээр онцгой албан татварын орлогыг өсөхөөр тусгасан ч нөгөө талдаа онцгой албан татвар төлдөг нэгжүүд татварын хөнгөлөлт эдлэх замаар эцсийн дүндээ татвар төлөхгүй байх, эсвэл татварын онцгой хөнгөлөлт эдэлдэг хэвээр үлдэх боломжтой. Ямартай ч бензин, тос импортолдог компаниудын хувьд татварын бүр ч илүү тааламжтай орчин бүрэлдэхээр харагдаж байна.
Магтаад байгаа төслийг магадалж нэг үзвэл маргаантай асуудлууд байна. Эдийн засгийн гадаад орчин доройтсон энэ цаг үед дотоодын нөөц бололцоонд тулгуурлах боломж муутай тогтолцоотой манай улсын хувьд суурь үзүүлэлт болсон ДНБ-ийг хөөсрүүлэлгүй, бодитойгоор тооцох нь хүлээгдэж буй эдийн засгийн хүндрэлүүдийг хохирол багатайгаар даван туулах үндэс болно гэдгийг анхаарах шаардлагатай байна. Сайшаан яриад буй Ил тод байдлын хууль, орлогын өсөлт, зардлын таналт, татварын хөнгөлөлтийн цаана саар асуудлууд байна. Зааг завсартай “зальжин” төсөв болсон гэж үзэх үндэслэл байна.Өмнөх жилүүдийнхээ алдааг давтан тодотгол хийх шаардлага гарах вэ. Энэ жилийн төсвийн алдагдал ирэх жилийн төсвийн хорогдол болно гэдгийг санацгаая.
Эдийн засагч Х.Батсуурь