Дэлхийн банк: Монголын эдийн засаг 3.3 хувиар өснө
Бүс нутгийн эдийн засгийн өсөлт удааширсаар байна
Монгол Улсын хувьд төлбөрийн тэнцлийн хүндрэлээс шалтгаалсан эдийн засгийн удаашрал үргэлжилж байна.
Эдийн засагт цэвэр дүнгээр орж ирсэн гадаадын шууд хөрөнгө оруулалт ДНБ-ий нэг хувьтай тэнцжээ. Энэ нь эдийн засгийн идэвхжил саарахад гол нөлөө үзүүлж буй. Үүнээс гадна түүхий эдийн үнэ дэлхийн зах зээл дээр буурсан нь бодит өсөлтөд сөргөөр нөлөөлжээ. Ингэснээр Монголын эдийн засаг энэ оны эцэст 3.3 хувиар, ирэх онд 4.1 хувиар өсөх төлөвтэйг Дэлхийн банкны ээлжит тайланд тодотгожээ.
Түүхий эд экспортлогч орны хувьд эдийн засгийн өсөлт болон төсвийн орлого сүүлийн таван жилийн доод түвшиндээ ирээд байна. Харин ирэх онд “Оюутолгой” төслийн далд уурхайн нөлөөгөөр хөрөнгө оруулалтын орох урсгал сэргэхээр байгаа аж. Энэ нь эдийн засгийн урт хугацааны тогтвортой өсөлтөд эерэг нөлөө үзүүлнэ гэж Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Жеймс Андерсон онцоллоо. Тэрбээр “Монгол Улс өнөөгийн хүндрэлтэй нөхцөлд төсөв, мөнгөний хянамгай бодлого хэрэгжүүлэх нь ононо” гэж тодорхойлсон юм.
Зүүн Ази, Номхон далайн бүс нутгийн орнууд эдийн засгийн өндөр өсөлтөө энэ онд хэвээр хадгалах боловч цаашид буурах төлөвтэйг Дэлхийн банкнаас анхааруулж байна. Энэ бүс нутагт багтаж буй орнууд макро эдийн засгийн оновчтой менежментэд анхаарах шаардлагатай гэж тус банкны Зүүн Ази, Номхон далайн бүс нутаг хариуцсан дэд ерөнхийлөгч Аксел Ван Троценбург үзэж байна.
Тэрбээр бүс нутаг дахь хөгжиж буй орнуудын эдийн засгийн өсөлтийн хандлага нь бодлого боловсруулагчдад бүтцийн өөрчлөлтийн бодлогоо үргэлжлүүлэх ёстойг сануулж байна хэмээн тайлбарласан юм. Саарч буй эдийн засгаа хурдасгахын тулд хөрөнгө оруулагчдын итгэлийг олох нь чухал хэмээн Аксел Ван Троценбург нэмж хэллээ. Түүний үзэж буйгаар дээрх бодлогын үр дүнд хүртээмжтэй өсөлт бий болж, улмаар ядуурлыг бууруулахад чухал нөлөөтэй аж.
Дэлхийн банкны энэ удаагийн эдийн засгийн тайлан нь бүс нутагт тулгараад буй эдийн засгийн сорилт, бэрхшээлүүдэд илүү анхаарал хандуулсан байна. Өндөр орлоготой орнуудын эдийн засгийн өсөлт алгуур сэргэж байгаа юм. Харин хөгжиж буй орнуудад өргөн хүрээг хамарсан эдийн засгийн удаашрал улам бүр газар авч байна. Ялангуяа түүхий эдийн үнэ дэлхийн зах зээл дээр хямдарч байгаа нь экспортлогч орнуудад томоохон сорилт болж байгааг Аксел Ван Троценбург тайлбарлалаа.
Зүүн Ази, Номхон далайн бүс нутгийн орнуудад эдийн засгийн идэвхжил харилцан адилгүй байсаар. Тухайлбал, БНХАУ-ын эдийн засаг энэ онд долоон хувиар өсөх төлөвтэй байгаа бөгөөд алгуур саарахаар байна. Энэ нь Хятадын эдийн засгаа илүү хэрэглээ, үйлчилгээний салбарт тулгуурласан байхаар зураглаж буй бүтцийн өөрчлөлтийн бодлоготой холбоотой аж. Зүүн Азийн бусад орны хувьд өсөлт нь өмнөх оны түвшинтэй адил буюу 4.6 хувиар энэ онд өсөхөөр байна.
Манай бүс нутгийг хариуцсан ахлах эдийн засагч Судир Шетти хэлэхдээ “АНУ бодлогын хүүгээ өсгөхөөр төлөвлөж байгаа болон Хятадын эдийн засагт бүтцийн өөрчлөлтийн бодлого хэрэгжиж байгаагаас бүс нутгийн орнуудын хувьд өсөлт нь удаашрах төлөвтэй байна” хэмээн дүгнэсэн юм. Шинэ тайланд дурдсанаар Хятадын эдийн засгийн идэвхжил 2016-2017 онд алгуур саарна гэж таамаглаж байна. Учир нь Хятадын Засгийн газрын өрийн хэмжээ бага, банкны системээс хөрөнгө гадагшлах эрсдэлийг хууль, журмаар сайн хязгаарлаж чадсан. Үүнээс гадна санхүүгийн салбарт төр голлох үүрэгтэй байдаг нь эдийн засгийн өсөлт саарах тохиолдолд түүний эсрэг авч хэрэгжүүлэх бодлогын орон зайтай, дархлаа сайн байх боломжтой гэж Дэлхийн банкныхан үзэж байна.