1.5 сая төгрөгөөс дээш цалинтай 50 мянган ажил эрхлэгч бий
Үндэсний статистикийн хорооны мэдээлснээр улсын хэмжээнд 1.5 сая төгрөгөөс дээш цалинтай 50 мянга гаруй ажил эрхлэгч байна.
Харин 170 гаруй мянган иргэн улсын дунджаас дээгүүр буюу 900 мянгаас дээш төгрөгийн цалин авч байгаа болохыг статистик мэдээллээс харж болохоор байгаа юм.
Өөрөөр хэлбэл, хөдөлмөр эрхэлж буй таван хүн тутмын нэг нь дунджаас дээгүүр цалин авч байна. Тухайлбал, алт олборлогч “Boroo Gold” компанийн ажилтнуудын дундаж цалин улсын дунджаас хоёр дахин их байгаа аж. Мөн “Transwest Mongolia” компани болон “Эрдэнэт” үйлдвэр дундаж цалингийн үзүүлэлтээрээ “Boroo Gold”-ын араас бичигдэж, улсдаа тэргүүлж байна. 6000 гаруй ажилтантай “Эрдэнэт” үйлдвэрийн дундаж цалин 1.5 сая төгрөг аж.
Харин Иргэний нисэхийн ерөнхий газрын Агаарын хөдөлгөөний үйлчилгээний хэлтэс, ДЦС-4, МИАТ зэрэг төрийн өмчит компани дундаж цалингийнхаа хэмжээгээр тэргүүлж байгаа юм. Мөн төрийн өмчит хамтарсан компаниудын дундаж цалин хоёр сая төгрөг, гадаадын хөрөнгө оруулалттай компанийн дундаж цалин 1.5 сая төгрөг байгаа тухай Үндэсний статистикийн хорооноос мэдээлэлж байна.
Улсын дундаж цалин хоёрдугаар улиралд жилийн өмнөхөөс 8.5 хувиар нэмэгдэж, 850 мянган төгрөг болжээ. Өнгөрсөн оны аравдугаар сард төрийн зарим байгууллага цалингийн доод жишгийг 15 хувиар нэмэгдүүлсэн нь үүнд нөлөөлсөн байна. Мөн аж ахуйн нэгж байгууллагын орон тооны цомхтгол, ээлжийн амралт зэрэг нь дундаж цалингийн өсөлтөд нөлөөлсөн гэж статистикийн байгууллага үзэж байгаа юм.
Э.Нарантунгалаг