Хүүгүй хөрөнгө оруулалт

2015 оны 9 сарын 24

Тэрбумаар тоологдох хүүгүй хөрөнгө оруулалтыг дараах аргаар олдог-

Хүүе, хүүгийн зардал төлөлгүйгээр бизнестээ мөнгө эргэлдүүлдэг ухаалаг хүмүүс цаагуур чинь байна. Хүү төлөлгүйгээр мөнгө хэрхэн олоод байгааг уншигч танд сонирхуулъя. Энгийн ойлгомжтой юм шиг хэрнээ, лавшруулж бодоход гайхалтай ч гэмээр санаа шүү. Тэгэхдээ энэ аргыг ашигладаг компанийн нэр хүндэд халдахгүй байх үүднээс нэрийг нь нууцалж буйгаа нийтлэлийнхээ эхэнд тэмдэглэе.

АРГА №1

Түрээслүүлэгч компанийн талаар энд дурдмаар санагдлаа. Нэрийг нь нууцалж байгаа учраас зүгээр л “Дэлгүүр” гээд нэрлэчихье. “Дэлгүүр”-ийнхэн надад лангуу түрээслүүлсэн юм. Сарын сая төгрөг авах гэнэ. Байршил сайтай, үйлчлүүлэгч олонтой газар боломжийн үнээр лангуу түрээсэлчихлээ. Гэхдээ гэрээнд ганц л хэцүү заалт байгаа юм.

Би өөрийн борлуулж байгаа цамцнаас аваад бүтээгдэхүүнүүдээ зарахдаа мөнгөө өөрөө шууд авахгүй гэнэ. Заавал “Дэлгүүр”-ийн кассанд манай үйлчлүүлэгч мөнгөө өгөх учиртай ажээ. Сүүлийн үед моодонд орсон хөнгөлөлтийн картыг тэд бас гаргачихаж. Надаас цамц авахдаа “Дэлгүүр”-ийн үйлчлүүлэгч тодорхой хэмжээний бонус эдэлнэ гэсэн үг.

Тэгтэл нөгөө талаас, миний энэ сард цамц зараад олох мөнгийг “Дэлгүүр” авчихлаа. Тэд тухайн сардаа миний мөнгийг бизнестээ хэрхэн эргэлдүүлж буйг дараа сард нь өгөх юм. Тухайн сардаа ямар ч хүүгийн төлбөргүй бэлэн мөнгийг өөрийн бизнестээ эргэлдүүлдгийг уншигч Та харж байна. Миний нэг сарын орлоготой дүйх хэмжээний мөнгийг тэд банкнаас зээлсэн бол багадаа л нэг хувийн хүү төлнө, тийм үү. Мөн ганцаар ч тогтохгүй олон хүн тус компанийн лангууг түрээсэлдэг гээд бод доо.

АРГА №2

Барьцаа гээч нэг юм бий. Үйлчилгээний байгууллагууд голдуу барьцаа авдаг. Тиймээс "Арга №2"-оор мөнгө олдог компанийг “Үйлчилгээ” гэж нэрлэе. Тус компаниас би сарын эцэст төлбөрөө төлөх нөхцөлтэй дугаар авсан юм. Ингэхдээ барьцаанд нь 60 мянган төгрөг өглөө. Дугаараа дахин солих үедээ өнөөх барьцааны мөнгөө буцааж авах боломжтой. 10, 20 эсвэл бүр нэг жилийн дараа өнөөх 60 мянган төгрөгөө л авна.

Тухайн сардаа ямар ч хүүгийн төлбөргүй бэлэн мөнгийг өөрийн бизнестээ эргэлдүүлдэг. Яг үүнтэй адил мянга мянган хүн дээрх 60 мянган төгрөгийг “Үйлчилгээ” компанид тушаадаг. Эл мөнгөнд ямарваа нэг хүүгийн төлбөр бодохгүй. Хэрэв би банканд өнөөх барьцааны мөнгөө байршуулсан бол нэг сард хамгийн багадаа нэг хувиар өсдөг дүрэмтэйг мартаж боломгүй. Үүнээс гадна, хар ухаанаар бодоход тэрбумаар нь тоологдох мөнгийг эл аргаар тус компани бизнестээ “үнэгүй” эргэлдүүлдэг юм билээ.

Эцэст нь, дээр дурдсан хоёр аргаар олон хүнээс бага хэмжээний мөнгө авдаг. Дуслыг хураавал далай гэдэгчлэн бизнест эргэлдүүлэх их хэмжээний хөрөнгөө бага багаар ийн олж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
25425
0 эможи
keyboard_arrow_up