294 мянган өрх ипотект хамрагдана
Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамнаас нийт өрхийн дунд судалгаа явуулж 20 бүлэгт хуваасан билээ. Тодруулбал, нийт өрхийг хэрэглээ, амьжиргааны түвшнээр нь 1-20 бүлэгт хуваасан юм. Ингээд 7-15 дугаар бүлэгт багтсан иргэд ипотекийн зээлд хамрагдах боломжтой хэмээн тодорхойлсон. Энэ талаар Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны Нийгмийн халамжийн албаны дарга Б.Алтантулгаас тодрууллаа.
-Судалгаа явуулсны дүнд Монгол Улсын нийт өрхийг 20 бүлэгт хувааж амьжиргааны түвшнийг тодорхойлсон. Жишээлбэл, ипотекийн зээлд хамрагдах боломжтой гэж үзсэн 7-15 дугаар бүлгийн өрх хэд байна вэ. Тэдний цалинг хэд гэж тооцсон бэ?
-Энэ судалгааг Монгол Улсын 21 аймаг, есөн дүүргийн хэмжээнд зохион байгуулсан. Ингэснээр нийт өрхийн 86 хувь буюу 713 мянгыг хамруулсан гэсэн үг. Өрхийн амьжиргааны түвшнийг 1-20 гэсэн хэсэгт хуваасан. Ингэхдээ 1-6 дугаар бүлэгт багтсан өрхийг төрөөс дэмжлэг үзүүлэх шаардлагатай эмзэг бүлгийнхэн гэж тооцсон. Энэ бүлэгт 135 мянган өрх багтсан. Харин дундаж давхаргад 7-15 дугаар бүлгийг хамруулсан. Энд 294 мянган өрх багтсан. Эдгээр өрхийн хувьд Засгийн газраас хэрэгжүүлж буй ипотекийн зээлд хамрагдах боломжтой гэж үзсэн.
-Тэгвэл амьжиргааны түвшин дээгүүрт тооцогдох хэсэгт хэчнээн өрх хамрагдаж байна вэ?
-16-20 дугаар бүлэгт багтсан өрхийг амьжиргааны түвшин дээгүүр хэмээн тодорхойлсон. Энэ бүлэгт 230 мянган өрх бий гэх судалгаа гарсан.
-Зарим тохиолдолд ипотекийн зээлд хамрагдах хүсэлтэй, зорилтот бүлгийнхэн 7-15 дугаар бүлэгт багтаагүй гэх хэсэг байна. 7-15 дугаар бүлэгт хэдэн төгрөгийн цалинтай, ямар өрхүүд багтаад байна вэ?
-Энэ судалгааг хийхдээ өрхүүдийн орлогын түвшнийг тодорхойлох гээгүй. Тиймээс цалин, орлогын талаар мэдээлэл өгөх боломжгүй. Харин бүлгийг тодорхойлохдоо судалгаанд хамрагдсан өрхүүдээс асуулга авсан. Ингэхдээ гурван төрлийн асуулгыг бөглүүлсэн. Нэгдүгээрт тухайн өрхийн ам бүлийн тоо, гишүүдийн хамаарлыг авч үзсэн. Харин хоёрдугаар бүлэгт хөдөлмөр эрхэлдэг эсэх, боловсролын түвшин, нийгмийн даатгалын шимтгэл төлдөг эсэх гэсэн асуулга бий. Гуравдугаар хэсэгт амьжиргааны түвшинг тодорхойлох асуулга орсон. Тухайн өрх газартай, байртай эсэх зэргээр хөрөнгийн асуулга орсон. Эдгээр шалгуураар бүлгийг тодорхойлсон.
-Судалгаанд дурьдсанаар ипотекийн зээлд хамрагдах боломжтой, 7-15 дугаар бүлгийн дундаж давхаргын өрх 294 мянга байна гэж гаргасан. Гэтэл бодит байдал дээр эдгээр өрх үнэхээр ипотекийн зээлээр байр авах боломжтой эсэх нь эргэлзээтэй. Энэ бүлгийнхэн үнэхээр ипотекийн зээлд хамрагдах боломжтой гэж үү?
-Энэ хөтөлбөр бол өөрөө нийгмийн дундаж давхаргыг орон сууцжуулах, нөгөө талаар барилгын салбарыг дэмжиж, эрэлт нийлүүлэлтийг тэнцвэржүүлэх зорилготой. Энэ ч утгаараа Барилга хот байгуулалтын яам, Сангийн яамнаас судалгаа хийж 7-15 дугаар бүлгийн иргэд орон сууцжуулах хөтөлбөрт хамрагдах боломжтой юм байна гэсэн үр дүн гаргасан.