2017 онд бүх аймаг хатуу хучилттай замаар холбогдоно
Зам дагаж, тээврийн сүлжээ эдийн засгийн эргэлтэнд орно
Шийдлийн Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн гол асуудал бол бүх аймгуудыг хатуу хучилттай замаар холбох. Тэр дундаа баруун аймаг, сумдыг хатуу хучилттай замаар холбож дуусах нь эдийн засгийн хувьд өндөр ач холбогдолтой гэж Засгийн газар тооцоолсон. Жишээлбэл Хөвсгөл аймаг энэ жил засмал замтай болсноор тус аймгийг зорих гадна, дотны жуулчдын тоо эрс нэмэгджээ. Энэ бол зам дагаж хөгжил ирнэ гэдгийн нэг илрэл гэдгийг Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат тайлбарлалаа. Уг нь Шинэчлэлийн Засгийн газрын үед 2015 он гэхэд 21 аймгийг Улаанбаатартай холбоно гэж төлөвлөсөн ч, хөрөнгө оруулалтын асуудлаас болж ажил удааширч, өнгөрсөн гуравдугаар сард баруун аймгуудад хатуу хучилттай зам тавих ажлыг концессын гэрээгээр гүйцэтгэхээр шийдвэрлэсэн юм. Хөрөнгө оруулалтын газар одоогоор нийт 389.7 километр замыг концессоор барихаар компаниудтай хамтран ажиллах гэрээ байгуулж, ажил эхэлсэн байна. Үндсэндээбаруун чиглэлийн дөрвөн замыг концессоор барина. Улмаар энэ сарын 09-12-ны өдрүүдэд Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбатаар ахлуулсан ажлын хэсэг баруун таван аймгийн замын бүтээн байгуулалтын ажилтай явж, танилцлаа. Баянхонгор аймгийн Бууцагаан сумаас Алтай чиглэлийн 126.7 километрийн замын зураг төсөл гарч, газар шорооны ажлаа эхлүүлжээ. Харин Алтай-Дарви чиглэлийн 165 километр замын хөрс шорооны ажил жигдэрч, далан байгуулах, өнгөн хөрсийг хуулж, нягтруулах ажил үргэлжилж байна. Увс аймгийн Сонгино-Хяргас нуурын зүүн хаяа чиглэлийн 135.5 километр замын тухайд хөрөнгө оруулагч, захиалагч, гүйцэтгэгч хооронд хамтран ажиллах албан ёсны гэрээ хийгдээгүй ч, замын хөрс хуулах, нягтруулах, ус зайлуулах хоолой, бетон гүүр барих ажлыг гүйцэтгэгч талаас хийж эхэлжээ. Өөрөөр хэлбэл баруун аймгуудад зам тавих ажил эд өрнөж байна. Гүйцэтгэгч компаниуд энэ намар гэхэд хөрс хуулалт, газар шорооны гол ажлаа нугалаад, ирэх хавар гэхэд хучилтын ажлаа эхэлж, дуусгах төлөвлөгөөтэй явна. Зам тавихад хамгийн гол анхаарах зүйл бол технологи, замаа хийж чадах хүчин чадал,туршлага байдаг гэв. Тэгвэл энэ удаагийн 100-аас дээш километр замуудыг Хятадын хоёр том компани гардан, үндэсний компаниуд туслан гүйцэтгэгчээр хариуцлагатай ажиллаж буйг Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат онцолсон юм.
Мөн тэрбээр "Баруун бүсийнхэний хөгжлийг хангахын тулд дээрх замуудыг маш хурдан тавьж, холбох шаардлагатай. Ялангуяа урд, хойд хөрштэйгээ эдийн засгийн коридорын асуудлыг ярьж, шийдвэрлэхийн тулд баруун аймгуудын зам чухал ач холбогдолтой. Тодруулбал урд, хойд хоёр хөршийн хооронд худалдааны томоохон тээвэрлэлтийн асуудал хүчтэй хөндөгдөж буй энэ боломжийг Монгол Улс алдалгүй зүүн, баруун хэсгийнхээ замтай хоёр улсын тээвэрлэлтийг холбож, улсынхаа автотээврийн сүлжээг хөгжүүлж, эдийн засгийн эргэлтэнд оруулах боломж бий"-г тодотгов. Иймээс ч барьж, шилжүүлэх нөхцөлтэйгээр замын ажлыг урагшлуулах нь зөв гэж, компаниудтай концессын гэрээг байгуулж эхэлжээ.
126.7 километр замыг 76 сая 963 мянга 494 ам.доллараар барина
Баянхонгор Алтай чиглэлийн 126.7 километр замыг барих өртөг 76 сая 963 мянга 494 ам.доллар. Үүнийг өнөөдрийн /09.15/ Монгол банкны долларын ханшаар тооцвол 153 тэрбум 696 сая төгрөг болох юм. Замыг барих гүйцэтгэгчээр "Эрчим хүчний барилга угсралтын трест" компани шалгарсан. Харин замын ажилд хяналт тавьж, зөвлөхөөр "Аварга зам" компани ажиллана. Зураг төслийн тухайд "Байдраг" голоос "Бууцагаан" сум хүртэлх, Бууцагаанаас Говь-Алтайн Дэлгэр гэж хоёр хэсэгт хуваан гарсан. Замын үндсэн ажил 2017 оны есдүгээр сард хүлээлгэн өгөх энэ сарын 09-өөс албан ёсоор эхэлжээ. Уг нь Засгийн газар, гүйцэтгэгч талууд хооронд хамтран ажиллах гэрээ өнгөрсөн зургадугаар сард хийгдсэн ч, Бууцагаан сумын удирдлагатай үл ойлголцох шалтгаанаар ажил удааширчээ. Тодруулбал дээрх чиглэлийн замын зураг төсөл батлагдан гарсаны дараа Бууцагаан сумаас урагш гурван километр орчим газарт эрчим хүчний дэд станц, цэвэрлэх байгууламж барьсан. Улмаар батлагдсан зураг төслийг өөрчилж, улсын чанартай замыг Бууцагаан сумаар дайрч өнгөрөх хүсэлтээ сумын удирдлагын зүгээс гүйцэтгэгч компанид ирүүлээд байжээ. Холбогдох хууль журмандаа улсын чанартай замыг хүн ам төвлөрсөн газраар дайруулах нь аюултай гэж үздэг байна. Иймээс албаныхан дээрх асуудлыг хэлэлцэн нэгэнт батлагдсан зураг төслийг өөрчлөхгүй байх. Хуулиа дагаж зам дайран өнгөрөх газрыг чөлөөлөх, Бууцагаан сумруу чиглэсэн туслах замыг шийдэж өгөх хэлбэрээр тохиролцон ажиллахыг Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат үүрэг болголоо. Мөн гүйцэтгэгч талд тус чиглэлийн замыг төлөвлөсөн хугацаандаа заавал ашиглалтанд оруулах ёстойг сануулсан юм. Найман сантиметрийн зузаантай, найман метрийн өргөнтэй хоёр эгнээтэй замын хөрөнгийг Монгол Улсын Засгийн газар 2017 оны 12 дугаар сараас эхлэн 2019 оны 12 дугаар сарын 20 хүртэл таван удаа 15 сая 392 мянга 698 ам.долларыг тухайн үеийн Монголбанкны ханшаар хөрвүүлэн тооцож, эргэн төлөх юм.
Алтай-Дарви чиглэлийн зам ирэх зун ашиглалтад орно
Говь-Алтай чиглэлийн зам баруун аймгуудыг холбох гол тулгуур. Иймээс Засгийн газар тус чиглэлийн замыг түргэн хугацаанд ашиглалтад оруулахын тулд хоёр хэсэгт хуваан тендэр зарлаж, гүйцэтгэгчийг шалгаруулсан байна. Алтай-Дарви чиглэлийн эхний 165 километр замыг 569 сая 49 мянга 587 юань буюу өнөөдрийн /09.15/ Монгол банкны ханшаар тооцвол 178 тэрбум 112 сая 520 мянган төгрөгөөр барих юм. Тухайн зам ашиглалтад орсноос нэг жилийн дараа буюу 2017 оны гуравдугаар сараас эхлэн Засгийн газар хөрөнгө оруулагч талуудад эргэн төлөлтийг хийж эхэлнэ. Ингэхдээ 2020 оны гуравдугаар сар хүртэл 110-213 сая юаний хооронд дөрвөн удаа хуваан төлөх юм. Өнгөрсөн зургадугаар сард эхэлсэн 165 километр замын ажил одоогоор 20 хувийн гүйцэтгэлтэй явна. Ерөнхий гүйцэтгэгчээр нь "Монгол ЛЗ гүүр" компани, зөвлөх компаниар "Мөнхөд Ашдын зам" ажиллаж байна. Тус замын зураг төслийг "Ти би ай", "Аварга зам" компаниуд 2009 онд гаргажээ. Замын ажил хоёр багцад хуваагдан үргэлжилнэ. Ерөнхий замын өргөн 8.2 метр, зузаан нь найман сантиметр байх юм. Тус чиглэлийн замын ажлын хүрээнд Говь-Алтай-Ховд аймгуудын газар нутгийг заагласан "Ээвийн гол"-ын гүүрийг шинэчлэн барина.
Өнгөрсөн зургадугаар сард устай бороо орсны улмаас хүчтэй үер болж, "Ээвийн гүүр" нуран унажээ. Гэхдээ тодорхой зураг төсөл батлагдан гараагүй учир гүйцэтгэгч, зөвлөх компаниудын зүгээс шууд гүүрийг барих боломжгүй.
Яаралтай гүүр барих нэмэлт хөрөнгө, зураг төслийг гаргаж, шийдэх шаардлагатайг "Мөнхөд Ашдын зам" зөвлөх компанийн захирал Н.Мөнхбаясгалан өгүүлэв. Ажил гүйцэтгэгчдийн зүгээс тус гүүрийг шинэчлэхэд 1.4 сая ам.доллар шаардлагатай гэж тооцжээ.
Ингэхдээ одоогийн 24 метрийн урттай гүүрийг 36 метр болгон уртасгаж, өөрчлөх хүсэлтээ Хөрөнгө оруулалтын газар, Зам тээврийн яам, Аж үйлдвэрийн сайдад уламжилсан юм.
Зарим орон нутаг замын ажлыг удаашируулдаг
Бодит баримтыг дурдъя. Говь-Алтай, Ховд аймгийн нутгийн зааг орчмоос эхэлж, Дарви сумын баруун урд талаар өнгөрөх 98 километр зам. Зам барих нийт өртөг 118 тэрбум буюу 377 сая 554 мянган юань. Эргэн төлөлтийг Монгол Улс 2017 оны гуравдугаар сараас эхлэн хийнэ. Ингэхдээ нийт төсөвт өртөгийг дөрвөн хэсэгт хувааж, 73 сая юаниас 141 сая юань хүртэлх төлбөрийг төсөл хэрэгжүүлэгч талд өгөх юм. Улмаар ирэх оны долдугаар сард хүлээлгэн өгөх нөхцөлтэйгээр "Лунзянь роуд энд бридж" компани тус замыг гүйцэтгэгчээр нь шалгарч ажлаа өнгөрсөн хавар эхэлжээ. Зам барих ажил шуурхай явагдаж буй ч Дарви сумын захиргааны зүгээс сумын төвдөө хатуу хучилттай замыг ажлын хөлсгүйгээр гүйцэлдүүлэх саналыг гаргаж, гүйцэтгэгч компанийн хэрэглээний усыг хоригложээ. Мөн Дарви сумын нутагт байрлах "Магнай трейд" болон "Шунхлай"-н шатахуун түгээх станцууд нь замын трасст орж, шилжүүлэх шаардлага тулгарчээ. Дээрх газруудад сумаас 2009 онд газрын зөвшөөрөл өгсөн байдаг байна. Энэ нь Алтай-Дарви чиглэлийн замын ажил удааширахад нөлөөлснийг гүйцэтгэгч талаас тайлбарлалаа. Ямартай ч энэ удаад Дарви сумынхан гүйцэтгэгч талтай ойлголцож, ашиглагдах материалын зардлыг орон нутгийн төсвөөсөө гарган сумын төвдөө засмал замыг бариулахаар болсон юм. Харин шатахуун түгээгүүрүүдийг нүүлгэн, шилжүүлэх ажлыг захиалагч тал буюу Хөрөнгө оруулалтын газар, Аж үйлдвэрийн яам талуудад хандаж, шийдэх юм байна. Харин Увс аймгийн Сонгино-Хяргаст нуурийн зүүн хаяа чиглэлийн 135.5 километр замыг барихаар БНХАУ-ын "Шинжан Шинфа" компани шалгарч, газар шорооны ажил 80 хувьтай явна. Гэхдээ хөрөнгө оруулагч тал тус замыг барих хөрөнгийг шийдэж, гаргаж өгөөгүй байна. Шалтгаан нь Аж үйлдвэрийн яамнаас гэрээ байгуулах хугацааг заагаагүй гэдэг тайлбарыг Чех улсын хөрөнгө оруулагч "Бохим" компани өгчээ. Ингэж хөрөнгө оруулалт удааширвал замыг хүлээлгэн өгөх хугацаа хойшилно гэж Увс аймгийн засаг дарга Б.Цэндсүрэн өгүүлэв.
Тэрбээр "Хяргас нуур" чиглэлийн тус зам ашиглалтад орвол Увс аймгийн аялал жуулчлал хурдтай хөгжинө.Түүнээс олох орлого нэмэгдэнэ" гэсэн юм. Өөрөөр хэлбэл зам дагаж, баруун аймгуудад орох орлого нэмэгдэж, хөгжил сайжирна гэж үзжээ. Удахгүй Хөрөнгө оруулалтын газраас тус замыг барих төсөлд хөрөнгө оруулагчийг тодорхойлж, хамтран ажиллах гэрээг байгуулах юм. Гэрээний төсөлд дээрх 135.5 километр зам барих төсөвт өртөг 76 сая 879 мянга орчим ам.доллар байна гэж тооцжээ. Харин хөрөнгө оруулалтын эргэн төлөлтийг Монгол Улсын Засгийн газар 2017 оны долдугаар сараас эхлэн 19 сая 219 мянга ам.долларыг дөрөв хувааж 2020 он хүртэл төлнө гэж төлөвлөсөн байна. Замд зориулсан хөрөнгийг буцаан төлөхдөө төсөвт ачаалал өгөхгүй. Мөн улсын төсөл хэлэлцэх үеийн ам.доллар, юанийн ханшаар төлбөрийг хөрвүүлэн тооцож өгнө.
Ингэхдээ хоёр талын аль нэгд нь алдагдал, ашиг гарвал дараагийн төлбөрт дараах төлбөрийг тооцон суутгах зарчмаар өрөө төлнө гэдгийг Хөрөнгө оруулалтын газрын хэлтсийн дарга Ч.Батбаяр ярьсан юм.
Ямартай ч концессын гэрээгээр хийгдэж буй замын бүтээн байгуулалт ид өрнөж байна. Энэ намартаа багтааж газар шорооны ажлаа дуусгана. Харин ирэх хавраас зам хучилтын ажлаа хийгээд явна гэсэн төлөвлөгөөг гүйцэтгэгч компаниуд гарган ажиллаж буй юм.