ОХУ Хятадтай нарийн царигаар холбогдоно

2015 оны 9 сарын 15

ОХУ-ын Тээврийн яамны шийдвэрээр тус улсын Приморийн хязгаар дахь Зарубино боомтоос Орос-Хятадын хилийн Махалино өртөө хүртэлх төмөр замыг олон улсын стандартын нарийн царигтай барихаар болжээ. Энэ талаар тус улсын Коммерсант сонины вэбсайт мэдээлсэн байна. Тодруулбал, дээрхи чиглэлд ОХУ-ын өөрийнх нь гэгддэг 1520 мм-ын өргөн царигийг өмнөд хөршийн 1435 мм-ийн нарийн царигтай хослуулан барих аж. Ингэснээр Хятадын ачаа тээврийн галт тэргүүд ОХУ-д саадгүй нэвтэрч, далайд гарцтай Зарубино боомтын үйл ажиллагаа олон улсын түвшинд хөгжих ач холбогдолтой гэж үзжээ. Махалино-Зарубино чиглэлийн 60 км төмөр замын барилгын ажлыг тус улсын Сумма групп хариуцан гүйцэтгэх бөгөөд нийт 30-40 сая ам.долларын хөрөнгө оруулалтаар ердөө хагас жилд багтаан барихаар төлөвлөж байгаа юм.

ОХУ Хятадтай өөрийнх нь царигаар холбогдох боломжтой болсныг энэ 9-р сарын 4-нд Владивосток хотод болсон Алс дорнодын эдийн засгийн чуулга уулзалтын үеэр ОХУ-ын Тээврийн сайд Максим Соколов албан ёсоор мэдэгдсэн. Энэ талаар Оросын Тээврийн яамны орлогч сайд Алексей Цыденов хэлэхдээ “Шинэ төмөр замын ачаа тээвэрлэх хүчин чадал ойролцоогоор 60 сая тонн байх болно. Энэ чиглэлд нарийн царигтай төмөр зам тавих нь өндөр ач холбогдолтой. Нэгдүгээрт, цаг хугацаа хэмнэхээс гадна ачаа шилжүүлэн ачихтай холбоотой үргүй зардал, чирэгдэл хэмнэгдэнэ. Нөгөөтэйгүүр, маш богино хугацаанд барьж ашиглалтанд оруулах боломжтой хэр нь бодитой үр дүн өгөх төсөл юм. Тээврийн дэд бүтцийн хөгжлөөр бүс нутгийн хөгжлийг яаж дэмжиж болдгийг энэ төмөр замын төсөл тод харуулна гэж үзэж байгаа. Цаашлаад ОХУ-ын хувьд Ази-Номхон далайн бүсийн интеграцчилалд идэвхитэй нэгдэх боломж юм” гэжээ. Түүний хэлснээр, Зарубино хүртэл нарийн царигтай төмөр зам барих шийдвэр ОХУ-ын дотоодод хэдийн эцэслэгдсэн бөгөөд удахгүй Орос-Хятадын тээврийн асуудал хариуцсан хамтарсан комиссоор баталгаажих юм байна. Ийнхүү Орос-Хятадын хоорондох төмөр замын царигийн зөрүүг арилгаж, далайн боомтын үйл ажиллагааг идэвхжүүлснээр Оросын Алс дорнодын хязгаар болон Хятадын талаас хиллэдэг Жилинь мужид эдийн засгийн нөхцөл байдал илт сэргэж, олон талт эерэг нөлөө харагдах нь дамжиггүй байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
25150
0 эможи
keyboard_arrow_up