Орон сууцны 10 хувийн урьдчилгаатай зээлд ХЭН ХАМРАГДАХ ВЭ

2015 оны 8 сарын 31

Засгийн газрын ээлжит хуралдаанаар орон сууцны ипотекийн зээлийн баталгааны журмыг баталсан. Журамд урьдчилгаа төлбөрийн баталгааны нөхцөлийг инженерийн дэд бүтцэд бүрэн холбогдсон, эрх бүхий байгууллагын шийдвэрээр ашиглалтад хүлээн авсан шинэ орон сууцны үнийн дүнгийн 10 хувийг бэлнээр харилцах дансанд байршуулан төлж, ипотекийн зээлийн шалгуур үзүүлэлтийг хангасан иргэнд орон сууцны үнийн дүнгийн 20 хүртлэх хувьд Хөгжлийн банкнаас баталгаа гаргуулахаар тусгажээ.

Хөгжлийн банк нь ипотекийн зээлийн баталгаа гарган хамтран ажиллахаар санхүү, төсвийн болон барилга, хот байгуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, арилжааны банкуудтай гэрээ байгуулах бөгөөд зээлдэгчийн сар бүрийн үндсэн төлбөрөөс эхний ээлжинд Хөгжлийн банкны баталгааны дүнтэй тэнцүү хэмжээний төлбөр бүрэн төлөгдөж дуусмагц баталгаа дуусгавар болох юм. Уг шийдвэрийн дагуу орон сууцны үнийн 20 хувийн баталгааг хэрэгжүүлэх зорилгоор 200 тэрбум төгрөгийн зээлийн баталгааг арилжааны банкуудад гэрээний үндсэн дээр гаргахыг Хөгжлийн банкны төлөөлөн  удирдах  зөвлөлд даалгасан болно. Иймээс төрөөс төсөвлөсөн 200 тэрбумын зээлийн баталгаа эздээ олсны дараа урьдын адилаар 30 хувийн урьдчилгаа авах журамдаа эргэн орох юм. Манайд орон сууцны 8 хувийн зээл хэрэгжиж эхэлснээс хойш 300 гаруй мянган өрх шинээр орон сууцанд хамрагдсан байна. Жилд 37206 өрх орон сууцтай болж байна гэсэн тооцоог гаргажээ.

-ЗЭЭЛД ХАМРАГДАХЫН ТУЛД ТОДОРХОЙ ШАЛГУУР ХАНГАХ ЁСТОЙ-

Орон сууцны ипотекийн зээлийн баталгаа гаргуулах иргэнд тавигдах шалгуур үзүүлэлтийг анх удаа үндсэн зээлдэгчээр шинэ орон сууцыг ипотекийн зээлээр худалдан авч буй, тогтмол орлоготой, сүүлийн хоёроос доошгүй жил нийгмийн даатгалын шимтгэлийг тасралтгүй төлсөн, ипотекийн зээлийг эргэн төлөх орлого нь банкны шалгуураар нотлогдсон байх ёстой. Орон сууцны ипотекийн зээлийн баталгаа гаргуулах иргэний хүсэлтийг хянан шийдвэрлэх, ипотекийн зээлийн баталгааг тайлагнах, хяналт тавих үйл ажиллагаа болон бусад холбогдох асуудлуудыг журамд оруулсан байна.

Иргэн амьжиргааны төвшний тодорхойлолтоо гаргуулахын тулд сум, хорооны нийгмийн ажилтанд хандан өргөдөл гаргана. Уг өргөдлийг нийгмийн ажилтан хүлээн авч мэдээллийн сангаас хайлт хийж тухайн өрх мэдээллийн санд багтсан эсэхийг тодорхойлно. Хүсэлт гаргасан иргэний өрх нь судалгаанд хамрагдан амьжиргааны төвшнөө үнэлүүлсэн нөхцөлд амьжиргааны төвшний аль бүлэгт хамаарч байгаагаар програмаас тодорхойлолт гаргаж өгнө.

Хэрвээ тухайн өрх амьжиргааны түвшний үнэлгээгээр орон сууцны ипотекийн баталгааны журамд нийцсэн буюу 7-15 дах бүлэгт хамаарч байгаа нөхцөлд програмаас гарсан тодорхойлолтыг иргэнд өгч аймаг, дүүргийн нийгмийн халамжийн хэлтэст уламжлан хэлтсийн даргын гарын үсэг, тамгаар баталгаажуулсан тодорхойлолт гаргуулахаар аймаг, дүүргийн хэлтэс рүү явуулна. Харин дээрхи бүлгүүдэд багтаагүй нөхцөлд аль бүлэгт хамаарч байгааг тодорхойлсон хариуг иргэнд гарган өгч зохих зөвлөмжөөр хангах аж. Орон сууцны ипотекийн зээлд хамрагдахын тулд “Өрхийн мэдээллийн нэгдсэн сан”-гийн 7-15-р бүлэгт багтсан байх ёстой.

-ЗЭЭЛД ХАМРАГДАХАД “ӨРХИЙН МЭДЭЭЛЛИЙН САН” ЧУХАЛ ГЭВ-

Энэ талаар албаны хүн мэдээлэхдээ “ҮСХ-ны дарга, ХАХНХ-ын сайдын хамтран баталсан аргач­лалын дагуу Монгол Улсын нийт өрхийн амьжиргааны төвшинг тодорхойлсон. Улмаар тэдгээрийг амьжиргааны төвшнээр хамгийн бага хэрэглээтэйгээс өндөр хэрэглээтэй рүү нь эрэмбэлэн “Өрхийн мэдээллийн нэгдсэн сан”-г бүрдүүлсэн. Энэхүү мэдээллийн санг Засгийн газраас нийт өрх, хүн амд зориулан хэрэгжүүлэх бодлого үйл ажиллагаанд олон салбар нэгэн зэрэг ашиглах боломжийг бүрдүүлэн ажиллаж байна. Тухайлбал, дундаж хэрэглээтэй өрх, хүн амыг орон сууцжуулах зорилгоор Засгийн газраас хэрэгжүүлж байгаа Орон сууцны урьдчилгаа төлбөрийн баталгаа гаргуулах үйл ажиллагаа юм.

Өрхийн мэдээллийн нэгдсэн санд байгаа нийт өрхийг амьжиргааны төвшнээр нь хамгийн бага хэрэглээтэйгээс өндөр хэрэглээтэй рүү эрэмбэлэж, амьжиргааны төвшний 20 бүлэгт хуваасан. Үүнээс 7-15 дугаар бүлэгт байгаа 294 мянга гаруй өрхийг дундаж давхаргын өрх, хүн ам гэж тооцон орон сууцны ипотекийн зээлийн үйлчилгээнд хамруулахаар болсон. Хэрвээ тухайн өрх мэдээллийн сангаас мэдээлэл нь олдохгүй, эсвэл судалгаанд хамрагдаагүй гэдэг нь тогтоогдсон нөхцөлд дахин үнэлгээнд (Өрхийн амьжиргааны төвшнийг үнэлэх) хамруулах талаар иргэнд зохих хариуг програмаас гарган өгнө. Түүнчлэн судлаач тохирсон хугацаанд тухайн иргэний гэрт зочлон судалгаа авч мэдээллийн санд оруулж өрхийн амьжиргааны төвшинг үнэлэн өрхийг аль бүлэгт хамаарах тодорхойлолт гаргаж өгөх боломж бүрдэх талаар тайлбар өгч ажиллана” гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
24753
0 эможи
keyboard_arrow_up