Японы бизнесийн төлөөлөгчид Монголд айлчилж байна
Монгол-Японы хооронд байгуулсан эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн хүрээнд “Эдийн засгийн форум” зохион байгуулагдах гэж байна. Энэхүү форумын үеэр Монгол-Японы нийгэм, эдийн засгийн өнөөгийн болон хэтийн төлөв, хөрөнгө оруулалтын орчин зэрэг үндсэн сэдвийг хөндөх юм. Мөн уул уурхай, зам тээвэр, эрчим хүч, аж үйлдвэр, хүнс хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааны боломжийн талаар хоёр талын төлөөлөгч нар илтгэл тавина “Эдийн засгийн форум”-д оролцохоор Японы талаас Японы эдийн засгийн байгууллагуудын холбооны Ерөнхийлөгч тэргүүтэй бизнесийн төлөөлөгчид хүрэлцэн иржээ. Тухайлбал дэлхийд автомашин үйлдвэрлэлээрээ тэргүүлэгч “Toyota”, “Mitsubishi”, “Shimizu”, “Sojitz”, “Obayashi” зэрэг компанийн ТУЗ-ийн дарга нар хүрэлцэн ирсэн байна. Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Япон Улсын Ерөнхий сайд Шинзо Абэ нар Эдийн засгийн түншлэлийн тухай Монгол Улс, Япон Улс хоорондын хэлэлцээрт хоёрдугаар сарын 10-ны өдөр гарын үсэг зурсан юм. Үүнээс хойш бэлтгэл ажлууд хийгдэж байгаа талаар Монгол Улсаас Япон улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд С.Хүрэлбаатар онцолсон юм. Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулснаар тухайн оны худалдааны үнийн дүнгийн 90 гаруй хувийг импортын гаалийн тарифаас шууд болон 10 жилийн хугацаанд үе шаттайгаар чөлөөлөхөөр харилцан тохиролцсон байдаг аж. Барааны ангиллаар авч үзвэл Монголын тал 97 бүлгийн 5700 орчим нэр төрлийн бараа, Японы тал 97 бүлгийн 9300 орчим төрлийн барааны импортын гаалийн тарифыг шууд чөлөөлөх эсвэл 10 жилийн хугацаанд үе шаттайгаар бууруулах юм.