Нийгмийн даатгалын сангийн орлого 45 хувиар буурчээ
Нийгмийн даатгалын сангийн орлого оны эхний долоон сард 766.9 тэрбум төгрөг байсан бол зарлага 895.7 тэрбум төгрөгт хүрчээ. Энэ нь өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулбал орлого 15.8 тэрбум төгрөг буюу 2.1 хувь, зарлага 161.4 тэрбум төгрөг буюу 22 хувиар өссөн үзүүлэлт юм байна. Нийгмийн даатгалын санд төвлөрүүлдэг орлогуудаас тэтгэврийн даатгалын сангийн орлого 17.3 тэрбум төгрөг буюу 3.3 хувиар буурсан байна. Гэсэн хэдий ч эрүүл мэндийн даатгалын сангийн орлого 19.8 тэрбум төгрөг буюу 16.2 хувь, үйлдвэрлэлийн осол мэргэжлээс шалтгаалах өвчний даатгалын сангийн орлого 7.7 тэрбум төгрөг буюу 16.3 хувиар өссөн дүн гарчээ. Нийгмийн даатгалын сангийн орлого энэ оны долдугаар сард өмнөх сарынхаас 66.2 тэрбум төгрөг буюу 45 хувь, зарлага 29.2 тэрбум төгрөг буюу 19.9 хувиар буурчээ.