Иргэд худалдан авалтынхаа хоёр хувийг буцаан авдаг болно
Нэмэгдсэн өртөгийн албан татварын /НӨАТ/ тухай хуулийг өнгөрсөн долдугаар сард УИХ шинэчлэн баталсан. Ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжих тус хуулиар иргэд төлсөн татварынхаа 20 хувь буюу нийт худалдан авалтын үнийн дүнгийн хоёр хувийг буцаан авах, сугалаанд оролцох боломжтой болно.
Тодруулбал, иргэн та жижиг дэлгүүр, ресторан, томоохон худалдааны төв, гоо сайхны үйлчилгээ, ямар худалдаа, үйлчилгээнд хамрагдсанаас үл хамааран гаргасан зардлынхаа хоёр хувийг буцаан авдаг болох юм. Ингэхдээ та төлбөрөө банкны карт ашиглан хийсэн тохиолдолд илүү хялбар байх гэнэ.
Виза картгүй, бэлэн мөнгөтэй яваа үедээ худалдан авалт хийвэл тухайн газраасаа талоноо хадгалах учиртай. Худалдан авалтын баримтаа оны эцэс хүртэл цуглуулж, харьяаллынхаа татварын газарт өгнө. Жишээлбэл, иргэн та сард сая төгрөгийн худалдан авалт хийлээ гэж тооцоход 20 мянган төгрөгийг эргүүлэн авна.