ХЭН ЮУ ХЭЛЭВ? ЭДИЙН ЗАСГИЙН САЛБАРТ ӨНГӨРСӨН ДОЛОО ХОНОГ....
Эийн засгийн салбарт энэ долоо хоногт Хэн, Юу хэлсэн талаар танд хүргэж байна. /2015.06.15-2015.06.19/
Гадаад хэргийн дэд сайд Н.Оюундарь
Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын дээд түвшний уулзалт ирэх долдугаар сарын 9-10-ны хооронд ОХУ-н Уфа хотноо болно.
ШХАБ-аас эдийн засгийн томоохон хэмжээний төслүүдийг хэрэгжүүлж амжаагүй байгаа. Хятадын талаас санал болгосон Монгол, Орос, Хятадын “Эдийн засгийн коридор” байгуулах хөтөлбөр боловсруулах тухай харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурах боломжтой. Мөн Оросын холбооны улсын талаас санал болгосон “Монгол, Орос, Хятад гурван улсын хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэх замын зураг”-ийн төсөл, Монголын талаас санал болгож буй Монгол, Орос, Хятад гурван улсыг дамнасан “Эдийн засгийн коридор” байгуулах Засгийн газар хоорондын хөтөлбөрийг нэгтгэх юм. Манай орны хувьд эдийн засгийн талын төслүүдийг илүүтэйгээр дэмжих байр сууринаас оролцоно.
Өдрийн сонин 2015.06.18 №151 /5103/
УИХ-ын гишүүн гишүүн Д.Хаянхярваа
Эхний ээлжид 350 сая ам.долларын бонд гаргаж төсвийн алдагдлаа нөхнө гэж байгаа юм билээ. Энэ нь үнэн хэрэгтээ дотоодын эдийн засгийн нөхцөл байдал онцгүй болсны л хамгийн тод илэрхийлэл л дээ. Банк бус санхүүгийн байгууллагуудын хүү өндөр, бонд гаргаад ч авах байгууллага тун хомс байгаагийн шинж. Харин төсвийн алдагдлыг нөхөх зорилгоор гадаадаас бонд босгоно гэдэг бол тийм сайн үзүүлэлт биш. Дотоодын зах зээл дээр бондоо борлуулж чадахгүй байна гэсэн үг. Банк бус санхүүгийн байгууллагуудын чадахви тааруу байгаагийн баталгаа гэж хэлж болно.
Монголын үнэн 2015.06.17 №115 /22883/
Монголбанкны дэд Ерөнхийлөгч Э.Батшугар
Ам.долларын ханш суларна гэж байгаа нь монгол төгрөг чангарч байна гэсэн үг. Энэ нь мэдээж эдийн засгийн хувьд эерэг талтай. Манай улсын банкууд гадаад зах зээлээс бонд босгосон. Том төслүүд хөдлөх магадлал өндөр боллоо. Тэгэхээр энэ бүхнээс харахад эерэг зүйл харагдаж байгаа юм. Төвбанкнаас төгрөгийн ханш харж бодлогоо тодорхойлдоггүй. Инфляцийг харж тодорхойлдог. Өнөөдрийн зах зээлд бүх улс холбоотой. Манай улсын эдийн засаг жижигхэн хэдий ч уян хатан байдаг. Жаахан ч гэсэн өөрчлөлт ороход сэргэхдээ амархан байдаг.
Улстөрийн тойм 2015.06.16 №109 /1315/
Монголбанкны Мөнгөн тэмдэгт, үнэт зүйлсийн газрын захирал П.Сүхбаатар
Алт тушаат, алтны гаралт өмнөх оныхоос нэмэгдэх хандлага ажиглагдаж байгаа. Энэ нь аж ахуйн лицензийг буцааж олгосонтой холбоотой. Алтны нөөц нэмэгдэж байгаагаас үүдэн валютын нөөц ч тодорхой хэмжээгээр өсч байгаа нь эдийн засагт дэмжлэг үзүүлдэг.
АТМ-ээс хуурамч мөнгө гарна гэж байхгүй. Энэ бол боломжгүй зүйл. Бэлэн мөнгөний машин дээд зэрэглэлийн таних төхөөрөмжэй. Скочтой мөнгө хүртэл гардаггүй.
Банкны мөнгө тоолох машин өнөөгийн шаардлагын хэмжээнд хүрдэггүй. Дээр нь манай арилжааны банкууд дугаарлалт ихтэй. Иргэд яарч, сандраад хурдан тоологдоод явчих нь бий. Тиймээс иргэд гараараа тэмтэрч, дахин нэг нягтлахад буруудах зүйлгүй. Тэгэхгүй бол өөрөө хохирно гэдгээ сайн бодох хэрэгтэй.
Улс төрийн тойм 2015.06.18 № 111 /1317/
Санхүүгийн зохицуулах хорооны Бичил санхүүгийн бүтээгдэхүүн, хөгжлийн хэлтсийн дарга А.Баянмөнх
Бид бусад улс орнуудын ижил төрлийн санхүүгийн зах зээлтэй хөл нийлэн алхахын тулд банк бус санхүүгийн байгууллагын салбарт мөрдөгдөж байгаа хуулийн шинэчилсэн найруулгыг батлуулах, эрсдэлд суурилсан хяналт шалгалтын тогтолцоонд шилжих, зайны хяналтыг боловсронгуй болгох зайлшгүй шаардлагатай байна. Мөн иргэдэд хүргэх санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр банк бус санхүүгийн байгууллагуудын бусдаас эх үүсвэр татах боломж, төсөл хөтөлбөрийн зээлд хамруулах чиглэлээр бодлогоор дэмжих нь бидний үүрэг юм.
Өдрийн сонин 2015.06.17 №150 /5102/