Хөнгөлөлттэй зээлд хамрагдсан төслүүдийн 95,9 хувь нь хэвийн хэрэгжиж байна
Аж үйлдвэрийн яамнаас 2015 оны 3-5 дугаар сард хөнгөлөлттэй зээлд хамрагдсан аж ахуй нэгжүүдийн хөнгөлөлттэй зээл авсан төслүүдэд мониторинг хийжээ.
Засгийн газрын бонд, Чингис бондын зээл, ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас 2012-2014 онд 419,7 тэрбум төгрөгийн зээл авсан нийт 1680 төслийн 88 хувь буюу 1479 төсөлд мониторинг хийжээ. Мониторингийн дүнгээр 1479 төсөл буюу 95,9 хувь нь хэвийн хэрэгжиж байгаа талаар тус яамнаас мэдээллээ.
Нийт зээлийн 83,5 хувийг эргэлтийн хөрөнгөө нэмэгдүүлэх, тоног төхөөрөмж худалдан авахад зарцуулжээ. Ингэснээр тухайн аж ахуйн нэгжийн ажлын байр, үйлдвэрлэлийн хүчин чадал нь нэмэгдсэн, дэвшилтэт техник, технологи нэвтрүүлсэн, шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ бий болгосон, зах зээлээ өргөтгөснөөр борлуулалтын орлого нь дунджаар 20-30 хувиар нэмэгджээ.
Түүнчлэн жижиг дунд үйлдвэрүүдэд 5529 ажлын байр хадгалагдаж, 5871 ажлын байрыг шинээр бий болгосон байна. Аж үйлдвэрийн яамнаас мэдээлснээр эдийн засагт өгч буй үр өгөөжийг ажлын байр талаас нь харсан гэв.
Харин 23,3 тэрбум төгрөгийн зээл авсан 61 төслийн хэрэгжилт хангалтгүй буюу хэвийн бус хэрэгжилттэй байна гэлээ.
Зориулалтын бусаар ашигласан:
22 төслийн зээлийг арилжааны зээл рүү шилжүүлэх
20 төслийн арилжааны хүүд шилжүүлэх эсэхийг шийдвэрлэх
19 төсөлд дахин мониторинг хийх шаардлагатай талаар Аж үйлдвэрийн яамнаас мэдээллээ.
Хөнгөлөлттэй зээлийг:
2012-2014 онд ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас жижиг, дунд үйлдвэрийг дэмжих зорилгоор 1572 төсөлд 241,4 тэрбум төгрөг
2013-2014 онд Засгийн газрын бонд, Чингис бондын эх үүсвэрээс арьс, шир ноос ноолуур, оёдол, оёмол бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор 108 төсөлд 178,2 тэрбум төгрөг
2013 онд ЕБС-ийн сурагчийн дүрэмт хувцасны үйлдвэрийг дэмжиж 23 тэрбум төгрөг
2013-2014 он Сум хөгжүүлэх сан 13198 иргэн, аж ахуй нэгжид 75,9 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгожээ.
Сүүлийн гурван жилийн хугацаанд нийт 14897 төсөлд 518,6 тэрбум төгрөгийн зээл олгожээ.