Эдийн засгийн салбарт өнгөрсөн долоо хоногт Хэн,Юу хэлэв?
Эдийн засгийн салбарт өнгөрсөн долоо хоногт Хэн, Юу хэлсэн талаар танд хүргэж байна. /2015.05.18-2015.05.25/
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг: Монголын талын хувийг 54.9 болгох бүх тохиролцоог хийсэн
Монголын тал энэ төслийн өгөөжийн 53 хувийг, Рио Тинто 47 хувийг авна гэдэг зүйл байнга яригддаг. Гэхдээ энэ тухай урьд нь ямар нэгэн баримт бичигт огт тусгагдаагүй байсан. Далд уурхайг эхлүүлэх төлөвлөгөөнд энэ тухай албан ёсоор тусгасан. Ингээд хоёр талаас бүх тооцоогоо нэгтгэсэн.
Өмнө нь хоёр тал янз бүрийн тоо ярьдаг байсан. Одоо бол хоёр талын тооцсон тоонууд нэгдсэн нэг тоон дээр очсон. Энэ дагуу тооцоход түрүүний 53:47 гэдэг харьцаа өөрчлөгдөж Монголын талд 54.9 хувь болохоор бүх тохиролцоогоо хийсэн. Одоо бол 54.9 гэдэг тоон дээр тохиролцсон.
/Arslan.mn 2015.05.21/
Монголын худалдаа аж үйлдвэрийн танхимын тэргүүн Б.Лхагважав: Японоос Монголд орж ирэх хөрөнгө оруулалтын урсгал чөлөөтэй боллоо
Наад зах нь манайхаас 5700 бараа бүтээгдэхүүнийг Японы зах зээл рүү гаргана. Нэр төрлөөр нь гэрээнд оруулсан байгаа. Улс төр, хууль эрх зүй, боловсролын талаас гэрээ бүх боломжийг нээгээд өгчихсөн. Одоо ашиг орлого олох, тэр Японы том зах зээл рүү гаргах, үр шимийг нь хүртэх гарц нээлттэй болсон. Мөн Японы том зах зээлийг хоёрдогч түүхий эдээр юм уу, тэнд бүтээгдэхүүн нийлүүлэх, хангах бололцоо нь нээгдэж байгаа юм.
Японоос импортолж байгаа бараа бүтээгдэхүүний 60 гаруй хувь нь автомашин байгаа. Үүнийг дагаад сэлбэг орж ирдэг байгаа. Өнөөдөр манай валютын гол эх үүсвэр бол автомашины худалдаа, сэлбэгт явж байдаг. Өнөөдөр уул уурхай, барилгын салбар зогсонги байдалд орсон тохиолдолд автомашин, сэлбэг дийлж байна.
Япон руу мянган инженер бэлтгэх төслийг хоёр жилийн өмнө Л.Гантөмөр сайдсанаачлаад энэ нь ажил хэрэг болоод, 1000 инженер явах эхнийхээ болзлыг хангаж байгаа юм байна. Магистр, докторын хэмжээнд, зэргийн бус сургалт байгаа. Залуус Японд суралцаад ирэхэд нь ажиллах зах зээл нь бэлэн байх ёстой. Тийм учраас танхим тэднийг хөдөлмөр эрхлэхэд нь зуучлах юм.
/Өдрийн сонин 2015.05.20 №126/
-Татварын ил тод байдал, өршөөлийн хууль цаг үеийн шаардлагатай холбоотой
Татварын өршөөлийн хуулийн төслөөр бол ямар нэг хэмжээний алдаа эндэгдэл гаргаж, тэр нь шүүхээр орж ял шийтгэл авсан байвал өршөөл үзүүлэх юм. Энэ нь УИХ-ын онцгой эрхэд хамаатай. Үүнийг Эдийн засгийн өршөөлийн хууль гэж нэрлэж байгаа бөгөөд үүнд мөрдөн байцаах ажиллагаа явагдаж ял авсан, татварын байгууллагын акт тавьсан аж ахуйн нэгжийг хамруулах бололтой. Манай Эрүүгийн хуулиар татвараа нуун дарагдуулсан юм уу татвараас зайлсхийсэн аж ахуйн нэгж компанид эрүүгийн хэрэг үүсгэдэг заалт байхгүй. Харин компанийн захирал, нягтлан зэрэг эрх бүхий хувь хүнд эрүүгийн хэрэг үүсгэж шалгадаг.
Ил тод байдал, эдийн засгийн өршөөлийн хуулийг баталж гаргах зайлшгүй шаадлагатай гэж үзэж байна. Үүний үр дүнд доод тал нь 6-7 их наяд төгрөг ил болохоос гадна микро төвшний орлого, санхүүгийн тайлан баланс нэг мөр шийдэгдэж, макро төвшинд хуримталсан хөрөнгийг шингээх чадвар нь сайжирна гэдэгт итгэлтэй байгаа. Бас гадаадын хөрөнгө оруулалт ч нэмэгдэх боломжтой. Учир нь тэд санхүүгийн цэвэр, ил тод бичиг баримттай компанид л хөрөнгөө оруулж, хамтарч ажилладаг юм шүү дээ
/Монголын үнэн 2015.05.18 №094/