Эдийн засгийн салбарт өнгөрсөн долоо хоногт Хэн,Юу хэлэв?
Эдийн засгийн салбарт өнгөрсөн долоо хоногт Хэн, Юу хэлсэн талаар танд хүргэж байна. /2015.05.11-2015.05.18/
Сангийн сайд Ж.Эрдэнэбат: Төсвийн орлогын бүрдүүлэлт 250 тэрбумаар тасарсан
Цалин, тэтгэврээ тавьж чадахгүй нөхцөл үүснэ гэж би хэлэхгүй. Учир нь өнөөдрийн байдлаар бид тавих ёстой мөнгөнүүдээ тавиад явж байгаа. Энэ сарын цалинг ч гэсэн тавина. Ер нь орлогын тасалдалтай холбоотойгоор цалин, тэтгэврээ тавьж чадахгүй нь гэж ойлгоод байх шиг байна. Орлогын төлөвлөгөө одоогоор 88 хувийн гүйцэтгэлтэй байгаа тул цалин, тэтгэврээ тавьж чадахгүй нь гэж хэлэх ямар ч нөхцөл байхгүй.
Нөхцөл байдал хүндрэлтэй байгаатай холбогдуулаад хөрөнгө оруулалтын санхүүжилтүүдийг гаргаж чадахгүй байгаа нь үнэн. Гэхдээ цалин, тэтгэврээ тавиад явна. Улсын хэмжээнд цалин, тэтгэвэр болон халамжийн үйлчилгээнд нийт төсвийн 60 хувийг зарцуулдаг. Энэ зардал маань улсын төсвийн маш өндөр хувийг эзэлдэг. Сард 250-260 тэрбум төгрөгийн зардал гаргадаг. Тиймээс төсвийн зардлаа бууруулах асуудал ярихаар эргээд цалин, тэтгэвэр, нийгмийн халамжуудаа танах асуудал руу ордог. Цаашид энэ чиглэлээр тодорхой арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэхээр ажиллаж байна.
/Зууны мэдээ 2015.05.13 №96/
-Цалин тэтгэвэр нэмэхэд хүндрэлтэй
Манай улс цалин, тэтгэвэр халамжийн үйлчилгээний зардалд нийт төсвийнхөө 60 хувийг зарцуулдаг. Төсвийн зардлаа бууруулах талаар ярихаар эргээд л халамжаа багасгах, цалин тэтгэвэр рүүгээ орохоос өөр аргагүй нөхцөл байдал үүсдэг. Нэг сард 250-260 орчим тэрбум төгрөг зарцуулдаг.
Хамгийн гол нь ойлгох ойлголт нь ямар байгаа нь чухал байгаа юм. Бидний зүгээс тодорхой хэмжээний хүндрэлтэй нөхцөл байдал үүсчихсэн байна гэдгийг хэлээд л байгаа. Байдал ингэж хүндэрчихээд байгаа цаг үед төсөвт ачаалал авчиръя гээд байгаа нь улсын төсвийг улам л хүндрүүлэхийн нэр шүү дээ. Том төслүүд маань хөдөлчихвөл манай улсын гадаад нэр хүндийн асуудал дээшлэх байх. Ингэснээр хөрөнгө оруулалтын хэмжээ нэмэгдэнэ. Үүнээс улбаалаад эдийн засагт сэргэлт бий болсноор төсвийн орлого нэмэгдэж таарна. Харин үүний дараагаар төсөвт ачаалал өгдөг өнөөх зардлуудаа шийдвэрлээд явах бололцоотой. Ийм цаг ирэхийг л бид харзнаж байна. Энэ бүх байдлыг хаана хаанаа ойлгох л хэрэгтэй.
/Монголын үнэн 2015.05.13 №091/
УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа: Томоохон аж ахуйн нэгжүүдээ алдаад байвал эдийн засгийг хэн чирч явах юм
Ямар ч байсан Засгийн газар, Сангийн яам төсвийн бодлогын хувьд гаргаад байгаа алдаагаа засах ёстой гэдэгт нааштай алхам хийж эхэлжээ. Өөрөөр хэлбэл, төсвийнхөө зарлагыг бууруулахаас гадна төсвийн алдагдлаа багасгах болон зээлийн хүүгийн төлбөрөө бууруулахад нэлээд ахицтай өөрчлөлт хийх шийдвэр гаргаж эхэлсэн нь харагдлаа.
Амаргүй байна. Ер нь миний харж байгаагаар Монгол Улс Олон улсын валютын сантай тохиролцож, ямар нэгэн хөтөлбөр авахаас өөр гарц үлдсэнгүй. Нэн ялангуяа хувийн хэвшлийнхэн маш хүнд байдалтай байна. Тэр дундаа төсөвтэй холбогдож, тендер аваад хөрөнгө оруулалтын чиглэлээр ажил хийж байгаа байгууллагууд санхүүжилтээ авч чадахгүйд хүрлээ. Үүнээсээ болоод банк, санхүүгийн салбараас авсан зээлээ төлж чадахгүйд хүрч байх жишээтэй. Гэтэл үүний цаанаа банкны чанаргүй зээлийн хэмжээ 700 гаруй тэрбум төгрөгт хүрчихсэн байна.
/Монголын үнэн 2015.05.15 №093/
УИХ-ын гишүүн Д.Ганхуяг: Аж үйлдвэржсэн эдийн засгийн өсөлт тогтворжино
Манай улсын аж үйлдвэрийн салбарын бүтэц нь уул уурхай, хөдөө аж ахуйн түүхий эдэд тулгуурласан, хялбар технологи дээр суурилсан өрөөсгөл бүтэцтэй байдаг. Экспортын бүтээгдэхүүний 81.9 хувийг уул уурхайн бүтээгдэхүүн дангаараа бүрдүүлж байна. Үүний 97 хувийг технологийн багтаамж багатай болон нам технологит бүтээгдэхүүн эзэлж байна. Өөрөөр хэлбэл, манай улсын боловсруулах аж үйлдвэрийн бүтээгдэхүүний экспортод өндөр технологи ашигласан бүтээгдэхүүний эзлэх хувь ердөө 1.5 орчим хувь байгаа нь олон улсын хэмжээнд нилээд доогуур, хангалтгүй үзүүлэлт юм. Энэ бүхэн нь манай улсын аж үйлдвэрийн салбарын бүтээмж, өрсөлдөх чадвар сул байгааг харуулж байна.
Түүх, судалгаанаас харахад Аж үйлдвэрийн бүтцийн өөрчлөлт нь эдийн засгийн өсөлтийн мөчлөгтэй маш нарийн уялдаатай байдаг. Хөгжилтэй орнууд хөдөө аж ахуйн үйлдвэрлэлээс боловсруулах үйлдвэрт чиглэсэн бүтцийн өөрчлөлтийг хийж чадсанаар эдийн засгийн өндөр өсөлтийг бий болгосон байдаг. Бүтээмжийн өсөлт өндөртэй аж үйлдвэрийн салбар руу хүн хүч болон хөрөнгөө шилжүүлэх нь улс орны нийт бүтээмжийг дээшлүүлж, эдийн засгийн өндөр өсөлтийг бий болгох боломжийг бүрдүүлдэг гэсэн үг.
/Ардчилал 2015.05.15 №89/
УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэл: Монгол улс эдийн засгийн хямралд бус санхүүгийн дампууралд орчихсон
Эдийн засгийн хямрал болсон гэдэг худал. Монголд эдийн засгийн хямрал болоогүй. Харин санхүүгийн дампуурал явж байгааг засах тодорхой ажлуудаа хийх хэрэгтэй. Валютын ханш, үнийн өсөлтийн хэмжээгээр төрийн албан хаагчдын цалин, тэтгэвэрийг нэмнэ гэж Засгийн газрын 2012 оны мөрийн хөтөлбөрт тусгасан. Эдгээр нийгмийн тодорхой асуудлыг эрчимжүүлэх хүрээнд шийдэж чадах зүйл байна уу. Иргэдийн орлого багасахын хэрээр дотоодын худалдан авах чадвар муудна. Ингээд жижиг дунд үйлдвэрлэгчдийн үйл ажиллагаа зогсоно. Товчхондоо, дотоодод гинжилсэн сөрөг үр дагавар гарах болно. Үүнийг зөв оношилж, дүгнэлт хийх хэрэгтэй. Одоогийн хэлж буй хүндрэл бол хариуцлагагүй мөнгөө зөв зохицуулж чадаагүйн улмаас санхүүгийн нөөцгүй болж, эцэстээ дампуурсан шинжтэй байна. Манай бүх салбарын эдийн засаг харьцангуй боломжийн байгаа. Харин банк, санхүүгийн салбарт хүндрэлтэй асуудал бий. Монголбанкны төвшинд зарим нэг арга хэмжээ авч байгаа гэж найдаж байна. Засгийн газар 2013 онд үнэ тогтворжуулах хөтөлбөрт гурван их наяд төгрөгийг зарцуулсан. Улсын төсвийн жилийн хагастай тэнцэх хөрөнгөө нэг жилийн дотор гөвөөд хаясан. Тэр алдаагаа засч, өөр байр суурьнаас санхүүгийн доройтлоосоо гарах ёстой.
/Зууны мэдээ 2015.05.12 №95/
Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мөнхбат: Хөгжлийн банк өөрөө мэдээд мөнгө тараадаггүй
Зарим нэг хэвлэл мэдээллийн хэрэгслээр Хөгжлийн банктай холбоотой гүтгэлгийн шинж чанартай мэдээллүүд гарах боллоо. Яагаад ийм мэдээлэл гарах болсныг бидний зүгээс судалж үзсэн. Тэгэхэд хоёр долоо хоногийн өмнө Үндэсний аудитын газраас “Чингис”, “Самурай” бондын зарцуулалт зэрэг хэд хэдэн манай асуудлаар банкны үйл ажиллагаанд хийсэн дүгнэлттэй холбоотой байсан. Энэ бол бондын зарцуулалт дээр Үндэсний аудитын газраас гаргаж байгаа гүйцэтгэлийн хоёр дахь тайлан. Энэ тайланг УИХ-ын Тамгын газрын цахим хуудсанд байрлуулсан байгаа. Гэтэл өөр нэг буруу ташаа мэдээлэлтэй тайланг хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд тараасан байгаа юм. Харамсалтай нь тэд эх сурвалжаа шалгалгүй тараасан. Зарим нь эхнээсээ залруулга гаргаад эхэлсэн байгаа.
Энэ бол зориуд тараасан худлаа мэдээлэл. Хөгжлийн банк сүүлийн хоёр жил ашигтай ажилласан. Зөвхөн өнгөрсөн онд 133 тэрбум төгрөгийн ашигтай ажиллаж, улсын төсөвт 32 тэрбум төгрөгийн татвар төлсөн. Өөрөөр хэлбэл, 101 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан байна. Ер нь Хөгжлийн банк бүхэлдээ Засгийн газрын өмч. Өөрөөр хэлбэл татвар төлөгчийн өмч учраас татвар төлөгчдийн мөнгийг ийм хэмжээгээр өсгөсөн гэсэн үг. Хөгжлийн банк жилд хоёр удаа олон улсын нягтлан бодох бүртгэлийн стандартын дагуу нэр бүхий байгууллагуудаар санхүүгийн аудит хийлгэдэг. Үндэсний аудитын газраас гаргасан тайлан бол санхүүгийн аудит биш. Санхүүгийн аудитыг сонирхъё гэвэл нээлттэй байгаа.
/Үндэсний шуудан 2015.05.11 №088/