Гадаадын шууд хөрөнгө оруулалт -74.2 сая ам.долларт хүрч буурлаа
Монгол банкнаас улирал тутам гаргадаг төлбөрийн тэнцэлийн тухай тайланг гаргажээ. 2015 оны эхний 3 сарын байдлаар гадаад худалдааны тэнцэл өнгөрсөн оны мөн үеэс 385.1 сая ам.доллараар сайжирснаар 376.0 сая ам.долларын ашигтай гарсан бөгөөд үүнд импорт өнгөрсөн оны мөн үеэс 29.5 %-иар буурсан нь голлон нөлөөлжээ.
Экспортын 9.2%-ийн өсөлтөд зэсийн баяжмалын экспорт голлох эерэг нөлөөг үзүүлсэн бол төмрийн хүдэр, чулуун нүүрс болон боловсруулсан нефтийн экспорт сөргөөр нөлөөлжээ. Хэдийгээр экспортын ачилт өссөн эерэг дүр зураг ажиглагдаж байгаа ч Хятадын зах зээл дээрх ган үйлдвэрлэгчдийн бэлэн мөнгөний хомсдол, гэрээний нөхцөл зэргээс шалтгаалан бодит мөнгөн орлого гүйцэтгэлийн түвшингээс нэлээд доогуур байна.
Импортын 29.5%-ийн бууралтад хөрөнгө оруулалтын шинж чанартай бараа бүтээгдэхүүний импортын бууралт голлох нөлөөг үзүүлсэн бөгөөд энэ нь тайлант хугацаанд Монгол улсад орох гадаадын шууд хөрөнгө оруулалт өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 125 %-иар буюу 366.9 сая ам.доллараар буурснаар тайлбарлагдаж байгаа юм.
Манай орны импортын гол бүрэлдэхүүн болох нефтийн бүтээгдэхүүний импорт хилийн үнийн бууралтаас шалтгаалан 75 сая ам.доллараар, хэрэглээний импортод ханшийн тохиргоо хийгдсэнээр 68 сая ам.доллараар тус тус хумигдсан дүр зурагтай байна.
Гадаад худалдааны тэнцэл ашигтай гарсан нь макро эдийн засагт зах зээлийн тохиргоо хийгдэж байгааг илтгэх ч нэг талаас экспортын орлого бүрэн орж ирэхгүй байгаа, нөгөө талаас дотоодын хөрөнгө оруулалтын орчин гадаад зах зээлд эерэг дохио өгч чадахгүй байгаагаас хөрөнгө оруулалтын орох урсгал саарсан нь Монгол улсын төлбөрийн тэнцэл сайжрахад сөргөөр нөлөөлсөөр байна.
Төлбөрийн тэнцэл гэж тодорхой хугацаанд тухайн улсаас бусад улстай хийсэн эдийн засгийн харилцааг нэгтгэн харуулдаг статистик тайланг хэлнэ. Өөрөөр хэлбэл төлбөрийн тэнцэл нь тодорхой хугацаанд оршин суугч болон оршин суугч бус-ын хооронд хийгдсэн худалдаа, үйлчилгээ, орлого, урсгал шилжүүлэг, санхүүгийн болон хөрөнгийн урсгалыг харуулдаг зүйл юм.
Г.Болд
Гадаад худалдааны гүйцэтгэл /сая ам.доллар/
Экспортын барааны гүйцэтгэл, бүтэц /сая ам.доллараар/
Импортын барааны гүйцэтгэл, бүтэц /сая ам.доллараар/