ХЭН ЮУ ХЭЛЭВ? Эдийн засгийн салбарт өнгөрсөн долоо хоног....
Эдийн засгийн салбарт өнгөрсөн долоо хоногт Хэн, Юу хэлсэн талаар танд хүргэж байна. /2015.05.04-2015.05.11/
Үндэсний Аудитын Ерөнхий газрын дарга, Монгол Улсын Ерөнхий Аудитор А.Зангад: Төлбөрийн балансын алдагдлыг хариуцсан байгууллага манайд огт байхгүй
Бид “Засгийн газраас гаргасан үнэт цаас болон Чингис, Самурай бондын хөрөнгийн зар¬-цуулалт, Хөгж¬лийн банкны тухай хуулийн хэрэгжилт, Хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжсэн төслийн үр дүн” гэсэн сэдвийн хүрээнд аудитын ажил хийж үнэлэлт дүгнэлт өгсөн. Манай тайлан www.parliament.mn сайтад бүрэн эхээрээ тавигдсан байгаа. Гадуур хэвлэлээр яваад байгаа шиг тийм тоо баримтууд манай тайланд байхгүй.
Монгол Улсын Хөгжлийн банк хоёр жил гаруйн хугацаанд ажиллахдаа Зас¬¬гийн газрын болон Төлөөлөн Удир¬¬дах Зөвлөлийнхөө шийдвэрийг хэрэгжүүлж ажилласан байна. Гадаад ор¬¬нуудын Хөг欬лийн банꬬнуудын жишгээр ажи묬лахыг эрмэлзэж, УИХ-аар зөвшөөрсөн хэм хэмжээний хүрээнд Засгийн газраар баталгаа гаргуулан өөрсдөө бонд гаргаад, дээрээс нь Засгийн газрын бондыг байршуулж менежмент хийх гэх зэргээр эх үүсвэрүүдийг татан төвлөрүүлж, нэлээд үр ашигтай ажиллаж байгаа юм байна гэсэн дүгнэлт гарсан. Шалгалтын явцад Хөгжлийн банкныхантай ний нуугүй л ярилцана шүү дээ. Ингэж ярьж байхад тус банкны өөрийнх нь хууль эрхзүйн зохицуулалт бусад хуультай зөрчилдөх, бас өөрийнх нь зохицуулалт бүдэг бүрхэг гэх мэт бэрхшээл их л гардаг юм билээ л дээ.
/Өглөөний сонин 2015.05.06 №086/
Монгол улсын ерөнхийлөгч асан П.Очирбат: Монголын эдийн засагт түлхүүр зангилаа болсон хоёр том төсөл бий, гэтэл энийг УИХ дээр саатуулаад байна...
Хамгийн түрүүчийн арга зам бол Тавантолгойн төслийг хэрэгжүүлээд эхлэх. Ингэвэл хөрөнгө мөнгө ороод ирнэ. Тэд хөрөнгө оруулалт чинь Монголын газар нутаг дээр хийгдэнэ. Монголын эдийн засгийг сэргээхэд том түлхэц өгөх юм нь Тавантолгой. Өөр юм байхгүй ээ. Оюутолгойг мөн л Монголын төр саатуулаад байгаа. Энд нууж хаагаад байх юм ерөөсөө байхгүй. Газрын гүнийхээ уурхайн асуудлыг шийдчих юм бол боломжийн мөнгө ороод ирнэ.
/Өдрийн сонин 2015.05.06 №114/
Хөгжлийн банкны захирал Н.Мөнхбат: Хөгжлийн банк өнгөрсөн онд 133 тэрбум төгрөгийн ашигтай ажиллаж, улсын төсөвт 32 тэрбум татвар төлсөн
Хөгжлийн банкыг алдагдалтай ажилласан гэж ташаа ойлголт яваад байна. Гэтэл үнэн хэрэгтээ Хөгжлийн банк нь өнгөрсөн 2014 онд 133 тэрбум төгрөгийн ашигтай ажиллаж, улсын төсөвт 32 тэрбум төгрөгийн татвар төлсөн. Өөрөөр хэлбэл, 101 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан байна. Та бүхэн мэдэж байгаа байх Хөгжлийн банк бол бүхэлдээ Засгийн газрын өмч. Өөрөөр хэлбэл татвар төлөгчийн өмч учраас бид татвар төлөгчдийн мөнгийг ийм хэмжээгээр өсгөлөө гэж хэлж болно.
Хөгжлийн банкны тухай хуульд зааснаар Хөгжлийн банкнаас санхүүжүүлэх төсөл хөтөлбөрийг УИХ-аас батална гэж заасан байдаг. Тэгэхээр УИХ-аас баталсан асуудлыг Засгийн газраас шийддэг. Хууль маань ийм байгаа учраас Хөгжлийн банкны хуулийг сайжруулах хуулийн төслийг бэлтгээд энэ хаврын чуулганд өргөн барих болов уу гэсэн хүлээлт байгаа. Хууль хурдан батлагдаасай гэж хүсч байна.
/Өдрийн сонин 2015.05.11 №089/
Эдийн засагч Ч.Хашчулуун: Эдийн засгаа бүрэн дампууруулах, Оюутолгой төслийн санхүүжилтыг үргэлжүүлэх гэсэн хоёр л гарц байна
Монголын эдийн засгийн сүүлийн тавин жилийн хөгжил мега төслүүдтэй салшгүй холбоотой. 1940, 1950-иад онд эдийн засаг эрчимтэй хөгжиж эхэлсэн. Аж үйлдвэрийн комбинат, Улаанбаатар төмөр зам, Эрдэнэт, гурав, дөрөвдүгээр цахилгаан станц, нисэх гэж ирээд яривал мега гэж хэлэхээр олон төсөл тэр үед эхэлсэн. Энэ төслүүд Монголын эдийн засгийн хөгжлийг түргэтгэсэн. Харин зах зээлийн эдийн засагт орсноос хойш 2005 он хүртэл шилжилтийн 15 жилд ямар ч том төсөл хэрэгжээгүй. Тэр үед Монголын эдийн засаг хүнд байдалд орсон.
Оюу толгой гэж дэлхийн хэмжээний том төсөл хэрэгжиж байгаа учраас бид олон улсын зах зээлд бонд гаргаж мөнгө босгосон.
Эдийн засаг бүрэн дампуурна. Албан ёсоор зарлаагүй л болохоос бүрэн дампуурлын ирмэг дээр ирчихээд байгаа. Саяхан ОУВС манайд тусгай судалгааны бүлэг явуулсан юм билээ. Тэд судалгаа хийгээд ОУВС-ийн дөрөвдүгээр зүйл гэсэн тайланг гаргасныг харлаа. Засгийн өрийн хэмжээ 2015 онд 81 хувьд хүрнэ гэсэн тооцоо гаргасан байсан. Байдал энэ хэвээр үргэлжилбэл эдийн засгийн өсөлт 2015 оныхоос хоёр дахин удааширна гэсэн дүгнэлт гаргасан байна лээ.
Өөр гарц байхгүй. Бидэнд Оюу толгойн хоёрдугаар шатны санхүүжилтийг эхлүүлж жилд тэрбум ам.долларын хөрөнгийн урсгалыг наашлуулах боломж бий. 2020 он хүртэл буюу гүний уурхай ашиглалтад орох хугацаа хүртэл жил бүр хоёр их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт аваад байх боломжтой.
/Өдрийн сонин 2015.05.06 №114/