ХЭН ЮУ ХЭЛЭВ? Эдийн засгийн салбарт өнгөрсөн долоо хоног....
Эийн засгийн салбарт энэ долоо хоногт Хэн, Юу хэлсэн талаар танд хүргэж байна. /2015.04.20-2015.04.27/
Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн: Элчин сайдын яам нээхэд эдийн засгийн хүндрэл нөлөөлж байна
Малайзад Монголын 350 гаруй иргэн, оюутан байна. Бидний хувьд Малайзын талтай идэвхитэй хамтарч ажиллаж байна. Эдийн засгийн шаардлагаар Элчин сайдын яам байгуулахад хүндрэлтэй байгаа. Гэхдээмонголчууд гэмт хэрэгт өртөх, амиа алдахаас урьтаж Малайзын талтай яаж хамтран ажиллах вэ гэдэг асуудалд анхаарч байна. Ш.Алтантуяагийн хэрэг дээр гэхэд дотооддоо ахиц дэвшил муу байна. Тэгэхээр олон улсын төвшинд яаж ажиллах вэ гэдэг нь чухал.
Томоохон төслүүдээ хөдөлгөнө гэж маш олон жил ярилаа. Миний хувьд Гадаад хэргийн сайдын хувьд танхимын гишүүддээ ч хэлж байгаа. Юу гэхээр дотооддоо учраа олж байж урагшаагаа юм яръя гэж. Мөн сайдын хувиар гадагшаа айлчилмааргүй байна. Дотооддоо учраа олоогүй байхад би гадаадад очоод юу ярих юм. Ярих нүүр байхгүй шүү дээ.
/Үндэсний шуудан 2015.04.21 №074/
ХХАА-н дэд сайд Б.Батзориг: Мах болон хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг экспортолно
Энэ жил малын тоо толгой 51.9 сая хүрсэн. Эдийн засаг хүнд байгаа учраас ХХААЯ-наас мах экспортлох, ялангуяа хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн гаргахад анхаарч байна. Энэ зорилгоор 15 аж ахуйн нэгж, 50 хүний бүрэлдэхүүнтэй баг Бээжин хотод ажиллахаар явж байна. Хятадын талаас 100 гаруй компани оролцохоор мэдүүлэг өгсөн. Энэ арга хэмжээ БНХАУ дахь Монголын Элчин сайдын газар зохион байгуулагдах юм. Гол нь мах махан бүтээгдэхүүн болон хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнийг экспортод гаргах боломжийг судлана. Уулзалтын хүрээнд БНХАУ-ын ХХАА-н дэд сайд болон хорио цээрийн дэд сайдтай уулзаж экспортын нөхцлийг тохирно. Энэ удаагийн уулзалт манай улсаас мах, махан бүтээгдэхүүн болон хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнийг экспортлох боломж нээгдэх юм.
Дотоодын махны үнэ өсөхгүй. Манай улс жилд 260 гаруй мянган тонн махны хэрэглээтэй. Тэгэхээр дотоодын хэрэглээнээс гадна дээрх хэмжээний махыг экспортлох бүрэн боломжтой. Хэрэв мах махан бүтээгдэхүүн, таваарын малыг экспортод гаргаснаар малчид мөнгөтэй болохоос гадна эдийн засагт валютын урсгал нэмэгдэх юм. Зөвхөн уул уурхайгаас хараат эдийн засагтай байсан үе бидэнд бий.
/Зууны мэдээ 2015.04.22 №81/
Монголын ахмадын чөлөөт холбооны тэргүүн Г.Баасан: Банкууд таалийгаачдаас зээлээ хүүтэй нь авч чадаж байна
Одоо тэтгэврийн зээлийн сарын хүү 1.5-2 хувь байна. Жилийн 18-20 хувийн хүүтэй зээлийг өндөр орлоготой том компаниуд ч авч дйилэхгүй. Гэтэл тэтгэвэрээс өөр ямар ч орлогогүй ахмадуудад дэлхийн банкуудын зээлийн хүүгийн бодлогын ангиллаас онцгой эрсдэлтэй, хамгийн өндөр хүүтэй зээл олгож байна. Банкууд нийгмийн хариуцлагаа ухамсарлаж хүүгээ бууруулаж болно. Хүсэхгүй байгаа болохоор олон шалтгаан тоочсоор байна. Банкууд таалийгаачдаас зээлээ хүүтэй нь авч чадаж байна
/Өдрийн сонин 2015.04.24 №103/
Залуу ерөнхийлөгчийн байгууллагын монгол дахь салбарын дэд тэргүүн Ц.Эрдэнэбат: Бизнес хүнтэй адил насжилттай байдаг
Эдийн засгийн хямрал макро орчиндоо хүнд байна. Цаашид хүндрэх төлөв ажиглагдаж байна. Түүнээс гадна төрийн хяналт, шахалт дарамт бизнесийг хүндрүүлж байгаа юм. Өөрөөр хэлбэл, эдийн засгийн форум дээр хүмүүсийн хэлж байсан шударга ёс байхгүй бол төр зохион байгуулалттай дээрмийн бүлгээс өөрцгүй гэдэгтэй санал нэг байна. Эдийн засгийн хүндрэлийг хүнтэй харьцуулбал өвчтэй байна гэсэн үг. Гэхдээ хавдар туссан байх магадлалтай. Тиймээс зайлшгүй, нэн даруй яаралтай арга хэмжээ авах хэрэгтэй. Яагаад гэвэл, манай улсын эдийн засгийн тоон үзүүлэлтээс харахад өрийн хэмжээ тулгамдаж буй асуудал. Тэр дундаа хувийн секторын өрийн хэмжээ. Бизнес эрхлэгчид болон үйлдвэрлэгчдээ зөв талаас нь дэмжсэнээр эдийн засаг богино хугацаанд сэргэх боломж бий. Бизнес хүнтэй адил насжилттай байдаг.
/Зууны мэдээ 2015.04.22 №81/
“Замын-Үүд” чөлөөт бүсийн захирагчийн үүрэг гүйцэтгэгч Д.Баасандорж: Замын-Үүд чөлөөт бүсэд ажил эхлэх боломж бүрдсэн
Дэд бүтцийн дөрвөн багц ажил явж байгаа. Зөвхөн чөлөөт бүстэй холбоотой биш, Замын-Үүд сумын дэд бүтцийг сайжруулж байна. Тухайлбал, 90 мегаваттын дулааны станц, цахилгаан, усан хангамж ариутгах татуургын байгууламж, авто зам холбооны ажлууд хийж байгаа юм. Энэ ажил БНХАУ, Монгол Улсын Засгийн газрын хооронд хийсэн хөрөнгө оруулалтаар барьж байна. Хятад Улсаас 50 сая ам.доллар, харин Монгол Улсаас 8.8 сая ам.долларын хөрөнгө оруулсан. Эдгээр ажлаас дулаан, цахилгаан хангамжийн дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажил дуусч байна. Мөн авто зам, холбоо, усан хангамж ариутгах татуургын ажлыг ирэх наймдугаар сард төлөвлөсөн хугацаандаа хүлээлгэж өгөх болно.Замын-Үүд чөлөөт бүсэд үйл ажиллагаа эхлэх боломж бүрдсэн гэдгийг хөрөнгө оруулагчдад харуулахыг зорьж байна. Мөн манай бүсэд үйл ажиллагаа эрхлэх хүсэлтээ илэрхийлсэн аж ахуйн нэгжүүд бий. Энэ удаагийн уулзалтад оролцох хөрөнгө оруулагчид төслөө аваад ирэхийг уриалж байна. Манай үүд хаалга та бүхний өмнө нээлттэй байх болно.
/Зууны мэдээ 2015.04.23 №84/