ХЭН ЮУ ХЭЛЭВ? Эдийн засгийн салбарт өнгөрсөн долоо хоног....
Боловсролын салбарт энэ долоо хоногт Хэн, Юу хэлсэн талаар танд хүргэж байна. /2015.04.13-2015.04.17/
Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат: Хөрвөх чадвартай мэргэжилтэн бэлтгэнэ
“Эдийн засгийн хүндрэлтэй энэ үед хэрэглэгчид хэрсүүжиж, чанаргүй өндөр үнэтэй хэрэглээгээ хязгаарлаж, ухаалаг сонголт руу шилжиж, баялаг бүтээгчдээс илүү чанартай, зохист үнэтэй бүтээгдэхүүнийг шаардаж байна. Өнөөдөр жижиг, дунд үйлдвэрүүдэд хөрвөх чадвартай мэргэжилтэн, түлхүүр инженерүүдийг бэлтгэх, түүхий эдийн бэлтгэн нийлүүлэлтийн шинэ зохион байгуулалт хийх, үйлдвэрлэлийг шинжлэх ухааны үндэслэлтэй зах зээлийн тооцоо судалгаатай эрхлэх мэргэжлийн баг хэрэгтэй байна. Иргэд үнэ хөөрөгдсөн чанаргүй импортын бараанаас татгалзаж байгаа нь дотоодын үйлдвэрлэгчдэд бүтээгдэхүүнээ борлуулах өргөн боломжийг олгож байна. Энэ цаг үеийг зөв ашиглах хэрэгтэй.
Аж үйлдвэрийн яамнаас үйлдвэрлэлд шинэ техник технологийг нэвтрүүлэх зорилгоор Төр – Хувийн хэвшил – Шинжлэх ухааны байгууллагуудтай хамтран ажиллах замаар залуучуудын инновацийн дэмжих хөтөлбөрийг боловсруулна. Уг хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ залуучуудын шинэлэг санаан дээр үндэслэн шинжлэх ухааны байгууллагууд ажлын байр, тоног төхөөрөмж, мэргэжлийн тусгай зөвлөгөөг өгөх технопарк байгуулах, харин төрөөс гарааны хөрөнгө оруулалтаар дэмжих замаар хэрэгжүүлэх аж. Ингэснээр техник, технологийн чиглэлээр сурч буй болон төгссөн залуучууд төслөө боловсруулж хамрагдах боломж бүрдэх юм байна.
/ news.mn 2015.04.14 /
УИХ-ын гишүүн Ц.Дашдорж: Цэц нь эдийн засгийн бодлогоо нураахад хутгалдаад байна
Үндсэн хуулийн Цэцийн гаргасан дүгнэлтэд үнэхээр сэтгэл дундуур байгаа. Бас харамсаж байна. УИХ бол төрийн эрх барих дээд байгууллага. УИХ төрийн гадаад, дотоод бодлогын ямар ч асуудлыг бие дааж шийдвэрлэх эрхтэй гэж Үндсэн хуульд заасан. Ер нь сонгогчдын өмнө ямарч хариуцлага хүлээдэггүй, улс төрийн томилгоогоор томилогддог хэдхэн хүн ардчилсан сонгуулиар байгуулагдсан УИХ-ийн шийдвэрийг дураараа хүчингүй болгож, хуулийг хэрэгжихгүй байх нөхцөлийг бүрдүүлж байгаа нь Монголын ардчилалд үнэхээр хортой. УИХ-ын гишүүд ямар хууль баталж байгаагаа сонгогчдынхоо өмнө л хариуцах ёстой. Өнөөдөр УИХ дотоод асуудлаа хүртэл өөрөө шийдэх эрхгүй болчихоод байна шүү дээ.
Гадаадын хөрөнгө оруулалтыг хязгаарлах тухай хуулийг өмнөх УИХ баталсан. Гэтэл гадны хөрөнгө оруулалтын хууль батлагдсанаас хойш өнөөдөр эдийн засаг ямар хэмжээнд хүрчихэв. Ийм байхад бид дахиад Гадаадын хөрөнгө оруулалтын хуулийг шинэчилж баталлаа. Сонгуулийн өмнө 17 хувь хүрч дэлхийд гайхагдаж байсан эдийн засаг, дараа жил дөнгөж гуравхан хувийн өсөлттэй байхаар байна. Энэ бол Олон улсын байгууллагаас гаргасан судалгааны урьдчилсан прогноз. Гадаадын хөрөнгө оруулалтын хуульд өөрчлөлт оруулах асуудлыг нийт гишүүдийн гуравны хоёроос доошгүй саналаар шийдвэрлэнэ гэсэн заалт бол улстөрчид хамаагүй шийдвэр гаргахгүй байя, Монгол Улс гадаадын хөрөнгө оруулалтын талаар нэлээд нухацтай хэлэлцэж, том зөвшилцөлд хүрч байж л шийднэ гэсэн үг байсан л даа. Харин Цэцийн шийдвэр гармагц хөрөнгө оруулагчид дахиад л хойшоо суучихна. Ерөөсөө энэ монголчууд бүтэхгүй хүмүүс байна гэсэн сөрөг мессежийг дахиад л явуулчихлаа шүү дээ.
/Өнөөдөр 2015.04.16 №095/
Нэйшил Лайф Даатгал ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Монголхүү: Монгол улсад анх удаа хувийн тэтгэврийн даатгалын тогтолцоо бий боллоо
Бид удаан хугацаанд судалгаа хийж дотоодын нөхцөлд тохирсон, даатгуулагчид шууд үр нөлөөгөө үзүүлэх тэтгэврийн даатгалыг бий болгохыг зорьж ажилласан. Үр дүнд нь “Тэнүүн Амьдрал” тэтгэврийн даатгал маань энэ жил нээлтээ хийж байна. Бас нэг онцлох зүйл нь манай компани Монгол улсын хэмжээнд хамгийн олон 540 салбар нэгжтэй “Төрийн Банк”-тай энэ оны нэгдүгээр сард хамтран ажиллах гэрээ байгуулсан явдал юм. Ингэснээр “Төрийн Банк”-ны салбар нэгжүүдээс “Тэнүүн Амьдрал” тэтгэврийн даатгалыг авах боломж нээгдэж, даатгалын маань хүрээ улам тэлж байгаад баяртай байна.
Энэхүү даатгалд нийгмийн даатгалд хамрагдаагүй иргэд, ирээдүйд хангалттай хэмжээний тэтгэвэр авахыг хүсч байгаа хэн бүхэн хамрагдаж болно. Мөн “Тэнүүн Амьдрал” даатгалыг нийтэд зарласнаас хойш албан байгууллагууд ажилчиддаа авахаар ихээхэн сонирхож байна. Даатгалын маань нэг онцлог бол даатгуулагч хэдий хэмжээний тэтгэвэр авахаа өөрөө сонгодог бөгөөд тухайн хүний хураамж зөвхөн өөрийнх нь дансанд хуримтлагддагаараа онцлогтой.
Энэхүү даатгалын гол давуу тал нь даатгуулагч тасралтгүй 5 жил хураамжаа төлсөн бол хүссэн үедээ тэтгэврээ авч эхлэх боломжтой. Хэрэв 5 жилээс өмнө мөнгөний хэрэгцээ гарвал үүссэн хуримтлалаа өгөөжийн хамт авч болно.
Тэтгэврийн даатгал бол залуу хүмүүсийн хувьд ирээдүйдээ хийж буй ухаалаг хөрөнгө оруулалт юм. Тиймээс өнөөдөр тэтгэвэртээ зориулж хуримтлуулж буй төгрөг бүр тань хэдэн жилийн дараах санхүүгийн зорилгодоо хүрэх гүүр болох учраас эрт эхлэх тусам илүү ашигтай гэдгийг хэлмээр байна.
/Өдрийн сонин 2015.04.13 №092/
Эрдэс баялгийн эдийн засагч Л.Наранбаатар: Тавантолгой урагшилснаар манай улс Азийн номер нэг тоглогч болно
Нүүрсний үнэ буурч, өсөх нь мөчлөгийн л зүйл. “Coal Mongolia” чуулган анх болж байхад дэлхийн зах зээлд нүүрсний үнэ маш өндөр буюу супер циклийн оргил үе дээрээ байсан юм. Энэ үед нь бид дэд бүтцээ хурдан барья, авто болон төмөр замаа хурдавчилъя, үйлдвэрлэл, борлуулалтын нэгдсэн нэг бодлогоор Хятад болон гурав дахь зэх зээлд нүүрсээ гаргая хэмээн ярилцаж байлаа. Цаг хугацаа их алдсан. Төмөр за маа барих хугацаан дээрээ алдлаа. Сан-хүүжилтээр шийдэх дээрээ алдсан. Өргөн, нарийн ца ригийн алинийг сонгох дээрээ мөн л хугацаа алдсан. Энэ алдсан хугацаанд харин бидний өрсөлдөгчид хожсон.
Монголын нүүрснийг худалдаж авах сонирхол өнөөдрийг хүртэл байсаар байгаа нь үнэн. Тиймээс бид цаг алдалгүй хоёр хөрштэйгөө ойлголцох шаардлагатай болж байна. Учир нь манай улсын нүүрс өмнөд хөршийн хилийг давж байж гуравдагч зах зээлд гарна. Үнэндээ нүүрсний салбарын ирээдүйд улстөрчдийн популизмууд маш хүчтэй нөлөөлж байна. Иргэний хөдөлгөөнүүд хөрөнгө оруулагчдыг хөөж явууллаа гэж яриад байдаг юм. Харин бодит байдал дээр ордон дотор сууж байгаа нөхөд хөрөнгө оруулалтыг үргээж байгаа. Үүнийг л засах ёстой. Түүнчлэн Монгол Улс томоохон сорилтуудтай тулгарч байгаа. Зах зээлийн хүндрэл, улстөржилт, төмөр замын гацаа гэх мэт. ”Тавантолгой” урагшилснаар Монгол улс Азийн коксжих нүүрсний зах зээл дээр номер нэг тоглогч болно гэсэн үг.
/Монголын үнэн 2015.04.14 №070/