Хойд Америк, Монголын бизнесийн зөвлөлийн уулзалт болов
Хойд Америк, Монголын бизнесийн зөвлөлийн 24 дүгээр уулзалт энэ сарын 22-23-нд Оттава хотноо болж, Монгол Улсын Уул, уурхайн дэд сайд О.Эрдэнэбулган, Канадын Гадаад хэрэг, худалдаа, хөгжлийн дэд сайд Сузан Грегсон, АНУ-ын Худалдааны департаментын төлөөлөгч Брайн Эрвин нар тэргүүлэн оролцов. Түүнчлэн Монгол, Америк, Канадын төр, засгийн төлөөлөл, бизнес эрхлэгчид зэрэг 50 шахам төлөөлөгч оролцов.
Уул, уурхайн дэд сайд О.Эрдэнэбулган уулзалтад үндсэн илтгэгчээр оролцож, Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй шинэчлэлийн бодлого, үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй илтгэл тавьж, уул, уурхайн салбарын шинэчлэл, гадаадын хөрөнгө оруулалтын шинэ бодлого, тогтвортой орчны талаар мэдээлэл хийсэн нь чухал ач холбогдолтой болов.
ХАМБЗ-ийн дарга, АНУ-аас Монгол Улсад сууж байсан элчин сайд Памела Шлуц Монгол Улсын эдийн засгийн хөгжлийн өнөөгийн байдлын талаар илтгэл тавьж, Канад Улсаас Монгол Улсад сууж байсан элчин сайд Анаа Биолик Монгол Улс, Канадын харилцаа, хамтын ажиллагааны талаар дэлгэрэнгүй мэдээлэл хийв.
Уулзалтын үеэр оролцогчид Хойд Америк, Монголын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалтын боломж, уул уурхай, байгалийн баялаг ашиглах зэрэг сэдвээр 10 орчим илтгэл, мэдээлэл хийж, санал солилцов.
Үүний хүрээнд Монгол Улсын Уул, уурхайн яам, Канадын Зөвлөх үйлчилгээний байгууллага (SECO) хооронд хамтын ажиллагаа хөгжүүлэх тухай Санамж бичигт Уул уурхайн дэд сайд О.Эрдэнэбулган, Канадын Зөвлөх үйлчилгээний байгууллагын гүйцэтгэх захирал Винду Харисс нар гарын үсэг зурлаа.
Монгол Улсын уул, уурхайн салбарын тогтвортой хөгжлийг дэмжих, уул уурхайн салбарын мэргэжилтнүүдийн чадавхийг дээшлүүлэх, туршлага солилцох нь энэхүү Санамж бичгийн үндсэн зорилт бөгөөд тус байгууллагын төлөөлөгчид ирэх 5 дугаар сард Монгол Улсад очиж Санамж бичгийн хүрээнд хэрэгжүүлэх тодорхой төсөл, хөтөлбөрийг эцэслэн тохиролцох юм.