Казино байгуулах талаар Хэн, Юу хэлэв?
Засгийн газрын өнгөрөгч долоо хоногийн даваа гарагийн хуралдаанаар нэлээд олон хуулийн төслүүдийг Засгийн газарт өргөн мэдүүлэхээр болсон юм. Үүний нэг нь Казиногийн тухай хуулийн төсөл. Аялал жуулчлалын салбарыг бүрэн утгаар нь хөгжүүлэх эндээс орж ирэх мөнгийг нэмэгдүүлэх зорилгоор Монгол Улсын чөлөөт бүсэд хоёр газар казино байгуулах нь зөв гэж үзсэн учраас энэхүү хуулийн төслийг өргөн мэдүүлээд байгаа юм.
Монгол Улсын эдийн засгийн өсөлтийг хангахад дэмжлэг үзүүлэх, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, ажлын байрыг шинээр бий болгох, аялал жуулчлалын салбарын хөгжлийг эрчимжүүлэх, үр ашгийг нэмэгдүүлэх зорилгоор казиногийн үйл ажиллагааг эрхлэх эрх зүйн орчныг бий болгох шаардлага тулгарч байна байна гэж хууль санаачлагчдын зүгээс үзэж байгаа билээ. Тэгвэл Казино байгуулах асуудалд улс төрчид ямар байр суурьтай байгааг хүргэж байна.
БОНХЯ-ны сайд Д.Оюунхорол: Олон казино байгуулах нь дэмий
Олон казино байгуулах нь дэмий гэж үзэж байна. Үндэсний аюулгүй байдал, эмх замбараагүй байдал бий болох магадлалтай гэж үзсэн учраас эхний ээлжинд дэлхийн жишигт нийцсэн казиног загвар болгож байгуулахаар болсон. /Өглөөний сонин 2015.04.09 №067/
УИХ-ын гишүүн О.Басанхүү: Казиногийн хууль батлуулах гэж байгаа эрхмүүд хэн гэдэг хүн казино байгуулах гэж байгааг шууд хэлчих хэрэгтэй
Тэгэхгүй бол нийгэмд хардалт үүснэ. АН,МАН хоёр нууцаар ярьж хэлэлцээр байгуулах гэж байгаа юм уу, Энэ хуулийг батлахын тулд холбогдох хуулиудад өөрчлөлт оруулах хэрэгтэй.МАНАН –ийнхан ард түмнээ бодож аялал жуулчлалыг хөгжүүлэн, долларын урсгалыг нэмэгдүүлэхээр ийм хууль оруулж байна уу, аль эсвэл сонгуулийнхаа мөнгийг олох гэж байна уу гэдэг нь ойлгомжгүй байна л даа. Яагаад Япон улс казино байгуулдаггүй юм бэ. АНУ, Солонгос, Макао-д ямар зарчмаар казино байгуулагдаж байгааг бодох ёстой. Казиног ажиллуулдаг нөхдүүд сүлжээ маягаар ажилладаг болохоос иргэн Дорж байшингаа барьчихаад казино байгуулаад тэнд нь энд тэндээс хүмүүс ирж тоглодоггүй. Миний хувьд хууль батална гэж ярихаасаа өмнө хаанаас хэн орж ирж Монголд казино байгуулах гэж байгааг олон нийтэд зарлах ёстой. Казиногийн хууль батлангуут хэн нэгэн орж ирдэггүй. Харин казино байгуулах гэж байгаа нөхдүүд захиалгаа өгч, хууль батлуулах гэж байгаа. /Өглөөний сонин 2015.04.09 №067/
УИХ-ын гишүүн М.Зоригт: Казино бол нэг ёсондоо программ хангамж
-Хуулийн зохицуулалт байх ёстой. Зохицуулалт гэдэг нь зөвшөөрч болно, эс зөвшөөрч болно, хатуу шаардлагатай байж болно, зөөлөн байж болно. Ерөнхийдөө Монгол төрийн зохицуулалт казино байгуулахад хэрэгтэй. Миний бодлоор казиног хот суурин газраас хол байгуулмаар санагддаг. Жишээ нь Дорнодын Халх голд нөмрөгийн дархан цаазат газар бий. Хятад улстай Өвөр Монголын өөртэй засах орны Хянган аймгийн Рашаант хот гэж байдаг. 70 гаруй төрлийн рашаантай, олон улсын нисэх онгоцны буудалтай, хурдны зам, галт тэрэг гээд дэд бүтэц хөгжсөн газар бий. Хятадууд дэлхийн Макао маягийн аялал жуулчлалын хот болгох зорилготой юм билээ. Рашаант хот Монголын хилээс ердөө 60 км зайтай. Хэрэв казино байгуулах юм бол тэнд л барих нь зөв. Дэлхий дээр казино тоглож байгаа хүмүүсийн бараг 90 хувь нь Хятадууд. Монголчууд очоод тоглоё гэхээр Чойбалсангаар 400 км явна. Боломжтой бизнесмэнүүд нь зорьж очоод тоглодог юм байгаа биз. Гол тоглогчид нь хятадууд байх болов уу гэсэн бодол байдаг. Өмнө нь Улаанбаатар хотод “Чингис” зочид буудалд казино байгуулчихаад олон залуус орон байргүй болж, гудамжинд гарч байсныг мартдаггүй юм. Гэхдээ шууд хориглож болохгүй. Тодорхой хязгаартай байх ёстой. Жишээ нь төрийн алба хаагч, насанд хүрээгүй хүн тоглож болох уу гээд зохицуулалт хийж болно. Бас орлогын байдлыг ч харгалзаж болно. Төсөл өргөн баригдсан, одоо ажлын хэсгүүд ажиллаад янз бүрийн санаачлага гаргах байх.
УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин: Казино байгуулах нь Монгол улсын хувьд үнэхээр чухал
Улс орнууд томоохон спортын тэмцээний санхүүжилтийг казиногоос авч байна. Томоохон худалдаа арилжааны төвүүдийг дэргэд нь байгуулж байна. Казиног дагаад олон нийтийн аюулгүй байдалтай холбоотой асуудал ороод ирдэг учраас гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, хууль сахиулах үүднээс бэлтгэлтэй байх ёстой. /Өглөөний сонин 2015.04.09 №067/
УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэл: Казиногийн хуулийн цаана ярих асуудал бий
Казино байгуулаад их ашиг олчих юм шиг яриад байна. Би хувьдаа эргэлзэж байна. Казино байгуулна гэдэг дэд бүтэц шаардана.Манайхан Хөшигийн хөндийд байгуулна гэх зэргээр ярьж байгаа юм билээ. Хууль нь хэлэлцүүлгийн шатанд орж ирэхээр тодорхой болох биз дээ. Би хувьдаа ач холбогдол өгөхгүй байгаа. Зан суртахууны хувьд яаж төлөвших юм. Ёс суртахууны хувьд яаж төлөвших, түүнийг тойрсон бусармаг үйл явдал маш их гардаг. Түүнээс хэрхэн сэргийлэх вэ гэдгийг ч ярилцах ёстой. Монголын ард түмэн тоглож наадах дуртай ард түмэн. Муушиг тоглож л байдаг. Үүнийг зохицуулалтаар шийдэхгүй бол хойч үеэ мөрийтэй тоглоомд оруулах вий.
УИХ-ын гишүүн С.Ганбаатар: Монголчууд маань донтох вий гэдгээс сэргийлсэн гаргалгаа, судалгаа хаана байна
Казиногийн хууль нэгэнт Засгийн газар өргөн барьсан бол давуу тал нь юу юм бэ ойр тойрны Орос, Сибирь, Хятад гэх мэт Зүүн өмнөд Азийн баян мөнгөтэй хүмүүс Монголд ирж тоглохдоо татвар төлөх, ажлын байр бий болгох, орлого оруулна гэх зорилготойгоор оруулж ирж байгаа санаатай байх. Мөн үүнийг хийх гэж байгаа бол ийм казино Монгол Улсын ойр орчимд алга байна. Үүнийг бий болгох хэрэгтэй гэсэн судалгаагаа гаргах хэрэгтэй. Хамгийн гол нь Монголын жирийн залуучуудад казино муу үлгэр дуурайлал болох вий гэдгийг анхаарах ёстой. Монголчууд маань донтох вий гэдгээс сэргийлсэн гаргалгаа, судалгаа хаана байна. Залуучууд казинод донтоод эндээс салахаа больчихвол манай үндэсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлнө. /www.mminfo.mn/
УИХ-ын гишүүн Лу.Болд: Манай хойд хөрш бол нэлээд алс хязгаар бүс нутагт казино байгуулж төвлөрүүлсэн байдаг Хятадад бол хориотой байгаа. Монголд бий болговол гадны аялал жуулчдыг татах бололцоотой юм. Гэхдээ харин хаана вэ гэдгийг сайн бодох хэрэгтэй гэж үзэж байна. Тодорхой улс орон казиногоос хүн амаа хол байлгах үйл ажиллагаа авдаг байгаа. Бид олон талаас нь бодох хэрэгтэй гэж үзэж байна./ zindaa.mn/
Алтанбулаг худалдааны чөлөөт бүсийн Захирагч Ч.Чимэдсүрэн: Хөрөнгө оруулагчдын зүгээс хүсэлтээ тавибал казино байгуулах боломж нь нээлттэй
Казино гэдэг өөрөө тодорхой стандарттай шүү дээ. Тэрхүү стандартыг дэлхий нийт мөрдөж байна. Тэнд казиногоос гадна зочид буудалтай, ресторантай байх ёстой гээд гээд олон тодорхой стандарттай байхыг шаарддаг.
Харин манай чөлөөт бүсийн тухай хуульд казиног төлбөрт, бооцоот тааварт тоглоом гэсэн Монгол нэршлээр оруулж, үүнийг байгуулж болно оо гээд оруулж ирсэн байгаа. Тэгэхээр энэ нь чөлөөт бүсэд казино байгуулах нь нээлттэй гэсэн үг.
Гэхдээ казиногийн тухай хууль баталж байж тусгай зөвшөөрлийнх нь асуудал яригдана гэдгийг санах хэрэгтэй. Казиногийн тухай хуулиар чөлөөт бүсэд бооцоот, тааварт тоглоом байгуулах асуудал тусдаа асуудал шүү. Харин чөлөөт бүсэд энэ нь нээлттэй.